Хөлбөмбөг: Криштиану Роналду Мадрид хот руу очихоос татгалзав

Өмнөд Америк тивийн Аваргуудын лиг хэмээн нэрлэж болох “Либертадорес Цом” тэмцээний шигшээд Аргентинийн заналт хоёр баг болох “Бока Хуниорс”, “Ривер Плэйт” баг шалгарч үлдсэн. “Бока”-гийн талбайд болсон эхний тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, хариу тоглолт “Ривер Плэйт”-ийн талбайд энэ сарын 24-нд болох ёстой байлаа.

Харамсалтай нь, хөгжөөн дэмжигчдийн халдлага хэрээс хэтэрсэн тул зохион байгуулагчид тоглолтыг цуцалсан юм. Ингээд зогсохгүй Аргентинаас өөр газар тэмцээнийг зохион байгуулах шийдвэр гаргасан. Ингээд энэ ням гаригт Испанийн Мадрид хотод “Сантияго Бернабеу” цэнгэлдэхэд явуулахаар болсон билээ.

Зохион байгуулагчид Аргентинийн шигшээгийн тоглогч Лионель Мессиг үзэгчийн хувиар урьсан. Тэгвэл Криштиану Роналдуд мөн урилга өгсөн ч португал эр очихгүй гэдгээ илэрхийлэв.

Испанийн хөлбөмбөгийн холбоо хоёр супер од тоглогчийг нэг дор цуг сууж, Өмнөд Америкийн АШТ-ийг үзэхийг хүссэн ч өнгөрсөн зун “Реал”-аас Италийн “Ювентус” руу очсон К.Роналду хуучин багийнхаа хотод очих бодолгүй байгаа аж.

Тоглолт энэ ням гаригт болно

Эх сурвалжийн мэдээлснээр К.Роналду хувийн шалтгааны улмаас татгалзсан хариу өгчээ. Тэрбээр хуучин багийнхаа удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа хэвлэлээр ярьж байсан юм. “Ювентус” руу явсныхаа дараа өөрийг нь үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан гэж шүүмжлээд амжсан билээ. Тиймээс одоо Бернабеу цэнгэлдэхэд очих цаг нь биш гэж үзсэн бололтой.

Испанийн “Реал Мадрид” болон Италийн “Ювентус” клуб Аваргуудын лигт хоёул хэсгээ тэргүүлсэн тул хасагдах шатанд учраа таарах боломжтой байгаа билээ.

Сонирхуулахад, уг тоглолтын аюулгүй байдалтай холбоотойгоор “Бока”-гийн хулигаан хөгжөөн дэмжигчдийг Аргентин руу буцаасан байна. Түүнчлэн тоглолтын үеэр 2500 гаруй цагдаа хэв журам сахиулах аж.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *