Tag: Эмилиано Сала

Осол: Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардав

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоосон болохыг цагдаагийн газраас мэдээлэв.

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Сала, нисгэгч Дэвид Ибботсон нарыг алга болсноос гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг зогсоолоо. Хөлбөмбөгчин болон нисгэгч хоёрыг Их Британи, Францын дунд байдаг “Channel Islands”-ын ойролцоо унасан гэж үздэг. Хэрвээ далайн усанд унасан бол амьд байх магадлалтай боловч өвлийн хахир цагаар удаан тэсэхгүй гэж албаныхан үзэж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллага эрлийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Ромина Сала

Албаны хүмүүсийн гаргасан энэ шийдвэр олон хүнд тэр дундаа гэр бүлийхэнд нь таалагдсангүй. Эмилианогийн төрсөн эгч Ромина Сала хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, дүүгээ амьд байгаа гэдэгт эгч хүний зөн совингоор мэдэрч байгаагаа зарлав. Тэрбээр “Тэд амьд байгаа гэдгийг мэдэрч байна. Бидний тусламж тэдэнд хэрэгтэй. Эрлийн ажиллагааг зогсоохгүй байхыг хүсч байна” гэж ярьжээ.

Гонзало Игуаин

Гэр бүлийнхнээс нь гадна Аргентинийн хөлбөмбөгчид эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардсан юм. Тодруулбал, “Челси”-гийн шинэ цэрэг Гонзало Игуаин, “Манчестер Сити”-гийн Серхио Агуэро, Николас Отаменди, “Ньюкастл”-ын Феде Фернандес, “Реал Мадрид”-ын Эзэкуаил Гарай нар өөрсдийн цахим хаягаар дамжуулан эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Осол: Эмилиано Сала гэж хэн бэ

Аргентинд төрсөн, Францад өссөн хөлбөмбөгчин эр сураггүй алга болов.

Гуравхан хоногийн өмнө Английн “Кардифф Сити” клубтэй гэрээ байгуулсан Эмилиано Салагийн сууж явсан онгоц сураггүй алга болсон талаар Францын агаарын тээврийнхэн мэдээлэв. Сураггүй болсон нисдэг тэргэнд түүнээс гадна нэг нисгэгч байсан гэнэ.


Эмилиано Сала Аргентинийн Санта Фед төрсөн ч Францад мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлж, “Нант” клубийн шилдэг тоглогч нарын нэг болсон юм. Энэ улиралд хоёр тоглолт тутамд нэг гоол оруулсаар нийт 12 гоолтойгоор Францын дээд лигт хамгийн олон гоол оруулсан таван тоглогчийн нэг болоод байв.

Хэдийгээр 28 настай (1990 онд төрсөн) хожим гялалзсан ч гэлээ “Нант” клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчоор тодорч, 15 сая фунт буюу 19.4 сая “ногоон”-ы үнээр “Кардифф Сити”-д очихоор гэрээ байгуулсан юм.

Э.Сала “Кардифф Сити”-гийн захирал Кен Чоогийн хамт

Явсан багаасаа гадна очсон багтаа ч тэр рекорд үнэ хүрсэн. Гэхдээ дөрвөн жилийн өмнө зээлээр өөр багт очиж, болвол нэг сая еврогоор зарахаар төлөвлөж байсан гэдгийг бодвол 19.4 саяд хүрсэн нь түүнийг энэ хугацаанд хэр сайжирсныг харуулж байна. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд 42 гоолын эзэн болжээ.

Энэ улиралд “Кардифф Сити”-гээс гадна “Уэйст Хэм”, “Эвертон”, “Лестер Сити”, “Кристал Палас”, “Фүлхэм”, “Саутхэмптон” гэх мэт олон багууд сонирхож байсан ч “Кардифф Сити” клуб рекорд үнээр худалдаж авсан. Түүнээс өмнө тус клубийн түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин бол 11 сая фунтын үнэ хүрсэн Гари Медель байлаа.

Э.Салагийн хуучин багийнхантайгаа авхуулсан сүүлийн зураг

Э.Салаг таван нисдэг тэрэг, хоёр аврагч багийнхан эрэл хайгуул хийж байна. Түүний сууж явсан онгоцны зарим хэсгийг олсон ч хүний цогцос байж болох ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Тиймээс эрэл үргэлжилж байгаа аж. Э.Сала онгоцоор нисч яваад унаж байгаагаа “WhatsApp” программ ашиглаж, гэр бүлийхэндээ мэдэгдэж амжсан гэнэ. Тэрбээр аав руугаа “Энэ онгоц сүйрэх нь. Хэн нэг нь туслаарай” гэж аудио бичлэг явуулсан байна.

Албаныхан тэднийг усан дээр газардсан байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хэрвээ энэ таамаглал үнэн бол тэднийг амьд олох боломжтой юм.