Английн “Манчестер Сити” клуб Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ны санхүүгийн дүрэм зөрчсөн тул хоёр жил Аваргуудын лиг болон тус холбооноос зохион байгуулах бусад тэмцээнд оролцох эрхгүй боллоо.
Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль төлөх болжээ. “Хотынхон” гэнэтхэн ийм явдалтай учирч байгаа хэрэг биш. Анх 2018 онд Германы сэтгүүл “Манчестер Сити”-г санхүүгийн дүрэм зөрчсөн хэмээн буруутгасан нийтлэл гарч байв. Тэр үеэс хойш асуудал маргаантай явсаар эцэстээ шүүхийн хаалга татсан.
- 2018 оны XI сарын 5: Германы “Der Spiegel” сонинд “Манчестер Сити” болон тус клубыг ивээн тэтгэгч нарыг санхүүгийн дүрэм зөрчсөн талаарх баримттай мэдээллийг олон нийтэд анх хүргэжээ. Клубын эзэн Шейх Мансурыг их хэмжээний мөнгө багтаа зарцуулсан, хуурамч бичиг баримт үйлдэж, үүнийгээ нуусан тухай уг сонинд бичсэн юм.
- 2019 оны III сар: Холбооноос санхүүгийн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар шалгаж эхэлжээ. Хэвлэлд гарсан мэдээллийг нягталж үзэх шийдвэр гаргасан юм.
- 2019 оны V сарын 13: “Нью Йорк Таймс” сонинд мэдээлснээр холбооны зүгээс томилсон албаныхан “Манчестер Сити” клубыг гэм буруутай гэж үзэн, хамгийн багадаа нэг жилээр эрх хасч магадгүй тухай мэдээлэв.
- 2019 оны V сарын 16: Клубын зүгээс холбооны санхүүгийн хянан шалгах төвд хандав.
- 2019 оны VI сар: “Хотынхон” уг асуудлаар спортын арбитрын шүүхэд гомдол гаргалаа.
- 2019 оны XI сар: Шүүхээс мөрдөн байцаалтыг зогсоох шийдвэрийг гаргасангүй.
- 2020 оны II сарын 12: Шүүхээс “Манчестер Сити” клубтэй холбоотой маргааны талаарх баримтуудыг ил болголоо. Түүнчлэн Бельгийн Ерөнхий сайд асан, одоо Европын хөлбөмбөгийн холбоонд алба хашиж буй Ив Летерм клубын нэхэмжлэлийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэнийг ч олонд танилцуулсан юм.
- 2020 оны II сарын 14: “Манчестер Сити”-г хоёр жил тэмцээнд оролцох эрхийг нь хаслаа. Ингэснээр тэд Аваргуудын лигийн эрхээ авсан ч өрсөлдөх боломжгүй гэсэн үг. Түүнчлэн 30 сая еврогийн мөнгөн торгууль оноосон юм.