Италийн “Ювентус” клубын хамгаалагч Даниел Ругани корона вирусын халдвар авсан анхны Сери А-гийн тоглогч боллоо.
Энэ жил 25 настай Д.Руганигийн шинжилгээ эерэг буюу вирус илэрсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан тарилаа. Д.Ругани “Ювентус”-ын бүрэлдэхүүнд энэ улирал долоон тоглолтод оролцсон. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд “Спал” багийн эсрэг талбайд гарсан юм. Гэхдээ өнгөрсөн ням гаригт болсон “Интер Милан”-ы эсрэг тоглолтод сэлгээнд сууж байжээ.
Д.Руганигийн хариу эерэг гарсантай холбоотойгоор “Интер Милан” болон Испанийн “Хетафе” багийн Европа дахь тоглолт цуцлагдсан аж. Энэ долоо хоногт болохоор төлөвлөж байсан ч корона вирусын халдвар эрчтэй байгаа учраас “Хетафе” багийн Ерөнхийлөгч Анхель Торрес багаа Милан руу явуулахаас татгалзлаа.
“Ювентус”-ын хувьд ирэх долоо хоногт Аваргуудын лигийн хүрээнд “Лион”-той өрсөлдөнө. Одоогоор энэ тоглолт болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.