Tag: хөлбөмбөгийн холбоо

Хөлбөмбөг: Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлав

Энэ сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд Японы эсрэг хийх хоёр дахь тоглолтоо хийнэ. Япончууд үүнээс өмнө БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн юм. “Цэнхэр самурайнууд” тус хоёр тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Английн “Саутхэмптон”-д зүтгэдэг довтлогч Такүми Минамино тэргүүтэй Европд хүч үздэг найман тоглогч энэ удаагийн бүрэлдэхүүнд багтжээ.

Япончууд энэ сарын 25-нд БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Ёкохамад болох тус тоглолтын дараагаар буюу энэ сарын 30-нд Чиба хотын “Фүкүда Денши” цэнгэлдэхэд Монголын шигшээ багийг хүлээн авах юм.

Тивдээ хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг Япон, Өмнөд Солонгосын баг 10 жилийн дараа ногоон талбайд уулзах юм. Тэд хамгийн сүүлд 2011 оны наймдугаар сард нөхөрсөг тоглолт зохион байгуулахад наран улсын хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон билээ.

Хашир туршлагатай хөлбөмбөгчдөөс гадна Хажими Моряасү найман тоглогчийг анх удаа шигшээд дуудсан байна.

Цар тахлын улмаас тус хоёр тоглолтыг үзэгчгүй зохион байгуулах юм. Түүнчлэн тоглогчид гарын үсэг болон бэлэг дурсгалын зүйл солилцохыг хориглосон аж.

Японы шигшээ багийн бүрэлдэхүүн


Хаалгагч

  • Шүсакү Нишикава (Урава Рэдс)
  • Шүйчи Гонда (Шимизү Эс-Пулс)
  • Дайя Маекава (Виссель Кобэ)

Хамгаалагч

  • Майа Ёшида (Сампдорья, Итали)
  • Шо Сасаки (Санфрекке Хирошима)
  • Кэн Мацүбара (Ёкохама Маринос)
  • Микирай Мицүрү (Кавасаки)
  • Шинносүкэ Накатани (Нагаяо Грампус)
  • Рёа Огава (ФС Токио)
  • Кэнхиро Томясү (Болонья, Итали)

Хагас хамгаалагч

  • Эсака Атал (Кашива Рэйсол)
  • Ватарү Эндо (Штутгарт, Герман)
  • Ита Жунья (Генк, Бельги)
  • Харакава Рики (Керезо Осака)
  • Минамино Такүми (Саутхэмптон, Англи)
  • Торү Фүрүхаши (Виссель Кобэ)
  • Хидемаса Морита (Санта Клара, Португал)
  • Хаяо Кавабэ (Санфрекке Хирошима)
  • Камада Дайчи (Керезо Осака)

Довтлогч

  • Юүя Осака (Вердер Бремэн, Герман)
  • Такүма Асано (Партизан Белград, Серб)

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан.

Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Говь-Алтай аймгийн шигшээ баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-нд амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор долоон жилийн хугацаанд үйл ажиллагааг идэвх зүтгэл гарган ажиллаж байна.

Энэ хугацаанд:

  • Говь-Алтай аймгийн анхны Улсын аварга шалгаруулах тэмцээний медалийг 2017 онд Идэрчүүдийн УАШТ-ний хүрэл медаль хүртсэн
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цом тэмцээнд 2017 онд футзалын насанд хүрэгчдийн шигшээ баг 7-р байр,
  • 2019 онд U-16 насны шигшээ баг шагналт 5-р байр,
  • 2019 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан Үндэсний цом тэмцээнд шигшээ 8 багт шалгаран 7-р байр,
  • 2020 оны Үндэсний цом тэмцээний нэгдүгээр шатанд 8-р байр,
  • Баруун бүсийн тэмцээнд өсвөрийн шигшээ баг 4 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль, 2 удаа хүрэл медаль,
  • УАШТ-ний шигшээ 8-д 1 удаа, шигшээ 16-д 2 удаа шалгарсан.

Аймаг орон нутгийнхаа алдар нэрийг өндөрт өргөн хөл бөмбөгийн спортыг орон нутагт хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлан 2017-2020 онд 14 сум 1 тосгонд 4,650 км зам туулан хүрч grassroots фестиваль цэцэрлэг, сургуулийн насны 6,854 хүүхэд багачууд нийт 18,600 эцэг эхчүүдийг хамруулан зохион байгуулсан байна.

30 байгууллагад 6,5 сая төгрөгийн хөл бөмбөгийн хэрэглэгдэхүүн гардуулж сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нийт 240 хүүхэд оролцсон нөхөрсөг тоглолт хийсэн байна.

Мөн Алтайн бүсийн аварга шалгаруулах футзалын тэмцээн, MFF-ийн D ангиллын сургалт, grassroots-ийн сургалтад 2 удаа нийт давхардсан тоогоор 105 багш, 370 хүүхэд багачууд тус тус хамруулан амжилттай зохион байгуулан ажилласаар.

Аймгийн хэмжээнд материаллаг бааз Тайшир, Халиун, Бигэр, Дарив сумдад 20×40 мини ногоон зүлгэн талбай, аймгийн төв Алтай хотод 90×45 м харьцаатай ногоон зүлгэн талбай, шинээр баригдаж буй төв цэнгэлдэх хүрээлэнд стандарт шаардлага хангахуйц ногоон зүлгэн талбай, Жаргалан сум 20х40 харьцаатай ногоон зүлгэн талбай тус тус баригдахаар төлөвлөгдөж байна.

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүдэд:
С.Пүрэвжав,
Д.Анхбаатар,
С.Мөнхнасан,
Х.Мөнхцогт, хөл бөмбөгийн холбооны нарийн бичиг, шигшээ багийн ахлах дасгалжуулагч АFC-ийн C зэрэглэлийн дасгалжуулагч Л.Хатанбаатар, шигшээ багийн дасгалжуулагч MFF-ийн D зэрэглэлийн дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ нар тус тус ажиллаж байна

Эх сурвалж: МХХ

Алтан түнштэй боллоо

“ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР АЖИЛЛАНА

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн Үндэсний Дээд Лигийн тэмцээний “Алтан түнш”-ээр цахим технологи, цахилгаан барааны дэлгүүр “Пи Си Молл” ажиллахаар болж өнөөдөр Монголын Хөл Бөмбөгийн Холбоотой хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Дэлхийн №1 үзэгчтэй спорт болох хөл бөмбөгт хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогддог. Тиймээс ч дэлхийн хэмжээний томоохон компаниуд энэ салбарт хөл тавьсаар байна.

Энэ жишгээр “Пи Си Молл” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөл бөмбөгийн ертөнцөд хөл тавьж байгаа нь бусад байгууллагуудад үлгэр жишээ болохуйц үйл явдал болж байгааг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар онцолсон юм.

Талууд 1 жилийн 200 сая төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд тэн хагасыг мөнгөн дүнгээр, үлдсэн үнийн дүнд МХБХ-г техник технологийн хувьд дэмжин ажиллахаар тохиролцсон байна.

Спортыг дэмжигч “Пи Си Молл” ХХК-ний хувьд дэлхийн шилдэг брендүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг бөгөөд Монголын Үндэсний Дээд Лигт “ Hisense “ брэндийг онцолж байна. “Hisense” брэнд нь Францын Пари Сен Жермейн багийн ивээн тэтгэгчээр ажилладаг төдийгүй ОХУ-д зохиогдсон 2018 оны Хөл Бөмбөгийн ДАШТ-ын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, 2020 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Ийнхүү Монголын томоохон компани хөл бөмбөгийн ертөнцийг илүү өрсөлдөөнтэй, үзүүштэй болоход түлхэц өгч, хөл бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хөл бөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигч, багш дасгалжуулагч нар гүн талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо