Tag: Брюгге

Кристиан Пулишичийн төрсөн өдрийн бэлэг

(Бельги) Брюгге 0:1 Борусси Дортмунд (Герман)

  • Гоол: Кристиан Пулишич (85)

Германы клуб 2017 оноос хойш Аваргуудын лиг дэх анхны хожлоо хорват гаралтай америк тоглогч Кристиан Пулишичийн ганц гоолын ачаар авлаа.

Энэ өдөр 20 насны төрсөн өдөр нь тохиосон одтой америк эр 69 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ингэснээр Германы багийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцоод 85 дахь минутад тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулав. Тэрбээр “Борусси Дортмунд” клубийн түүхэнд хамгийн залуудаа 100 тоглолт хийсэн тоглогч болжээ. Сонирхуулахад, К.Пулишич төрсөн өдрөөрөө Аваргуудын лигт гоол оруулсан “Борусси Дортмунд”-ын хоёр дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө Штефан Ройтер хэмээх өдгөө 51 настай хамгаалагч асан эр 1996 онд 30 насныхаа төрсөн өдрөөрөө өөртөө бэлэг барьсан түүхтэй.



 Монако 1:2 Атлетико Мадрид (Испани)

  • Гоол: Самуэль Грандсир (18), Диего Кошта (31), Хосе Мариа Жименес (45+1)

Эхний гоолыг талбайн эзэд 18 дахь минутад оруулсан ч “Атлетико Мадрид” чансаа илүү баг гэдгээ харуулан, эхний хагаст хариу хоёр гоолоор цохилт өглөө. Испани довтлогч Д.Кошта Мадридын өмсгөлтэй Аваргуудын лигт ес дэх гоолоо бүртгүүлсэн бол энэ тэмцээнд 31 тоглолт хийсэн урагвай хамгаалагч Хосе Мариа Жименес анхныхаа гоолыг оруулав. Уругвай эр Испанийн клубт нийт долоон гоол оруулснаас зургааг нь мөргөж гүйцэтгэжээ.