Английн “Манчестер Юнайтед” клуб түр менежерийн үүрэг гүйцэтгэж байсан Оле Сульшертэй албан ёсоор гурван жилийн гэрээг үзэглэллээ. Өдгөө 46 настай норвеги мэргэжилтэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Жозе Моуриньюг халагдсаны дараа Улаан чөтгөрүүдийг удирдах болсон билээ. Тэрбээр эхний найман тоглолтод дараалан ялж, түүний удирдлага дор баг нь сүүлийн 19 тоглолтын 14-т нь хожил авч, хоёр удаа тэнцсэн юм.
Норвегийн хэвлэлд онцолсноор Оле Сульшерийн цалин нэмэгдсэн бололтой. Түр орлогчоор ажиллаж байхдаа долоо хоногт 100 мянган фунтын цалин авч байсан бол одоо жилийн 7.5 сая фунтын цалин авахаар тохиролцсон гэх мэдээллийг Их Британийн хэвлэлүүд өгч байна.
Оле идэр залуу тоглогч байхдаа “Манчестер Юнайтед” багт 11 жил зүтгэсэн. Энэ хугацаанд 20 сая фунтын цалин авч байв. Тодруулбал, долоо хоногт 35 мянган фунтын цалин авч байсан юм.
Тэрбээр Улаан чөтгөрүүдээс ажлын санал авахаасаа өмнө нутгийнхаа “Молде” клубийг удирдаж байхдаа долоо хоногт 9600 фунтын цалин авч байлаа.