“Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду өөрийн нэр дээр байдаг зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болжээ.
“Ювентус”-ын хамгаалагч Даниел Руганигаас вирус илэрсэн тул К.Роналду Мадейра дахь гэртээ хөл хорионд орсон билээ. Тэд хамгийн сүүлд “Интер Милан”-ыг 2:0-ээр хожиход хамтдаа хувцас солих өрөөнд байсан юм.
Испанийн “Marca” сонины мэдээлснээр К.Роналду хувийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар болсон аж. Ингээд зогсохгүй уг “хувийн эмнэлэгт” ажиллах эмч, сувилагч нарын цалинг К.Роналду төлөх учраас өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ.
“Forbes” сэтгүүлээс гаргасан мэдээллээр бол Португалд корона вирусын халдвар авсан 169 тохиолдол илэрсэн бөгөөд тэдгээрийн 1 нь бүрэн эдгэрсэн аж.
Португалд “Pestana”-гийн үүсгэн байгуулсан зочид буудал алдартай байдаг. Таван одтой тансаг зэрэглэлийн сүлжээ зочид буудал К.Роналдугийн төрсөн нутаг Мадейрад салбараа нээсэн юм. 2016 оноос энэ салбарыг албан ёсоор “Praca CR7” болгон өөрчилсөн билээ.
Энэ зочид буудалд К.Роналдугийн музей байрладаг юм.