Польшийн шигшээ баг болон Германы “Байерн Мюнхен” клубын довтлогч Роберт Левандоски дөрвөн долоон хоног талбайд гарахааргүй боллоо.
Тэрбээр 2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий европ тивийн сонгон шалгаруулах урьдчилсан шатны тоглолтоо Андоррагийн шигшээ багийн эсрэг хийж хоёр гоолыг оруулсан ч тоглолтын 63 дахь минутанд бэртэл авч талбайг чөлөөлсөн билээ.
Тэгвэл тоглолтын дараа бэртлийн нарийн онош тодорч өвдөгний шөрмөс сунасан болох нь тогтоогдсон тул ногоон талбайгаас хэсэг хугацаанд хол байх нь.
Леваг бэртэлд алдсан польшчууд урд шөнө хэсгийн ээлжит тоглолтоо Английн шигшээ багийн эсрэг хийж 2:1-гийн харьцаатай хожигджээ.
Мөн түүнийг эзгүй хугацаанд “Байернчууд” Аваргуудын Лигийн шөвгийн наймын хүрээнд Францын “Пари Сен-Жермен” клубтэй тоглох хуваарьтай ба тус хоёр клуб өнгөрөгч 2020 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод хоорондоо тоглож байсан бол энэ удаад хасагдах шатанд дахин таараад буй нь энэ.
Өдгөө 32 настай Польш довтлогч энэ улиралд:
- Бундеслигийн 25 тоглолтод оролцож 35 гоол, зургаан гоолын дамжуулалт
- Аваргуудын Лигийн зургаан тоглолтод оролцож таван гоол
- 2021 он гарсанаас хойш клуб болон шигшээ багийнхаа төлөө нийт 20 тоглолтонд 25 гоолыг тус тус оруулаад байгаа юм.
Б.Цогтбаяр