Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдино улс төрд хүч сорихоор шийджээ. Бразилын сенатын сонгууль ирэх аравдугаар сард болох бөгөөд хөлбөмбөгчин эр Бүгд найрамдах намаас нэр дэвших эрх авсан байна. Түүний төрсөн ах, агент Роберто де Ассис Морейра энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа батлаад “Дүү маань эх орондоо их зүйл хийхийг хүсэж байгаа” гэж онцолжээ.
Бүгд найрамдах намын дарга, сенатын гишүүн Эдуардо Лопес ч энэ мэдээлэл үнэн гэдгийг нотолж, “Тэр дахин 10 дугаартай гэрээ байгууллаа. Гэхдээ энэ удаа Бүгд найрамдах намтай” гэж хошигносон байна.
Рональдино Бразилын шигшээ багийн төлөө 97 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан. 2002 онд шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга цол хүртэж, 2004, 2005 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байв.
Саяхан 38 нас хүрсэн Рональдино өнгөрсөн жилээс улс төрд хүч сорихоор төлөвлөж байсан юм. Тухайн үед ерөнхийлөгчид нэр дэвшигч Жайр Болсонарог дэмжихээр түүний Эх орончдын намд элсэх бодолтой байсан ч тус намын явуулж буй бодлого таалагдаагүй учир больсон юм.