Английн “Челси” клуб “Борусси Дортмунд”-ын залуу од Кристиан Пулишичийг 64 еврогоор авлаа.
Өдгөө 20 настай америк залууг Английн “Ливерпуль”, “Арсенал” клуб сонирхож байсан ч “Челси” өөрийн болгосон юм. АНУ-ын шигшээ багт ДАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулсан хамгийн залуу тоглогч (17 нас, 349 хоног) болж байсан К.Пулишич америк тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин боллоо. Түүнээс өмнө 2017 онд Жон Бруксийн төлөө “Вольфсбург” 20 сая еврог төлсөн нь дээд үнэ байв.
Гэхдээ К.Пулишич шууд Англи руу явахгүй. Түүнийг ирэх зун хүртэл “Борусси Дортмунд” зээлээр ашиглаж байгаад Лондон руу явуулахаар болжээ.
К.Пулишич залуугаасаа тодорсон хөлбөмбөгчин. Тэрбээр 17 нас хүрээд Германы Бундес лигт анхны тоглолтоо хийсэн бол үүнээс хоёр сарын дараа шигшээгийнхээ дуудлагыг хүлээн авсан билээ. Харин одоогоор “Борусси Дортмунд”-ын төлөө 81 тоглолтод оролцсон. Үүнээс 20 нь Аваргуудын лигийн тоглолт байв.
Түүний Германы багтай хийсэн гэрээ нь 2020 онд дуусах байлаа.
Кристианы өвөө Мате Пулишич Хорватын иргэншилтэй. Харин эцэг нь АНУ-д ажиллаж амьдарч байхдаа хүү нь төржээ. Тиймээс АНУ-ын иргэншилтэй ч Кристиан Германд тоглох болсноор Хорватын давхар иргэншилтэй болсон юм. Аав нь мэргэжлийн футзалын хөлбөмбөгчин байсан ч хожим дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Харин Кристиан хөлбөмбөгийн ур чдадвараа хөгжүүлэхээр долоон настайгаасаа Англид суурьшсан ч удалгүй эцэг дээрээ эргэн ирж, төрөлх нутагтаа хөлбөмбөгийн “боловсрол” эзэмшсэн аж.
Хорватын иргэншилтэй болсон үед нь шигшээ багт тоглох урилга илгээсэн ч тэр татгалзаж, харин АНУ-ын багтаа зүтгэх шийдвэр гаргасан билээ.