Английн шигшээ багийн дасгалжуулагч асан, швед мэргэжилтэн Свен-Горан Эрикссон Иракийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.
Хэдхэн хоногийн өмнө Туркийн Истанбул хотод С.Эрикссон Иракийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзсан юм. Ингээд хэд хэдэн ажлын саналыг бодож үзсэний эцэст Иракийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд зүтгэхээр шийдсэн гэнэ.
С.Эрикссон 2001-2006 оны хооронд Английн шигшээ багийг удирдсан туршлагатай. Хоёр дэлхийн аваргад багаа шөвгийн наймд хүргэсэн юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Лестер”, Мексикийн шигшээ баг болон Кот Д’Ивуарын шигшээг дасгалжуулсан. Харин 2013 оноос Хятадын “Шанхай”, “Шензен” хотын багт менежерийн ажил хийсэн юм.
Иракийн шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансаагаар 89-д бичигдэж буй. Тэд наймдугаар сарын 4-нд Палестиний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх бөгөөд нэгдүгээр сарын 8-нд Азийн АШТ-ий хэсгийн шатанд Вьетнамтай хүч үзэх аж.