Жерард Пике ба “ФС Андорра”

Испанийн шигшээ болон “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пике тоглогчоос гадна багийн эзний статустай. Тэрбээр Испанийн тавдугаар лигт хүч үздэг “FC Андорра” багийн эзэн билээ.

Далайн түвшнээс дээш 1219 метрт байрлах 530 хүний суудалтай “Эстади Прада де Молес” цэнгэлдэх хүрээлэнд “ФС Андорра” баг тоглолтоо хийдэг. Испанийн тавдугаар дивизионд харьяалалтай энэ жижигхэн багийн эзэн нь нэрт хөлбөмбөгчин Жерард Пике юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ж.Пике тэргүүтэй “Kosmos” бизнесийн групп энэ багийг худалдаж авсан билээ.

“ФС Андорра” клуб 1942 онд байгуулагдсан. Испанийн лигт 1948 оноос хойш зүтгэж байгаа аж. Ж.Пике энэ багийг худалдаж авахаас өмнө тэд санхүүгийн хувьд тун хүнд байдалд орсон байжээ. Тухайн үед энэ багийг худалдаж авах зүрхтэй бизнесмэн байсангүй.

Харин Ж.Пике багийг худалдаж авсан даруйдаа шинэчлэл хийв. Хамгийн түрүүнд “Барселона” багт зүтгэж явсан Габри болон Алберт Хоркера нарыг ахлах болон туслах дасгалжуулагчаар томилжээ. Габри бол “Барселона”-д 13 жил зүтгэж, 2006 онд Аваргуудын лигийн цом хүртсэн нэгэн. Өдгөө 40 настай испани эр Барсагийн академи болон Швейцарийн “ФС Сион” клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаад “ФС Андорра”-г удирдах болжээ.

Дасгалжуулагч Габри

Габри өмнө нь хагас мэргэжлийн багт ажиллаж байсангүй. Энэ багийн тамирчид нь өдрийн цагаар ажиллаж, орой нь бэлтгэлээ хийдэг.

Энэ клуб өнгөрсөн сард лигтээ түрүүлж, дээшээ дэвших болзлоо хангасан юм. Жирийн тоглолтыг нь 300-400 хүн үздэг байсан бол аварга болохыг нь харах чухал тоглолтыг 1500 хүн үзэж, рекорд тогтоожээ. Дэвших болзлоо хангасан тэд ирэх улиралд “Tercera” лигт тоглож, 24 жилийн дараа “Copa del Rey”-д тоглох эрхээ авсан юм. Испанийн цомын тэмцээн сугалаагаар өрсөлдөгч нь тодордог тул тэд багийн эзнийхээ харьяалагддаг “Барселона”-тай ч учраа таарч мэдэх аж.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *