Хөлбөмбөг: Гоолгүй бас үзэгчгүй тоглолт

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Өмнөд болон Хойд Солонгосын баг учраа таарсан нь спортын ертөнцөд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан чухал үйл явдал байлаа.

Эхнээсээ л олны анхаарлыг татсан тус тоглолт харин 0:0-ээр өндөрлөсөн юм. Тэр ч бүү хэл нэг ч үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд ганц ч гадны хэвлэл мэдээллийнхэн, телевизийн уран бүтээлчгүй явагдсан гэнэ. Тоглолтод аль нь илүү бөмбөг эзэмшсэн, хэдэн цохилт хаалга руу хийсэн гэх зэрэг мэдээлэл нь ч нууц. Хоёр талаас тус бүр хоёр тоглогч шар хуудас авснаас өөр мэдээлэл үгүй.

БНСУ-ын шигшээ баг

Уг тоглолтыг шууд үзэхээр онцгой зочин ирсэн байж магадгүй гэнэ. Тэр хүн бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино. Хэдийгээр Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд уг тоглолтыг үзэх нь нэмэгдсэн боловч одоогоор уг тоглолтыг үзсэн эсэх нь тодорхойгүй, хэвлэлийн албаны зүгээс албан ёсоор батлаагүй байна.

Хэдийгээр үзэгчгүй тоглолт болсон хэдий ч 1990 оноос хойш анх удаа Умард Солонгост болж буй тоглолт гэдгээрээ чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал боллоо. 1990 онд болсон нөхөрсөг тоглолтоос хойш тус хоёр баг нэг бус удаа учраа таарсан ч БНСУ-ын талбайд эсвэл гуравдагч орны нутагт зохиогдож байв. Тодруулбал, 2010 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд хоёр баг учраа таарахад Хойд Солонгосын нутагт болох ёстой тоглолтыг БНХАУ-ын Шанхайд зохион байгуулсан билээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино, Хойд Солонгосын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ян Сан

Хойд Солонгосчууд өөрийн нутагт болох тоглолтыг үзэхээр санаархсан хөрш орны хөгжөөн дэмжигчдэд зөвшөөрөл өгөөгүй. БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид чухам яагаад зөвшөөрөл олгоогүй талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй гэж мэдэгдсэн юм. Харин уг тоглолтыг бүр ямар ч үзэгчгүй зохион байгуулсан нь олны анхаарлыг багагүй татав.

Өмнөд Солонгосын зүгээс хоёр төлөөлөгч уг тоглолтыг шууд үзсэн аж. Гэхдээ тэд тоглолтын талаарх мэдээллийг шууд дамжуулахад тун төвөгтэй нөхцөлд ажилласан гэнэ. Учир нь интернэтийн хурд тун муу байсан тул ажлаа хийхэд хэцүү байсан бололтой.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *