Энэ зун “Реал Мадрид”-тай хийсэн гэрээ нь дуусч буй Серхио Рамос багаа орхихоор болжээ. Түүний хувьд гэрээний сунгалтан дээр клубын ерөнхийлөгч Флорентино Перезтэй ярилцсаар байсан бөгөөд ийнхүү талууд тохиролцож чадсангүй. Клубын зүгээс баасан гарагт ахмад тоглогчдоо хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохиох бөгөөд үүний дараа Рамос шийдвэрээ зарлахаар болжээ.
С.Рамос Лос Бланкосчуудын зүрхэнд “АТМ”-ын эсрэг АВЛ-ийн финалд цаг дуусах мөчид оруулсан гоол, Эл Классикод Пуёолыг мангасдаж унагасан зэрэг үйлдлээрээ үүрд үлдэх биз ээ. Мадридын цагаан өмсгөлийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх юм.
Тэрбээр эзэн хааны клубын төлөө 16 жил зүтгэхдээ 671 тоглолтод 101 гоолыг оруулсан байна. Энэ хугацаанд Ла лигт 5, Аваргуудын лигт 4, Эзэн хааны цомд 2, Испанийн сүпер цомд 4, Европын сүпер цомд 4, Клубуудын ДАШТ-д 4 удаа тус тус түрүүлжээ.
Тэгвэл өдгөө 35 настай домогт тоглогчийн дараагийн зогсоол хаана байх вэ?
Ямартай ч түүнийг Европын хэд хэдэн том багууд сонирхож буй. Тэдэн дунд “ПСЖ” “Манчестер Юнайтед” “Манчестер Сити” “Севилья” зэрэг клубууд багтана. Тэгвэл хамгийн найдвартай эх сурвалж Фабрицио Романо түүнийг “Севилья” клубд нэгдэхгүй хэмээн мэдэгджээ.