Хөлбөмбөг: Никлас Бентнер 50 хоног хоригдох ял авчээ

Норвегийн “Русенборг” багийн довтлогч Никлас Бентнер таксины жолоочид халдсан хэргээр шүүхээс 50 хоног саатуулагдах ял авчээ. Энэ талаар анх Данийн “B.T.” сонинд хэвлэгдсэн байна.

Цагтаа Английн “Арсенал” клубийн шилдэг довтлогч байсан Н.Бентнер давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүнд зодуулсан гэх азгүй жолооч эр эрүүний хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ. Хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 9-нд болсон бөгөөд Н.Бентнер найз охиныхоо хамт таксигаар хүргүүлж ирээд маргаан болсон бололтой.

Н.Бентнер таксины жолоочид гар хүрсэн гэдгээ өөрөө үгүйсгээгүй. Гэхдээ биеэ хамгаалахын тулд ийм үйлдэл гаргасан гэж шүүгчид өчсөн юм. Нэртэй хүнийг хүргэж өгсөн таксины жолооч их үнэ хэлснээс тэдний хооронд маргаан үүсч, улмаар Н.Бентнер найз охиныхоо хамтаар төлбөрөө төлөлгүй машинаас буусан гэнэ. Үүний дараа таксины жолооч тэдэн рүү усны сав чулуудсан тул Н.Бентнер хариуг нь өгсөн бололтой.

“Русенборг” клубийн зүгээс Н.Бентнерийн хэрэг яаж ч шийдэгдсэн тус багийн тоглогч хэвээр байна гэж зарласан билээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *