Английн хоёрдугаар дивизионы “Макклесфелд” клубийн шинэ менежерээр Сол Кэмпбелл томилогдлоо. Тэрбээр анхны ажлаа хүлээн авч, 18 сарын гэрээ байгуулжээ.
Английн “Арсенал” болон шигшээ багийн хамгаалагч байсан Сол Кэмпбелл 2012 онд хөлбөмбөгөө орхисноос хойш зургаан жилийн дараа менежерийн ажилд томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн дасгалжуулагч Марк Йатесийг орлож, “Макклесфелд” клубийг удирдах юм.
Сол өмнө нь Английн 21 хүртэлх насны шигшээ багт тамирчдыг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, шигшээ багийн албанаас дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн ч одоо л жинхэнэ дасгалжуулагчаар томилогдож байгаа аж.
Өдгөө 44 настай англи эр өмнө нь “Оксфорд Юнайтед”, “Олдхэм”, “Гримсби” клубтэй нэр холбогдсон ч албан ёсоор томилогдоогүй.
С.Кэмпбелл 1992-2001 оны хооронд “Тоттенхэм”-д, 2001-2006 оны хооронд “Арсенал” клубт ид үеэ өнгөрүүлсэн. Энэ хугацаанд Английн Премьер лигийн аварга цолыг хоёр удаа (2001-02, 2003-04), Холбооны цомыг гурван удаа (2001-02, 2004-05, 2007-08) хүртсэн бол Лигийн цомыг 1998-99 онд авсан юм.
С.Кэмпбелл “Мосс Рөүс” цэнгэлдэхэд зочилж, шинэхэн шавь нарынхаа бэлтгэлийг ажигласан гэнэ.