Өмнөд Азийн найман оронд Ла лиг үнэгүй цацагдана

“Facebook” компани Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутагт ноёрхлоо тогтоохын тулд Испанийн Ла лигийг тус бүс нутагт үнэгүй цацах эрхийг худалдан авлаа. Тус компани Леонил Месси тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг гурван жил эзэмших юм. Үүгээр ч зогсохгүй ирэх баасан гаригт нээлтээ хийх шинэ улирлаас эхлээд бүх 380 тоглолтыг дамжуулна. Ийм эрх эдлэх найман улсаар Энэтхэг, Афганистан, Бангладеш, Бутан, Балба, Малдивийн арал болон Шри Ланка, Пакистан улс байх аж.

Энэтхэг улсад Ла лигийн тоглолт шууд дамжуулах эрхийг өмнө нь “Sony Pictures Network” эзэмшиж байсан юм. Тэд 2014 онд дөрвөн жилийн хугацаанд 32 сая ам.доллароор уг эрхийг худалдаж авсан. Харин өдгөө “Facebook” ямар үнээр дээрх эрхийг авсан нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 90 сая “ногоон” гэж таамаглаж буй. Энэ нь “Facebook”-ийн шууд дамжуулж буй анхны спорт контент биш. Тус компани MLB (мэргэжлийн бэйсболын лиг)-гийн улирлын 25 тоглолтыг шууд дамжуулах эрхийг 1 сая ам.доллароор худалдаж авсан. Ингэхдээ уг спортыг сурталчлах зорилгоор дэлхий дахинд үнэгүй үзүүлдэг. Сонирхуулахад, ирэх улирлаас “Amazon” Английн дээд лигийн 20 тоглолтыг өөрсдийн төхөөрөмжөөр шууд дамжуулах эрх авсан юм.

“Facebook”-ийн Олон улсын тэмцээн уралдааныг шууд дамжуулах салбарын захирал Петер Хаттоны мэдээлснээр тус компани цаашид ч спортын шууд дамжуулах цар хүрээгээ улам бүр тэлэхээр төлөвлөсөн аж.

Испанийн Ла лигийг үздэг хүмүүс Энэтхэгт олон бий. Үүний баталгаа нь 2016 онд Шинэ Дэли хотод Ла лигийн салбар байгуулагдсан явдал. Тус салбарын менежер Хосе Антонио Качаса “Энэ бол эхний алхам юм. Бид цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа” гэж ярьсан байна.

Зөвхөн Энэтхэгт “Facebook” хэрэглэдэг 241 сая хэрэглэгч бий. Энэ нь АНУ-ын нийт хэрэглэгчидтэй тэнцүү тоо аж. Гэхдээ цаашид энэ тоо өсөх магадлалтай.

Өнгөрсөн жилийн байдлаар Энэтхэгийн хүн ам 1.3 тэрбумд хүрсэн. Энэ тоо 2030 онд 1.5 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Энэ жил 500 сая хүн шинээр интэрнэт холбогдсон мэдээлэл ч байгаа юм.

Гэхдээ энэ шийдвэр Энэтхэг болон тус бүс нутагт амьдардаг ихэнх иргэдэд таалагдаагүй бололтой. Тэд интэрнэтээр бус зурагтаар үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, багагүй бухимдаад амжсан.

“Facebook”-ийн ерөнхий захирал Марк Цукерберг дэлхий даяар амьдарч буй таван тэрбум хүнийг холбох хүсэлтэй байгаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ талаар Испанийн Барселона хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэр мэдэгдэл хийж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс Энэтхэг болон Өмнөд Азийн энэ бүс нутгийн хэрэглэгчдийг татах арга зам хайж байсан юм. Өнгөрсөн жил түүний удирддаг компани Энэтхэгийн крикетийн лигийн шууд дамжуулах эрхийг 610 саяар худалдаж авахаар санал тавьсан ч цаадуул нь татгалзсан хариу өгсөн гэдэг.

 

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *