Английн “Ноттингхэм Форест” болон Грекийн “Олимпиакос” клубын эзэн Евангелос Маринакис халдвар авсан нь тогтоогдлоо.
Е.Маринакис өнгөрсөн баасан гаригт “Ноттингхэм Форест”-ын улирлын ээлжит тоглолтыг үзэж суусан юм. Өдгөө 52 настай бизнесмэн эр Грекийн “Олимпиакос” багт хувьцаа эзэмшдэг нэгэн. Тэрбээр Англид ирж багийнхаа тоглолтыг үзэх үеэр өвчний шинж тэмдэг илрээгүй. Харин Грек руу буцсаныхаа дараа халуурч эхэлсэн байна.
Е.Маринакис халдвар авсан гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн.
Түүний эзэмшилд байдаг “Олимпиакос” клуб өнгөрсөн хоёрдугаар сард Английн “Арсенал” клубын талбайд зочилсон юм. Уг тоглолтыг Е.Маринакис ирж үзсэн тул Лондоны клубын зүгээс мэдэгдэл гаргахад хүрчээ. Тус багийн ажилтнуудаас нэг нь ч Е.Маринакистай холбоо тогтоогоогүй талаар уг мэдэгдэлд дурдсан аж.
Грекийн Засгийн газраас спортын аливаа арга хэмжээг хоёр долоо хоногийн турш үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарсан билээ.