Аргентинд төрсөн, Францад өссөн хөлбөмбөгчин эр сураггүй алга болов.
Гуравхан хоногийн өмнө Английн “Кардифф Сити” клубтэй гэрээ байгуулсан Эмилиано Салагийн сууж явсан онгоц сураггүй алга болсон талаар Францын агаарын тээврийнхэн мэдээлэв. Сураггүй болсон нисдэг тэргэнд түүнээс гадна нэг нисгэгч байсан гэнэ.
Эмилиано Сала Аргентинийн Санта Фед төрсөн ч Францад мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлж, “Нант” клубийн шилдэг тоглогч нарын нэг болсон юм. Энэ улиралд хоёр тоглолт тутамд нэг гоол оруулсаар нийт 12 гоолтойгоор Францын дээд лигт хамгийн олон гоол оруулсан таван тоглогчийн нэг болоод байв.
Хэдийгээр 28 настай (1990 онд төрсөн) хожим гялалзсан ч гэлээ “Нант” клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчоор тодорч, 15 сая фунт буюу 19.4 сая “ногоон”-ы үнээр “Кардифф Сити”-д очихоор гэрээ байгуулсан юм.
Явсан багаасаа гадна очсон багтаа ч тэр рекорд үнэ хүрсэн. Гэхдээ дөрвөн жилийн өмнө зээлээр өөр багт очиж, болвол нэг сая еврогоор зарахаар төлөвлөж байсан гэдгийг бодвол 19.4 саяд хүрсэн нь түүнийг энэ хугацаанд хэр сайжирсныг харуулж байна. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд 42 гоолын эзэн болжээ.
Энэ улиралд “Кардифф Сити”-гээс гадна “Уэйст Хэм”, “Эвертон”, “Лестер Сити”, “Кристал Палас”, “Фүлхэм”, “Саутхэмптон” гэх мэт олон багууд сонирхож байсан ч “Кардифф Сити” клуб рекорд үнээр худалдаж авсан. Түүнээс өмнө тус клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин бол 11 сая фунтын үнэ хүрсэн Гари Медель байлаа.
Э.Салаг таван нисдэг тэрэг, хоёр аврагч багийнхан эрэл хайгуул хийж байна. Түүний сууж явсан онгоцны зарим хэсгийг олсон ч хүний цогцос байж болох ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тиймээс эрэл үргэлжилж байгаа аж. Э.Сала онгоцоор нисч яваад унаж байгаагаа “WhatsApp” программ ашиглаж, гэр бүлийхэндээ мэдэгдэж амжсан гэнэ. Тэрбээр аав руугаа “Энэ онгоц сүйрэх нь. Хэн нэг нь туслаарай” гэж аудио бичлэг явуулсан байна.
Албаныхан тэднийг усан дээр газардсан байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хэрвээ энэ таамаглал үнэн бол тэднийг амьд олох боломжтой юм.