Tag: Харри Кэйн

Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн шагайны бэртлийн улмаас гуравдугаар сар хүртэл талбайд гарахгүй болжээ.

“Манчестер Юнайтед” багийн эсрэг тоглолтод шагайндаа бэртэл авсан Х.Кэйн ирэх гуравдугаар сарын эхээр л бэлтгэлдээ эргэн ирэх бололтой. Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Борусси Дортмунд”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болов.

Ийнхүү “Тоттенхэм”-д маш том гарз учирлаа. Тус багийн солонгос довтлогч Сон Хын Мин Азийн АШТ-д оролцохоор шигшээ багаа зорьсон юм. Зөвхөн энэ улиралд гэхэд дээрх хоёр тоглогч “Тоттенхэм”-ийн оруулсан нийт гоолын 47 хувийг нь эзэлдэг.

Энэ жил 25 настай Харри Кэйн дасгалжуулагч Маурисио Почеттиногийн гол “зэвсэг” гэдэг нь ойлгомжтой. Энэ улиралд гэхэд 30 тоглолтод оролцоод 20 гоол оруулсан. Аргентин менежер “Тоттенхэм”-ийг удирдах болсноос хойш 217 тоглолтод 155 гоол оруулсан аж. 2014-15 оны улирлаас хойш “Тоттенхэм” Премьер лигт гол довтлогчгүйгээр 23 тоглолтод оролцоод 13-т нь ялсан баримт бий. Тэд мөн таван удаа тэнцэж, таван удаа хожигдсон үзүүлэлттэй.

Харри Кэйний өнжих магадлалтай тоглолтууд:


  • I.20: Фүлхэм (зочлон тоглолт – Премьер лиг)
  • I.24: Челси (зочлон тоглолт – Лигийн цом)
  • I.27: Кристал Палас (зочлон тоглолт – Холбооны цом)
  • I.30: Уатфорд (гэртээ – Премьер лиг)
  • II.2: Ньюкастл (гэртээ – Премьер лиг)
  • II.10: Лестер Сити (гэртээ – Премьер лиг)
  • II.13: Борусси Дортмунд (гэртээ – Аваргуудын лиг)
  • II.16: Холбооны цомын тавдугаар шат (хэрвээ шалгарвал)
  • II.23: Барнли (зочлон тоглолт – Премьер лиг)
  • эсвэл II.24: Лигийн цомын шигшээ тоглолт
  • II.27: Челси (зочлон тоглолт – Премьер лиг)
  • III.5: Борусси Дортмунд (зочлон тоглолт – Аваргуудын лиг)
  • III.9: Саутхэмптон (зочлон тоглолт – Премьер лиг)

Харри Кэйний хараал тайлагдав

Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кэйний наймдугаар сард гоолдож үзээгүй “хараал” тайлагдав. “Спэрс” энэ өдөр “Фүлхэм”-тэй учраа таарч, 3:1-ээр буулган авахад англи довтлогч гурав дахь гоолыг оруулснаар “Тоттенхэм”-ийн төлөө Премьер лигт 109 гоолтой боллоо.

Эхний хагаст бразил хагас хамгаалагч Лукас Моура гоолын салхийг хагалж, Премьер лигт анхны гоолоо гүйцэтгэсэн юм. Гэхдээ “Фүлхэм”-ийн серб довтлогч Александер Митрович хоёрдугаар хагасын 52 дахь минутад мөргөж, тооны харьцааг тэнцүүлэв.

Том биетэй, хүчээр ааглаж тоглодог А.Митровичийг колумб хамгаалагч Дэвинсон Санчес дийлэхгүй байсан тул М.Почетино түүнийг суулгаж, хашир туршлагатай Тоби Алдейвералдыг төвд үлдээгээд бельги хагас хамгаалагч Моусса Дэмбэлэг талбайд гаргалаа. Үр дүнд нь Киран Триппьер чөлөөт цохилтоос гоол оруулсан бол төгсгөлд нь Эрик Дайерийн оронд сэлгээгээр гарч ирсэн аргентин хагас хамгаалагч Эрик Ламелагийн дамжуулалтаар Х.Кэйн эцсийн цэгийг тавив. Харрид үүнээс эрт гоол оруулах боломж гарсан ч хөндлөвч оносон. Тэрбээр 2012 оноос хойш Премьер лигт зүтгэхдээ наймдугаар сард нэг ч гоол оруулж чадаагүй юм. Тэгвэл 1000 гаруй минутын турш гоол оруулаагүй хар дарсан зүүд нь төгсгөл боллоо.