Tag: ТОКИО 2020

Корона вирус: Нөхөрсөг тоглолтууд, Евро 2020, Катар 2022, Токиогийн олимпын урьдчилсан тэмцээний хувь заяа бүрхэг байна

Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино эрүүл мэнд ямар ч хөлбөмбөгийн тоглолтоос үнэ цэнэтэй хэмээн ярьжээ.

Ж.Инфантино ирэх сард болох хөлбөмбөгийн олон улсын нөхөрсөг болон “Евро 2020”, “Катар 2022” зэрэг томоохон тэмцээний урьдчилсан тоглолтыг одоогоор цуцлах бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ одоогийн байдлаар шууд болно гэж хэлэхэд хүндрэлтэй байгааг хөлбөмбөг сонирхогчдод мэдэгдлээ.

Корона вирусын тархалт дэлхий даяар хурдацтай өсч буй өнөө үед хөлбөмбөгийн ертөнцөд ч хар толбо үлдээсэн юм. Тодруулбал:

  • Швейцарийн хөлбөмбөгийн хоёр лиг энэ долоо хоногт болох тоглолтыг цуцалжээ.
  • “Тоттенхэм”-ийн довтлогч Сон Хын Мин БНСУ-ын Сөүлд хагалгаа хийлгэж ирээд тусгаарлагдсан юм.
  • Английн “Ньюкастл”, “Уэйст Хэм” клубын удирдлагууд тоглогчдоо бэлтгэл дээр гар барихыг хориглов.

“Евро 2020”-ын урьдчилсан тоглолт ирэх гуравдугаар сарын 26-31-нд болно. “Катар 2022”-ын Ази тивийн урьдчилсан тоглолт ч ирэх гуравдугаар сарын сүүлээр болох юм. Тухайлбал, Австрали талбай дээрээ Кувэйтийг хүлээн авах бол Хонконг Ираны талбайд очих билээ.

Вирусын голомт болоод буй БНХАУ-ын шигшээ баг талбайдаа Мальдивыг хүлээн авах байсан ч тахалаас болоод Тайландад, үзэгчгүй цэнгэлдэхэд өрсөлдөхөөр болсон билээ.

Азийн хөлбөмбөгийн Аваргуудын лигт орсон урд хөршийн “Гуанжоу Эвергранд”, “Шанхай Шенхуа” багийн тоглолт одоогоор цуцлагдаад байна.

Тахал хурдацтай тархаж байгаа Итали улсад Сери А-гийн таван тоглолт үзэгчгүй зохион байгуулагдана. Тус лигийн аваргын төлөө ширүүн өрсөлдөж буй “Ювентус”, “Интер Милан”-ы тоглолт энэ дунд багтсан юм.


“Тоттенхэм” клубын довтлогч Сон Хын Мин энэ сарын эхээр гараа хугалсан. Тэрбээр хагалгаанд орохоор Сөүлд очоод буцсан юм. Гэхдээ тэр Засгийн газрынхаа зөвөлгөөг дагаж, Лондонд ирээд 14 хоног гэртээ тусгаарлагдахаар болсон юм.

“Ньюкастл”-ын босс Стив Брюс болон “Уэйст Хэм”-ын менежер Дэвид Мойес нар ч тоглогчдоо аюулгүй байлгах арга хэмжээ авчээ. Бэлтгэл дээр тоглогчид хоорондоо гар барихыг хориглосон юм.

Өнгөрсөн баасан гаригт Их Британид дахин гурван тохиолдол илэрч, энэ улсаас илэрсэн хүний тоо 19-д хүрсэн. Харин дэлхий даяар 50 гаруй улсад тархаж, 80 мянган хүн вирусын халдвар авсан бол 2800 гаруй хүн амиа алдсан юм.