Tag: ОУХХ

Куртуагийн аав “Миний хүү ФИФА-гийн Оны шилдэг 11-т орох ёстой байсан”

Хүү нь ФИФА-гийн Оны шилдэг 11-т багтаагүйг Тибо Куртуагийн аав Тьерри шударга бус гэж үзэж байна. Аваргуудын лигийн ялагч Мануэль Нойер 2020 оны ОУХХ-ны шилдэг хаалгачаар тодорсон бол Ливэрпүүлийн Алиссон шилдэг 11-т багтсан юм.

“Миний хүү шилдгүүдийн дунд байхгүй байгаад гайхаж байна. Бельгид агуу тамирчдаа хангалттай хэмжээнд үнэлж, хүндлэхгүй байгааг эндээс харж болно. Зөвхөн хожигдож, алдаа эндэл гаргах үед нь л хэвлэлүүд тэдэнд анхаарлаа хандуулдаг”

Куртуа өнгөрсөн улиралд 34 тоглолтонд 20 гоол алдсан үзүүлэлттэйгээр Ла лигийн шилдэг хаалгачид өгдөг “Заморагийн цом”-ын эзэн болсон. Улирлын турш тэр 19 клин-шит бүртгүүлсэн нь мөн клубийн түүхэнд бичигдэхүйц үзүүлэлт юм. Куртуа 2013, 2014 онуудад Атлетикод байхдаа мөн дээрх шагналыг авч байсан.

“Тибо үргэлж бидний бахархал байх болно. Тэр үргэлж өөрийгөө дайчилж, хөгжүүлж, бусдыг алмайруулж байдаг. Атлетикийн эсрэг гэхэд л сүүлийн минутанд ямар гайхалтай хаалт хийж багаа аврав”

3:1-ээр Реалын хожлоор дууссан тус тоглолтонд Бензема дубль хийсэн. Одоо Реал 26 оноотой Атлетико Мадрид, Реал Сосьедадын хамт лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа.