Tag: Чех

Цомыг хамгаалагч Португал болон нисдэг голландчууд тэмцээнийг орхилоо

Нидерланд 0:2 Чех

Хөлбөмбөгийн арвин их түүхийн эзэд болох нисдэг голландчуудын аялал энэ хүрээд өндөрлөлөө. Тэд энэ тоглолтод эсрэг багаасаа бүхий л зүйлээрээ дутмаг байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ төвийн хамгаалагч Матиас Де Лигт талбайг орхих хүртэл нөхцөл байдал тийм ч муу байсангүй. Тэрбээр 55 дахь минутад хаалгачийн эсрэг гарч болзошгүй довтолгоог гараараа зогсоосны улмаас улаан хуудас хүртэж талбайг орхисон юм. Энэ үеэс л чехүүд тоглолтыг бүтэн хяналтандаа байлгаж эхлэв. Ийнхүү 68 дахь минутад хагас хамгаалагч Томаш Холеш салхийг хагалсан бол 80 дахь минутад Патрик Шик эцсийн цэгийг тависнаар тэд шөвгийн наймд шалгарлаа. Чехүүд хамгийн сүүлд 2012 онд энэ шатанд хүрч байсан юм. Тэдний дараагийн учраа Данийн шигшээ баг. Харин улбар шарууд 2008 оноос хойш анх удаа хасагдах шатанд шалгарсан ч эхний тоглолтдоо бүдэрлээ.

Тоглолтын дараа Матиас Де Лигт “Мэдээжийн хэрэг сэтгэл гонсойж байна. Бид үндсэндээ миний алдаанаас болж хожигдлоо. Одоо бодоход би бөмбөгийг ойлгох ёсгүй байж. Ерөнхийдөө бид тоглолтыг хяналтандаа авсан байсан. Ялангуяа эхний хагаст хэд хэдэн боломжийг үүсгэсэн. Харин чехүүд олон боломж үүсгэсэн гэж би бодохгүй байна. Гэхдээ улаан хуудас бүхнийг өөрчилчихлөө.”

Тоглолтын шилдгээр эхний гоолын эзэн Томаш Холеш шалгарсан юм. Тэрбээр энэ талаар “Би ихэвчлэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эсрэг багийн хамгаалагчид намайг довтолно гэж тооцоолдоггүй бөгөөд үүнийг зарим үед давуу тал болгон ашигладаг. Өнөөдөр сайн тоглосондоо баяртай байна.”

Бельги 1:0 Португал

Евро 2020 тэмцээний сонгодог нэгэн тулаан энэ үдэш явагдлаа. Цомыг хамгаалагч Португалын шигшээ багийн эсрэг улаан чөтгөрүүд. Талбайд гарсан 22 хөлбөмбөгч төдийгүй сэлгээний сандал дулаацуулж буй тоглогчид нь хүртэл дэлхийн шилдгүүдээс бүрдсэн хоёр багийн тоглолтыг дэлхий нийт таалан чих даран хүлээж байлаа. 

Нүдээ цавчих завгүй 90 минутын хөлбөмбөгийн ялагчаар Бельгийн шигшээ баг тодорлоо. Цорын ганц гоолыг 42 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Торган Азар торгуулийн шугамны гаднаас цөм цохиж оруулсан юм. Энэ цагаас хойш португалчуудын довтолгоо улам ширүүсч тоглолтын турш хаалгаруу 23 удаа цохисон ч тусыг эс оллоо. Ийнхүү Кристиано Роналдогоор ахлуулсан европын бразилчууд гэртээ харихаар боллоо.

Бельгийн шигшээ баг дараагийн шатанд шалгарсандаа баярлаж болох ч тэд хоёр сүпер одоо бэртэлд алдлаа. Тэд бол ах Азар болон Кевин Де Брюйне. Тэдний бэртлийн талаар дасгалжуулагч Роберто Мартинез “Тэднийг яаж байгааг хэлэхэд эрт байна. Кевиний хувьд түүний шагай бэртсэн. Тэр хоёрдугаар үед тоглохыг оролдсон боловч бүтээгүй. Харин Эдений хувьд булчин зовиурласан. Ямартай ч бид тэдний оношлогооны хариуг хүлээх хэрэгтэй.”

Тоглолтын шилдгээр шалгарсан Торган Азар “Иймэрдүү тоглолтуудад гарсан боломжоо дээд зэргээр ашиглах хэрэгтэй. Бид чадлаа. Хаалгач намайг нөгөө буланд нь цохино гэж бодсон тул бөмбөг орлоо. Эх орныхоо төлөө гоол оруулсандаа баяртай байна.”

Португалийн дасгалжуулагч Фернандо Сантуш “Бид гунигтай байна. Зарим тоглогчид маань хувцас солих өрөөнд уйлж байна. Тэд бүх зүйлээ зориулсан шүү дээ. Бельги хаалгаруу 6 удаа цохиод л гоол оруулсан. Бид 29 цохилт хийж, хоёр ч удаа шон онолоо. Ялагдал бол ялагдал. Надад яг одоо хэлэх олон үг алга байна. Бид бүгд ялахыг хүсч байсан. Финалд шалгарч чадна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Үр дүнд ямар ч шударга бус зүйл байхгүй ээ. Тэд гоол оруулсан. Харин бид чадсангүй.”

Ялагдашгүй “Армадачуудын” аялал эхэллээ

Шотланд 0:2 Чех

Өнөөдрийн эхний тоглолтыг 25 жилийн дараа тивийнхээ аваргад зодоглож буй шотландчууд хийлээ. Олон мэргэжилтнүүд сенсаци тарих багаар тэднийг нэрлэж байв. Харамсалтай нь бодит байдал дээр хараахан тийм байсангүй. Тоглолтын 42 дахь минутад “Байер 04 Леверкузен”  клубын довтлогч Патрик Шик тооны харьцааг нээж чехүүд эхний үеийг тэргүүлэв. Хоёрдугаар хагас эхлээд удалгүй өнөөх л чех эр дахин хаалганы торыг хөдөлгөснөөр багтаа гурван оноог авчирлаа. Түүний хоёр дахь гоол энэ тэмцээний түүхэнд үлдсэн байна. Учир нь хаалганаас 45.44 метрийн зайнаас хаалгачийг хэмжиж оруулсан нь ЕАШТ-ий хамгийн холоос оруулсан гоол болон бүртгэгджээ. 

Тэрбээр тоглолтын дараа “Эхний тоглолт гэдэг үнэхээр чухал байдаг. Шотландчууд хүнд өрсөлдөгч ч гэсэн бид тулаанд бэлэн байсан. Хожсондоо маш их баяртай байна. Хоёр дахь гоолын тухайд би хаалгачийг урагш гарсныг анзаарсан. Эхний үед иймэрхүү нөхцөл байдал үүсч магадгүй байсан л даа. Иймээс би дахиж боломж гарахыг хүлээж байлаа. Дараагийн тоглолт Хорват. Тэдэнтэй тоглох өнөөдрийхөөс өөр байх болно. Гэхдээ бид бэлтгэлээ сайн базаанаа. Бидний эсрэг тоглох ямар ч багийн хувьд хэцүү байна. Учир нь бид багаараа маш их хичээж тоглодог. ”

Өнөөдөр шотландчуудаас ганц гялтайх зүйл нь багийн ахлагч Энди Робертсон байлаа. Шотланд залуу тус тоглолтод зургаан түлхүүр дамжуулалтыг өгсөн байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Шотланд улс биднийг сайн тоглохыг хүлээж байсан байх. Бид ч маш их догдолж өөрсдөдөө итгэлтэй байлаа. Манай залуус өнөөдөр муу байлаа гэж би хэлмээргүй байна. Зүгээр л бид боломжуудаа ашиглаж чадсангүй. Том тэмцээнд хэн боломжоо ашигласан нь хождог. Чех чадсан, харин бид үгүй. Дараагийн удаа өшөө илүү хичээх хэрэгтэй. Өнөөдөр том сургамж боллоо. ”

https://m.youtube.com/watch?v=r6b-lSMw1rA
Тоглолтын тойм

Польш 1:2 Словак

Өнөө цагийн хамгийн шилдэг довтлогчоор удирдуулсан Польшчууд тун тааруу тоглолтыг үзүүлэв. Тэд энэ өдөр гурван онооноос гадна багийн чухал нэгэн тоглогчоо мөн адил алдлаа. Тоглолтын 62 дахь минутад тэдний уураг тархи болсон хагас хамгаалагч Гжегорз Криховиак улаан хуудсаар торгуулсан юм. Тэр хүртэл эвийн гэрээрээг үргэлжилж байсан тоглолтын салхи ийнхүү эргэсэн. Ингээд 10-уулаа үлдсэн польшчууд үлдсэн хугацаанд юу ч хийж чадалгүй байсаар эцсийн шүгэлтэй золгосон юм. 

Роберт Левандовски тоглолтын талаар “Энэ тоглолтыг эргүүлсэн зүйл бол гарцаагүй улаан хуудас байлаа. Гэхдээ бид итгэл найдвараа алдалгүйгээр хоёр дахь гоолоо оруулахын төлөө тоглосон. Даанч маш хурдан эргээд гоол алдчихлаа.”

Словакын шигшээ багийн ахлагч Марек Хамшик “Итгэмээргүй үдэш байлаа. Цөөхөн хүн л өнөөдөр биднийг ялна гэж бодож байсан байх. Гэхдээ бид хожлын төлөө л талбайд гарсан. Би нэг сарын турш ногоон талбайдаа тоглолт хийгээгүй байсан. Үнэхээр сайхан байлаа.”

https://m.youtube.com/watch?v=O195fXqn8f4
Тоглолтын тойм

Испани 0:0 Швед

ЕАШТ хамгийн олон удаагийн аварга ялагдашгүй “Армадачууд” аялалдаа гарлаа. Гэхдээ энэ бүхэн тийм ч сайхан эхэлсэнгүй. Тэд энэ үдэш 17 удаа хаалгаруу цохиж 86 хувьтай бөмбөг эзэмшсэн ч тусыг эс оллоо. Өмнө нь ийм өндөр хувьтай бөмбөг эзэмшиж байсан баг тэмцээний түүхэнд байсангүй. Мөн тэд нэг үед хамгийн их оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн рекордыг /419/ эвджээ. 

Эсрэгээрээ шведчүүд энэ өдөр ажлаа сайн хийсэн гэхэд хилсдэхгүй. Цэвэр хамгаалалтан дээр суурилсан тэдний хөлбөмбөг нэг оноо авчирлаа. Испанитай хийсэн сүүлийн 12 тоглолтын 11-т нь хаалгаа мялаалгаад байсан шведчүүд өнөөдөр салхинаас өөр зүйлийг үүдээрээ оруулсангүй.

Энэ өдөр дасгалжуулагч Луйс Энрике 18 настай хүү Педриг талбайд гаргасан нь тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Спаниард” болголоо. Тэр энэ талаар “Энэ тэмцээнд дебютээ хийх нь хүүхэд бүрийн мөрөөдөл байдаг. Би аз жаргалтай байна. Тоглолтын тухайд бид маш олон боломж үүсгэсэн ч төгсгөж чадсангүй. Цаашдаа бид гоол оруулна гэдэгт би итгэлтэй байна Моратагийн хувьд тэр ч гэсэн хүн шүү дээ. Бүгд л алддаг. Түүнд дэмжлэг хэрэгтэй” хэмээн ярьжээ.

https://m.youtube.com/watch?v=L8qRSHDqpRg
Тоглолтын тойм