Tag: Зоран Мамич

Зоран Мамичийг залилангийн хэргээр саатуулжээ

Боснийн цагдаа нар Хорватын хөлбөмбөгийн “Динамо Загреб” клубын дасгалжуулагч асан Зоран Мамич болон түүний ахыг залилангийн хэргээр саатуулжээ. Тэд “Динамо Загреб”-ын тоглогчдыг гадаадын клубуудад худалдсан ашгаас 14.5 сая евро шамшигдуулсан, 1.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа билээ.

З. Мамич татвараас зайлсхийсэн хэргээр хорватад ял эдэлж эхлээгүй байхад нь олон улсаас түүнийг баривчлах тогтоол гарч түүнийг болон ахыг нь баривчилсан байна. Хорватын дээд шүүхээс Зоран Мамичийг өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн жил найман сарын хорих ялаар шийтгэж байжээ. Зоран болон түүний ах Здравкод зургаан жил хагасын ял оноосон бөгөөд тэд ялаа сонсоныхоо дараа хөрш орон болох Босни руу зугтсан байна.

Хорватын шүүх тэднийг “Динамо” клубын хуучин тоглогч болох Лука Модричийг 2008 онд “Тоттенхэм”-д шилжүүлэх үеэр зохиомол наймаа хийсэн гэж үзэж байгаа юм. “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч, “Баллон Д’ор”-ийн эзэн Л.Модрич шүүх хурлын үеэр сэжигтнүүдтэй хийсэн санхүүгийн хэлэлцээрийнхээ талаар гэрчилжээ. Ах дүү хоёр хоёулаа гэм буруугүй гэж байгаа хэдий ч Л. Модрич болон “Динамо” клубын бусад тоглогчид харилцан тохиролцсон шилжүүлгийнхээ төлөө тэднийг хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Зоран Мамичийг Хорват руу явуулах эсэхийг Боснийн шүүхийн мэдэлд шилжүүлнэ гэж тус улсын цагдаагийн газар мэдэгдсэн. Ах дүү Мамичууд хос иргэншилтэй учраас тэднийг Хорват руу шууд шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Зоран Мамич өнгөрсөн гуравдугаар сард “Динамо Загреб”-ын дасгалжуулагчийн албан тушаалаас огцорсон юм. Харин Здравко Мамич “Динамо”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.