Английн шигшээ багийн ахлагч асан Жон Террид ОХУ-ын “Спартак Москва” клуб нэг жилийн гурван сая фунтын цалин амласан ч гэр бүлийн шалтгаанаар Москвад очихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Өдгөө 37 настай Ж.Терри өнгөрсөн долоо хоногт Ром хотод эмнэлгийн үзлэгт хамрагдсан юм. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ийм шийдвэр гаргасан гэж хувийн мэдэгдэлдээ дурджээ.
Ж.Терри “Челси” клубт 700 гаруй тоглолтод оролцож, Премьер лиг болон Холбооны цомыг тус бүр таван удаа өргөж, 2012 онд Аваргуудын лигт түрүүлсэн юм.
Харин өнгөрсөн улиралд “Астон Вилья”-гийн бүрэлдэхүүнд 36 тоглолт хийсэн билээ. Одоогоор Ж.Терри хуучин багтаа үлдэх үү, эсвэл шинэ баг сонгох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа аж.