Дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай хөлбөмбөгийн лигийн сүүлийн тойрог гайхалтай өрнөлтэй бас сэтгэл хөдлөл өндөртэй ер бусын үдэш болж өнгөрлөө. Олон өдөр, сар үзэчгүй хоосон, хөндий цэнгэлдэхэд үргэлжилсэн лигийн хаалтын тойрог багахан тооны үзэгчтэй явагдсан нь ч хөг нэмлээ.
SPS телевизийн баг хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр цар тахалтай, хүнд хэцүү цагт ч бид английн лигийн тоглолтуудыг торох юмгүй үзэж байлаа. Сүүлийн тойрог зэрэгцэн явагдсан гайхалтай мөчүүдийг ч мөн тэдэнтэй хамт гэрчиллээ. Баярлалаа та бүхэнд.
Яагаад ер бусын үдэш болов гэж үү?
АВАРГУУД
Тиймээ тэд английн лигийн сүүлийн арван жилийн түүхэнд ийнхүү 5 дахь удаагаа түрүүлж байна. Түүгээр зогсохгүй гурван удаа аман хүзүүдсэнээс харвал үнэхээр тогтвортой, эзэрхэг он жилүүдийг үдэж буй нь илт. Энэ жилийн хувьд тэд бас болоогүй улаанбаатарын цагаар энэ ням гарагийн үүрээр аваргуудын лигт шигшээ тоглолт хийнэ гээд хотынхоны хувьд ааг омог, баяр хөөр дүүрэн буй билээ.
Харин энэ бүх амжилтын хажуугаар тэдэнд ер бусын мэдрэмж төрүүлж буй нэгэн бол яахын аргагүй цагтаа цалгиж, таарсан баг, хаалгач бүрийн торийг хөдөлгөж явсан аргентин залуу Кун Агуэрогийн үдэлт байв. 2011 онд нарлаг испаниас ирж байсан түүний түүх энэ клубын сүүлийн арван жилийн дардан амжилтын үетэй яв цав давхцаж байгаа нь нэгийг илтгэх буйзаа.
Ийнхүү ситид арван улирлыг өнгөрүүлэхдээ 182 гоолыг бүртгүүлээд байсан тэрээр энэ үдэш талбайд сэлгээгээр орж ирэхдээ хоёр гоолыг нэмж бүртгүүлсэнээр тийм ч хялбар арилахгүй нэгэн дээд амжилтыг өөрийн нэрээр тамгалчих нь тэр. Тиймдээ ч энэ үдэш хотынхоны хувьд ер бусын гэхээс өөр аргагүй байлаа. Болоогүй ээ түүнд дахин аваргуудын лигийн шигшээ тоглолт байгаа. Хотынхонд баяр хүргэе.
НЭГ ХОТЫНХОН
Орчин цагийн английн лигийг премьер лиг гэгдэх болсон цагаас эзэрхэг явсан Шотланд эрхэм Фергюсоноос хойш санасанд хүртлээ сэргэж чадахгүй яваа улаан чөтгөрүүд энэ улирлыг дэд байрт улирлын аваргуудаас 12 оноо дутуу, өнгөрсөн улирлын аваргуудаас 5 оноо илүү өндөрлүүлж байгаа нь тун олзуурхууштай үр дүн гэж болно.
Сүүлийн улирлуудын тааруухан амжилтад цөхөрсөн улаан чөтгөрүүд дасгалжуулагч Сульшераа солих гэж үзлээ, эцэстээ багийн эздээ эсэргүүцэж, олд трафорддоо бослого хүртэл гаргаад амжив. Харин урд шөнийн хувьд найман улирлын аялалаа өндөрлүүлж буй Хуан Матагийн гоол, түүний тэнгэрт халин одсон ээждээ зориулсан гоолын баяр ер бусын мэдрэмж төрүүлсэн юм.
КОПУУДЫН ҮДЭШ
Эзэрхэг хотынхоны ноёрхолыг сөрөн зогсож, хуучны эрин үеэ сэргээхээр шулуудсан Клоппын улаанууд сүүлийн гурван жилд аваргуудын лигт аман хүзүүдэж нэг үзээд, ирэх жил нь түрүүлсэн бол премьер лигт мөн аман хүзүүдэж нэг үзээд, ирэх жил нь түрүүлсэн тэднийг энэ улирлын аваргууд гээд зогсож байхад олон хүн гайхахааргүй байлаа. Хамгаалалтын шугамдаа Голланд азарга Ван Дайкийг залсан тэд тавдугаар тойргийн тэр нэг харамсалтай явдал болох хүртэл ийм адармаатай улирлыг өнгөрүүлнэ чинээ төсөөлөөгүй явсан бизээ.
ВВД-гээ улирал дуустал алдаад улмаар Матип, Гомез, Хэндо гэх мэтчилэн хамгаалалтын байрлалдаа суларсан нь ийнхүү улирлын төгсгөлийг ер бусын болгосон юм. Аварга болох нь бүү хэл эхний дөрөвт багтаж аваргуудын лигийн эрх авах эсэх нь эргэлзээтэй байсан тэд сүүлийн есөн тоглолтдоо 2 тэнцээ, 7 хожил байгуулсанаар бүр гуравдугаар байраар лигийг өндөрлүүллээ. Энэ бүх хугацаанд бэртэл гэмтлээс холуур, үргэлж бэлэн байсан нэгэн залуу, улаануудын гуравдугаар ахлагчаар нэрлэгдэх болсон Жини Виналдум таван улирлын эцэст ливерпүүлийн өмсгөлтэй мөн ахлагчийн туузтай сүүлийн удаа талбайд гарав.
Копуудын он удаан жил хүлээсэн, цомын бараа харалгүй хатсан сэтгэлийг дэвтээсэн аваргуудын лигийн 6 дахь цом нь хийсэн одож байх үед каталоны нэр төр Барселонагийн эсрэг толилуулсан тэр гайхалтай ер бусын мөчүүд нь түүнийг копуудын дунд домгийн хэмжээнд хүндлэгдэхэд хангалттай шалтгаан болох бизээ.
АЗТАЙ ЦЭНХЭРҮҮД
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд эмэгтэйчүүдийн баг нь аваргуудын лигийн шигшээ тоглолтод бут ниргүүлж, харин эрчүүд нь английн цомын тэмцээний шигшээд үнэгнүүдэд ялагдаад байсан хэдий ч хүснэгтийн байрлал, авсан оноо, аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч үлдсэн гээд тун давгүй нөхцөл байдалтай байв. Гэтэл ер бусын гэмээр тойрогт араас нь нэхэж явсан, гэхдээ аюул холуур гэж тооцоолж байсан Ливерпүүл ялалт байгуулж оноо дээшлээд, нэг цомыг нь булаагаад удаагүй Лейстэр тоглолтыг давамгай эхлүүлж, өөрсдөө Виллад гоол алдан хожигдож явахад цэнхэрүүдийн хөгжөөн дэмжигчдэд амар байгаагүй бизээ.
Улирлын дундуур клубын домогт тоглогч асан Лампардыгаа халж, Тушел гэх герман эрийг авчирсан нь нүдээ олсон гэж болохоор юм. Учир нь улирлын эхэнд тийм том хүлээлтгүй байсан тэдэнд магадгүй гурвалсан цомтой улирлыг өндөрлүүлэх ч боломжит нөхцөл бүрдэж байлаа. Харин одоо тэдэнд бодитоор биелүүлж болох нэг боломж аваргуудын лигийн галзуу ганц тоглолт үлдээд байгаа юм. Юутай ч үнэгнүүд эцсийн мөчид бүтэлгүйтсэнээр ирэх жилийн аваргуудын лигийн эрхээ баттай халаасласан цэнхэрүүдэд одоо алдах юмгүй, авах юмтай шигшээ тоглолт болох нь ойлгомжтой. Амжилт хүсье.
АЗГҮЙ ҮНЭГНҮҮД
Цагтаа Ливерпүүлийн жолоог атган лигт аман хүзүүдэж явсан Брендан Рожерстой үнэгнүүд өнгөрсөн улирлын нэгэн адил аваргуудын лигийн эрхээс үл ялиг дутуу оноотой хоцорлоо. Энэ удаад улирлын эцсийн шүгэл дуугартал боломж тэдний гарт байсаар байсныг хэлэх нь зүйтэй.
2019 онд Рожерстой зам нийлсэн Лейстер ситийг ийм дориун амжилттай бүр хоёр улирал дарааллан энэ амжилтаа бататгана гэж олон хүн тоцоолоогүй, бодоогүй болов уу. Гэхдээ тэд хоосонгүй одоогоос таван жилийн тэртээ лигийн түрүү хүртэж тайланд эзнээ алдаршуулж байсан бол энэ удаад английн цомын тэмцээнд түрүүлж тайланд эзнийхээ гэгээн дурсгалыг мялааж, удам залгасан хүүтэй нь хамт баяраа тэмдэглэсэн ер бусын улирал боллоо тэдний хувьд.
Ийнхүү европын хөлбөмбөгийн том лигүүд өндөрлөж, европ тив хэсэг амхийх боллоо. Гэхдээ бас болоогүй тун удахгүй европын хөлбөмбөг улс улсын түвшинд хүчтэй нүргэлэх болно.