Ман.Ютд 0 – 1 Арсенал

Олд Траффорд

Ман.Ютд 0 – 1 Арсенал

Обамэянг, 69’ пен

Олэ Гуннар Сулшерын 100 дахь тоглолтоор хожигдол бэлэглэв. Ийнхүү Юнайтедыг талбай дээр нь хожилгүй 14 жил болсон муухай цувралыг “топ 6 багийг талбай дээр нь хожоогүй” гэх 29 тоглолт үргэлжилж асан өөр нэгэн муухай цувралын хамт дуусгав аа.

ХЭН ЮУ ГЭВ

Сулшер өгүүлрүүн:

– Манайхан ер нь тоглосонгүй, ялангуяа эхний хагаст. Үүн дээр голчлон анхаарах ёстой байна, учир нь залуус хэр сайн тоглох боломжтой вэ гэдгийг бид сайн мэднэ. Энэ тоглолт энэ долоо хоногийн том тоглолт гэдгийг мэдэж байсан. Харамсалтай нь эхний хагаст бид олигтой тоглож чадсангүй. Хоёрдугаар хагаст арай дээр тоглосон ч хамгаалалтаа нягт байлгаж чадахгүй байх шиг байсан. Хамгаалах ёстой газраа удаан байж, айлд пенальт өгчихлөө. Хаалганаас холдоод явж байгаа хүний бөмбөг рүү орох хэрэггүй л байсан юм. Нэг их хүчтэй хүрсэн юм байгаагүй, гэхдээ пенальт байх л даа. Манайханд дэвшил байгаа эсэхийг өөр хүмүүс хэлэх биз ээ.

Пагваа өгүүлрүүн:

– Муу тоглосон гэдгээ бид мэдэж байгаа. Миний хувьд иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Бөмбөгөнд хүрчих юм шиг санагдсан, даанч хүрээгүй. Өнөөдрийн алдсан гоол, пенальт миний буруу байлаа. Жижиг зүйлсийг сайн хийх хэрэгтэй байна. Бид улам сайжрах хэрэгтэй, багаараа, надаас эхлээд хийх хэрэгтэй. Хөлд нь хүрчих шиг санагдсан, бас 16 дотор байгаагаа мэдэж байсан. Иймэрхүү маягаар алдаа өгөөд байж болохгүй. Амьсгаадаж явснаас болоод ийм тэнэг алдаа хийсэн байж ч магадгүй.

Микэл Артэта өгүүлрүүн:

– Өөрсдөдөө итгэх итгэл бий болгох гэж би хичээсэн, бүгдээрээ өөрсдийнхөөрөө байцгаа гэж хэлсэн. Манайхан үнэхээр зоригтой, нэрээ хичээж тоглоцгоосонд нь би их баяртай байна. Айл дөрвөн хагастай, тэдний хоёр нь манай арын дөрвийг байнга татаад их явдалтай схемээр тоглосон. Эхний үед бараг хоёр ч гоол хийх боломжтой байсан, тиймэрхүү тохиолдлуудаа сайн ашиглах хэрэгтэй байна. Нэлээн дарамттай тоглолт боллоо, бусад талбайнуудаас өөр л дөө. Хувь тоглогчдын хувьд бол тулаанууддаа ялж, тухайн тоглолтын түвшинд өөрсдийгөө өргөж тоглох хэрэгтэй байдаг, өнөөдөр бол бүх тоглогч нар маш дээд зэргийн тоглолт үзүүллээ.

ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

– Премьер лигийн хүрээнд Юнайтедыг талбай дээр нь 16 удаа хожоод байгаа энэ үзүүлэлт бол Челсигийн 18 хожлын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт гэнэ.

– Юнайтед энэ улирлын нээлтийн зургаан тоглолтоос долоон оноо хүртээд байгаа нь 2013/14 улиралд Дэвид Моесын 7 оноо авсантай ижил байгаа бөгөөд тухайн улиралд нөхөд долоо дугаар байрт улирлыг өндөрлүүлж байжээ.

– Олд Траффорддоо дээд лигийн эхний 4 тоглолтод хожиж чадаагүй тохиолдол тэртээ 1972/73 улиралд тохиож байсан бөгөөд тэгэхэд 18 дугаар байранд улирлыг өндөрлүүлж байсан гэнэ.

– Нөхөд бас гэртээ хийсэн лигийн сүүлийн долоон тоглолтдоо пенальт алдаад байгаа юм байна. Тэрнээс өмнө бол Олд Траффорддоо таван ширхэг пенальтыг лигийн 101 тоглолт хийж байж алдсан байдаг ажээ.

–  Сулшерын удирдлага доор Погба гурван пенальт айлд өгсөн ба энэ хугацаанд Манчестер Юнайтедын ямар ч тоглогч нэгээс олон удаа пенальт бэлэглээгүй гэнэ.

– Обамэянг бол Олд Траффорд дахь Премьер лигийн тоглолтод пенальт хийсэн Арсеналын анхны тоглогч. Өмнөх хоёр удаад нь хоёул чадаагүй. 2011 онд Робин ван Перси, 2006 онд Жилберто Силва.

ДАРААГИЙН ТОГЛОЛТ:

Юнайтедын дараагийн тоглолт Аваргуудын лигт. Лхагва гарагт Истанбул Басакшэхир клубтэй тоглоно. Дараа нь 11 сарын 7-нд Эвэртоны талбай дээр Премьер лигийн тоглолттой.

Арсенал харин Сулшерын хуучин баг Молдэ клубтэй Европа лигийн тоглолттой ба дараа нь 11 сарын 8-нд Астон Виллаг талбай дээрээ хүлээн авч хожих болно оо. 

Орчуулсан: Д. Цогчулуун

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *