Францын нэрт хөлбөмбөгчин асан Зинедин Зидан Испанийн “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.
Өмнө нь “Реал”-ын хамт Аваргуудын лигт гурван жил дараалан түрүүлсэн амжилттай З.Зидан өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн юм. Гэвч 9 сарын дараа буюу 284 өдрийн дараа эргэн ирлээ. Энэ удаад З.Зидан гурван жилийн гэрээ байгуулж, 2022 оны улирал дуустал зүтгэхээр болжээ.
Испанийн Ла Лигт “Реал” тэргүүлэгч “Барселона”-гоос 12 оноогоор хоцорч, хүснэгтийн гуравдугаарт бичигдэж буй. Мөн сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас хасагдсан нь дасгалжуулагчийн түр үүрэг гүйцэтгэж байсан С.Солариг халах том шалтгаан болсон юм.
“Реал”-ын Ерөнхийлөгч Флорентина Перес дөрөв хоногийн өмнө З.Зидан руу утасдаж, эргэн ирэх санал тавьсан гэнэ.
З.Зидан хэвлэлийн бага хурлын үеэр “Эргэн ирсэндээ баяртай байна. Маргаашнаас ажилдаа орно. Багаа одоогийн түвшнээс ахиулахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хийх болно. Би “Реал”-д хувьцаа эзэмшдэггүй, ямар ч өр зээл байхгүй. Энэ багт хайртай учраас саналыг нь хүлээн авсан юм” гэж ярьжээ.
З.Зиданы өмнө нь “Реал”-ыг дасгалжуулж байхдаа дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч нарын нэг байв. Харин одоо 2022 он хүртэл жилд 9.5 сая “ногоон” халааслах бололтой.