1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үеийн Аргентиний шилдэг довтлогчдын нэг Эрнан Креспо дасгалжуулагчийн хувиар анхны цомоо хүртлээ. Түүний дасгалжуулсан “Дефенса Хустисия” баг Өмнөд Америкийн цомын тэмцээн буюу Copa Sudamericana-гийн финалд нутаг нэгт “Ланус”-ыг 3:0-ээр хожжээ. Тэд шувтаргын шатанд хүрэх замдаа Парагвайн “Спортиво Лукеньо”, Бразилийн “Васко да Гама”, “Байа”, Чилийн “Кокимбо Унидо” багуудыг буулган аваад байв. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL)-ноос шигшээ тоглолтыг 2020 ондоо багтааж зохион байгуулахаар төлөвлөж байсан ч коронавирусын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 23-нд болсон юм.
Либертадоресийн цом болон UEFA-гийн цомын аварга, “Челси”-д Английн аварга болж, “Интер”-ийн хамтаар Сери А-д гурвантаа түрүүлж байсан Эрнан Креспо өөрийн тоглосон Европын анхны баг “Парма”-даа мэргэжлийн хөлбөмбөгчний сүүлийн хоёр жилээ өнгөрүүлж, 2012 онд зодог тайлсан билээ.
Тэрбээр дасгалжуулагчийн албанд шилжсэнийхээ дараа “Парма”-гийн залуучуудын баг, Италийн “Модена”, нутгийнхаа “Банфилд” клубүүдийг удирдаж байгаад өнгөрсөн жил “Дефенса Хустисия”-д ирсэн юм.