Азийн АШТ-ий талаар бүх мэдээлэл

Хөлбөмбөгийн Азийн АШТ 1956 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдох болсон билээ. Тивийн хэмжээний тэмцээний хувьд зөвхөн Копа Америкагийн дараа орох “хөгшин” тэмцээн юм.

Арабын Нэгдсэн Эмират улсад 20 гаруй хоног хөлбөмбөгөөр амьсгална. Шар тивийнхэн арабын хойгт чуулах тус тэмцээнд энэ удаа 24 баг өрсөлдөх болжээ. Өмнө нь 16 баг өрсөлддөг байв.

2019 оны тивийн АШТ

  • Арабын Нэгдсэн Эмират улс (дөрвөн хотын найман цэнгэлдэхэд болно.)
  • Нэгдүгээр сарын 5 – Хоёрдугаар сарын 1
Тэмцээний сугалаа

Тивийн аваргууд

1956 оноос хойш 17 удаа зохиогдоход хамгийн олон түрүүлсэн баг бол Японы шигшээ баг. Шинжи Оказаки, Шинжи Кагава нарт багаа даатгасан наран улсын баг дөрөв түрүүлсэн (1992, 2000, 2004, 2011) бол Саудын Араб (1984, 1988, 1996), Ираны (1968, 1972, 1976) шигшээ баг тус гурван удаа манлайлсан. БНСУ-ын баг хоёр удаа (1956, 1960) түрүүлж, Израиль (1964), Кувэйт (1980), Австрали (2015), Ирак (2007) тус бүр нэг удаа өнгөлжээ.

Өмнөх тэмцээний аварга

Дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд австраличууд түрүүлсэн. Ногоон тивийн төлөөлөл 2004 оноос хойш шар тивд хүч үзэх болж, дөрвөн жилийн өмнө түрүүлснээс гадна 2011 онд мөнгөн медаль хүртсэн билээ. Массимо Луонго, Трент Сайнсбури, Мат Райан зэрэг 2015 онд тодорсон тоглогчид одоог хүртэл багтаа зүтгэж буй.

Удтал хүлээсэн хүсэл

Өнгөрсөн жил ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-д шар тивийн төлөөллүүд давгүй амжилттай оролцсон. БНСУ, Ираны шигшээ багийн хувьд тивдээ түрүүлэх хүслийг олон жил тээж яваа. Анх тивийнхээ хошой аваргаар тодорсон БНСУ-ын баг 1960 оноос хойш 59 жил аваргын бараа хараагүй бол “Персийн арслангууд” 1976 оноос хойш тивдээ түрүүлээгүй юм.

Ираны эмэгтэй дэмжигчид

Анхдагчид

Кыргыз, Филиппин, Йемен улс анх удаа тоосоо өргөж буй. Дөрвөн жилийн өмнө анх удаа хүч сорьсон Палестин, 2000 онд нутагтаа зохион байгуулсныг эс тооцвол Ливан, 1984 онд анх удаа оролцоод сураггүй болсон энэтхэгүүд түүхийн хуудсаа зузаалав.

Дасгалжуулагчид

Азийн АШТ-д оролцож буй 24 багаас ердөө дөрөв нь нутгийнхаа мэргэжилтний удирдлага дор оролцож байна. Итали мэргэжилтэн Марсело Липпи (БНХАУ), Альберто Заккерони (Арабын Нэгдсэн Эмират), Сербийн иргэншилтэй Милован Раевац (Тайланд), Швед хүн Свен Горан Эрикссон (Филиппин), аргентин мэргэжилтэн Эктор Купер (Узбекистан), нидерланд дасгалжуулагч Пим Вербек (Оман) нарыг дурдаж болно. Харамсалтай нь, эхний тоглолтод Энэтхэгт 4:1-ээр хожигдсоны дараа Тайландын дасгалжуулагч М.Раевац ажлаасаа халагдсан аж.

5

Узбекистаны ахмад хаалгач Игнати Нестеров энэ удаагийн тэмцээнд хаалгаа манавал таван тэмцээн дараалан оролцсон цор ганц тоглогч болно.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *