Английн премьер лигийн солилцооны цонх хаагдаж, багууд шинэ өнгө төрхөө бүрдүүлэв. Энэ жил лигийн багууд нийт наймаанд 1.2 тэрбум фунт зарцуулсан юм.
Энэ тоонд ороогүй ганц баг бол “Тоттенхэм”. Тэд зуны турш шинэ тоглогч багтаа аваагүй аж. Ингэснээр 2003 оноос хойш наймааны цонх үүссэн тэр үеэс бүтэн зуны турш багтаа шинэ хүн аваагүй анхны баг болов. Харин өнгөрсөн лигийн аварга “Манчестер Сити” клуб сүүлийн өдөр наймаа хийсэнгүй.
Хэдийгээр наймааны цонх хаагдсан ч одоогоор баггүй яваа тоглогчидтой гэрээ байгуулах эрх нь энэ сарын сүүл хүртэл хүчинтэй. Наймааны цонх өдийд хаагдсан нь зөвхөн Английн премьер лигт л үйчлэх бөгөөд Испани, Герман, Франц, Шотландын клуб шинэ тоглогчтой болох эрх нь мөн энэ сарын сүүлээр дуусах аж.
Харин Италийн лиг наймдугаар сарын 17-нд Сери А эхлэхээс нэг хоногийн өмнө наймааны цонхоо хаадаг уламжлалтай.
Наймааны сүүлийн өдөр хийсэн шилжилтүүд
Хамгийн анх 2003 онд наймааны цонхыг санаачилсан бөгөөд сүүлийн өдөр нь 16 шилжилт хийсэн удаатай. Түүнээс хойш энэ тоо хамгийн багадаа 12-т хүрч, харин хамгийн ихдээ 2011 онд 31-д хүрсэн түүхтэй.
Харин энэ жилийн хувьд 25 шилжилт хийжээ. Зөвхөн “Фүлхэм” клуб гэхэд таван тоглогч авсан юм. Тэд “Марсель”-ийн камерун хагас хамгаалагч Андре-Франк Ангиссаг 22.3 сая фунтаар, “Бристол Сити”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Жое Брайныг 6 саяар, Серхио Рико, Лусиано Вьетто, Тимоти Фосу-Менса нарыг зээлээр эгнээндээ элсүүлэв. Энэ жилээс дээд лигт эргэн ирсэн тус клубийн хувьд эргэж ирээд наймааны цонход 100 саяас илүүг зарцуулсан анхны баг болжээ.
Энэ зуны хамгийн үнэтэй наймаанууд (Топ 10)
Наймааны сүүлийн өдөр зургаан клуб ямар ч хөдөлгөөн хийсэнгүй.
“Тоттенхэм” клуб бүтэн зуны турш нэг ч шилжилт хийгээгүй анхны баг болсон юм. Гэхдээ тус багийн менежер Маурисио Почеттино залуу тоглогчдоо хадгалж үлдсэндээ сэтгэл хангалуун байгаагаа зарлав.
“Манчестер Юнайтед” клуб зуны турш гурван шинэ тоглогчтой боллоо. Эдгээр наймааг долдугаар сарын эхэнд хийсэн юм. Тэд дахин төвийн хамгаалагч нэмэхээр “Тоттенхэм”-ийн Тоби Алдервейрелд, “Лестер”-ийн Харри Магуэрь, “Бавари”-гийн Жэром Боатенг, “Атлетико Мадрид”-ын Диего Годинд хүртэл санал тавиад татгалзсан хариу сонслоо.
Рекорд, содон мэдээлэл
Өнгөрсөн жил премьер лигийн багууд наймааны цонход 1.4 тэрбум фунт зарцуулж, рекорд тогтоосон. Тэгвэл энэ жил үүнээс 200 сая фунтаар дутуу наймаа хийсэн юм. Сүүлийн өдөр 110 сая фунт зарцуулсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад даруй 100 саяар бага тоо.
Гэхдээ премьер лигийн багууд бусад лигээс тоглогч авчрахад 880 сая фунт зарцуулсан нь өнгөрсөн жилийнхээс (770 сая фунт) давж гарсан юм. Өнгөрсөн жил нийт зарцуулсан мөнгөний 54 хувь нь бусад лигээс тоглогч авчирсан бол энэ жил 72 хувь болж өссөн.
Бусад сонирхолтой мэдээллийг товчхон хүргэвэл:
- Одоогийн байдлаар премьер лигийн араас хамгийн их мөнгө зарцуулсан лиг бол Италийн Сери А. Тэд нийт 910 сая фунт (зөвхөн Криштиану Роналдуг авахад 99 сая) зарцуулсан. Үүний дараа Испанийн Ла Лиг (680 сая), Германы Бундеслиг (400 сая), Францын Лиг 1 (350 сая) зарцуулжээ. Гэхдээ эдгээр лигүүдийн наймааны цонх хаагдаагүй байгаа юм.
- Өнгөрсөн улирлын лигийн аваргууд 155 сая фунт наймаанд зарцуулав. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад (195 сая) буурсан үзүүлэлт аж.
- Английн лигүүдээс хамгийн их мөнгийг зарцуулсан баг бол “Ливерпуль” (165 сая), “Челси” (120 сая), “Фүлхэм” (105 сая), “Лестер” (100 сая).
Та дээрх зурагнаас энэ зун өндөр үнэ хүрсэн тоглогчид өмнө нь ямар үнээр хуучин багтаа нэгдэж байсныг харж болно.