“Севилья” 60 жилийн дараа түүхэн амжилтаа давтав

Английн дээд лигт одоогоор хоёрдугаарт байрт жагсаж буй “Манчестер Юнайтед” Аваргуудын лигийн шөвгийн 16-д Испанийн “Севилья” клубтэй хариу тоглолтоо хийлээ. Сүүлийн тулааныг гэртээ хийсэн Улаан чөтгөрүүдийг ялах магадлал өндөр гэж таамаглаж байсан олны бодол эсрэгээрээ өрнөж, 72 дахь минутад Луис Мурьелийн оронд талбайд гарч ирсэн франц довтлогч Виссам Бен Йеддерийн хос гоол Испанийн клубт ялалт авчирлаа.

Бельги довтлогч Ромелу Лукаку 84 дэх минутад эсрэг багийн хаалгыг мялаасан ч тооны харьцааг үлдсэн хугацаанд дахин хоёр гоол оруулах хатуухан даалгавартай үлдсэн “Манчестер Юнайтед” хүслээ гүйцээж чадсангүй.

Ийнхүү алдарт португал дасгалжуулагч Жозе Моуринью Аваргуудын лигт 12 улирал тоглохдоо дөрөв дэх удаагаа шөвгийн 16-аас мултарч байна.

Тэгвэл тоглолтын баатар болсон франц довтлогч Виссам Бен Йеддер Аваргуудын лигийн долоон тоглолтод найман гоол оруулсан үзүүлэлттэй болжээ. Түүний ачаар баг нь 1957-1958 оны улирлаас хойш анх удаа шөвгийн наймд тунаж үлдлээ.

Англид Улаан чөтгөрүүд хасагдаж байхад Италид “Рома” клуб учраа таарсан Украины “Шахтёр Донецк” клубийг 1:0-ээр буулган авлаа. Ингэснээр нийлбэр дүнд 2:2-оор тэнцэж, айлын талбайд оруулсан гоолынхоо ачаар ромачууд дараагийн шатанд шалгарав. Тоглолтын цор ганц гоолыг 52 дахь минутад Эдин Жеко оруулсан юм. Улмаар 79 дахь минутад Иван Ордец улаан хуудас авснаар хүн дутуу “Шахтёр” нутагтаа 2:1-ээр ялсан амжилтаа бататгаж чадсангүй. Ромачууд сүүлийн 10 жилд анх удаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *