Седрик Бакамбу Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын хөлбөмбөгчин Седрик Бакамбу БНХАУ-ын “Бээжин Гуоан” багт очлоо. Түүний төлөө хятадын клуб 90 сая орчим “ногоон” зарцуулсан нь хар тивийн хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болсон юм.

Хятадын супер лигийн баг өнөө жил 26 настай Бакамбугийн төлөө хэр их хэмжээний мөнгө гаргасан нь одоогоор баттай тодорхой болоогүй ч багадаа 90 сая ам.доллар хүрсэн гэж үзэж буй. Тэд дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.

Ингэснээр өнгөрсөн сард Английн “Арсенал” клуб габон довтлогч Пьер-Эмерик Обамеянгийн төлөө 77 сая ам.доллар зарцуулсан дээд амжилтыг эвджээ.

С.Бакамбу Испанийн “Вильярреал” багт зүтгэж байв. Тэрбээр Испанийн Ла лигт 2015 оноос хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд тус лигийн сарын шилдэг тоглогчоор тодорсон цор ганц африк тоглогч билээ.

Тэрбээр Францад төрсөн. Францын өсвөрийн шигшээд тоглож байсан бөгөөд 18 хүртэлх насны тивийн аваргад түрүүлж, 20 хүртэлх насны ДАШТ-д дөрөвдүгээр байрт орсон билээ. Харин 2015 оноос Конгогийн шигшээд орж, долоон гоол оруулсан билээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *