Tag: Лука Модрич

Зоран Мамичийг залилангийн хэргээр саатуулжээ

Боснийн цагдаа нар Хорватын хөлбөмбөгийн “Динамо Загреб” клубын дасгалжуулагч асан Зоран Мамич болон түүний ахыг залилангийн хэргээр саатуулжээ. Тэд “Динамо Загреб”-ын тоглогчдыг гадаадын клубуудад худалдсан ашгаас 14.5 сая евро шамшигдуулсан, 1.6 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа билээ.

З. Мамич татвараас зайлсхийсэн хэргээр хорватад ял эдэлж эхлээгүй байхад нь олон улсаас түүнийг баривчлах тогтоол гарч түүнийг болон ахыг нь баривчилсан байна. Хорватын дээд шүүхээс Зоран Мамичийг өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн жил найман сарын хорих ялаар шийтгэж байжээ. Зоран болон түүний ах Здравкод зургаан жил хагасын ял оноосон бөгөөд тэд ялаа сонсоныхоо дараа хөрш орон болох Босни руу зугтсан байна.

Хорватын шүүх тэднийг “Динамо” клубын хуучин тоглогч болох Лука Модричийг 2008 онд “Тоттенхэм”-д шилжүүлэх үеэр зохиомол наймаа хийсэн гэж үзэж байгаа юм. “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч, “Баллон Д’ор”-ийн эзэн Л.Модрич шүүх хурлын үеэр сэжигтнүүдтэй хийсэн санхүүгийн хэлэлцээрийнхээ талаар гэрчилжээ. Ах дүү хоёр хоёулаа гэм буруугүй гэж байгаа хэдий ч Л. Модрич болон “Динамо” клубын бусад тоглогчид харилцан тохиролцсон шилжүүлгийнхээ төлөө тэднийг хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Зоран Мамичийг Хорват руу явуулах эсэхийг Боснийн шүүхийн мэдэлд шилжүүлнэ гэж тус улсын цагдаагийн газар мэдэгдсэн. Ах дүү Мамичууд хос иргэншилтэй учраас тэднийг Хорват руу шууд шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Зоран Мамич өнгөрсөн гуравдугаар сард “Динамо Загреб”-ын дасгалжуулагчийн албан тушаалаас огцорсон юм. Харин Здравко Мамич “Динамо”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.

Лука Модрич “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Францын хөлбөмбөгийн холбооноос тодруулдаг нөлөө бүхий шагнал болох “Ballon d’Or” буюу 63 дахь удаагийн Алтан бөмбөгийн эзнээр Хорватын шигшээ болон “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч Лука Модрич тодорлоо.

Лука Модрич “Алтан бөмбөг”-ийн шагнал авсан 44 дэх, мөн анхны хорват тоглогч болсон юм. Сүүлийн 10 жилд Криштиану Роналду, Лионель Мессигээс өөр хүнд очоогүй уг шагнал энэ удаад 33 настай, хорват тоглогчийнх боллоо.

Энэ жил “Реал Мадрид” клубт Аваргуудын лигт түрүүлж, Хорватын шигшээ багаа ДАШТ-ий шигшээ рүү хөтөлсөн нь уг шагналыг авахад гол нөлөө үзүүлсэн. Тэрбээр өмнө нь “Алтан бөмбөг”-ийн санал асуулгад гурван удаа нэр дэвшиж байв. Хоёр жилийн өмнө 17 дугаарт бичигдсэн бол өнгөрсөн жил тавдугаарт жагссан. Харин энэ удаа түүнээс өөр авах хүн байсангүй.

Энэ шагналыг хамгийн сүүлд 2007 онд Кака авснаас хойш бүтэн 10 жилийн хугацаанд К.Роналду, Л.Месси нараас өөр хүн аваагүй юм.


“Алтан бөмбөг”-ийн санал асуулга

  • 1. Лука Модрич (Хорват/Реал Мадрид)
  • 2. Криштиану Роналду (Португал/Ювентус)
  • 3. Антоун Гриззман (Франц/Атлетико Мадрид)
  • 4. Килиан Мбаппе (Франц/ПСЖ)
  • 5. Лионель Месси (Аргентин/Барселона)
  • 6. Мохамед Салах (Египет/Ливерпуль)
  • 7. Рафаэль Варан (Франц/Реал Мадрид)
  • 8. Эден Азер (Бельги/Челси)
  • 9. Кевин Де Бройн (Бельги/Манчестер Юнайтед)
  • 10. Харри Кэйн (Англи/Тоттенхэм)

Бусад жагсаалтыг эндээс үзнэ үү!


Харин өмнөх “Алтан бөмбөг”-ийн эздийн саналаар тодруулсан 21 хүртэлх насны шилдэг хөлбөмбөгчинд олгох “Копа трофи”-г 19 настай, франц довтлогч К.Мбаппе хүртсэн бол анх удаа олгосон шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Норвегийн шигшээ болон “Лион” клубийн довтлогч, 23 настай Ада Хегерберг хүртлээ. Ада Аваргуудын лигийн шигшээ тоглолтод гоол оруулж, гурав дахь удаагаа Аваргуудын лигт түрүүлсэн юм. Тэрбээр нийт 15 гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлсэн.