Английн “Челси” клуб өнгөрсөн долоо хоногт Сэм Алардайсын “Вэст Бромвич Албион”-д 2:5 харьцаатайгаар бут ниргүүлсэн билээ.
Харин энэ удаад Томас Тухелийн залуус заавал хожих даалгавартай гарч ирсэн юм. Германы Бундеслигээс ирсэн немц тоглогч Кай Хавертц, америк залуу Кристиан Пулишич нар онцгойрлоо. Хаверц найм дахь минутад гоолын салхийг хагалсан бол, ердөө хоёр минутын дараа түүний дамжуулалтаар Пулишич тооны харьцааг холдуулав. Улмаар эхний хагасын 30 дахь минутад хамгаалалтын ноён нуруу Курт Зума гоолдсон юм. Харин Рой Хожсоны “Болор орд”-ны залуусаас бельги довтлогч Кристиан Бендекэ 63 дахь минутад нэр төрийн ганц гоол оруулжээ. Харин 78 дахь минутад өнөөх Пулишич гоолдож “Болор орд”-ны залуусын эргэн ирэх хүсэл зоригийг бүрмөсөн үгүй хийв. Ийнхүү угсаатнууд маш чухал хожил байгуулж, гэзэг даран нэхэж байгаа Юргэн Клоппын залуусаас хоёр онооны дээр бичигдэж байна.
Тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Кай Хаверц өнгөрсөн оны аравдугаар сараас хойш лигт анхны гоолоо хийжээ. Сүүлд хэвлэл мэдээллээр олон удаа шүүмжлүүлсэн тэрбээр тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний байрлалд олон гоол оруулах боломж бий. Харин өнгөрсөн хугацаанд тийм боломж ч надад хангалттай олдоогүй .Харин энэ тоглолтод боломж их гарлаа. Бүр хоёр ч гоол нэмж оруулах боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Гэхдээ үр дүнд сэтгэл хангалуун байна” гэж ярьжээ.
Харин энэ улиралд гол хамгаалагчдаа бэртэлд алдсанаас хойш алдарт “Энфилд” цэнгэлдэхдээ найман тоглолт хожил аваагүй Юрген Клоппын “Ливерпүүл” клуб “Астон Вилла”-г 2-1 харьцаагаар хожиж “Челси”-г гэзэг даран нэхэж байна.
Тоглолт эхлэхэд Улаануудаас ахлагч Жордан Хендерсон, Жоел Матип, Виржил Ван Дайк, Жо Гомес, Келлехар, Дивок Ориги нар гэмтэлтэй байсан бол “Астон Вилла”-гийн гол тоглогч Жек Грелиш, Уэсли нар гэмтэлтэй өнжсөн. Тоглолтын эхнээс л бөмбөг эзэмшин эсрэг багийнхаа эсрэг нэлээд боломж үүсгэж байлаа. Харин зочин баг сөрөг довтолгоо хийж гоолын боломж хайж байв. Тоглолтын эхэнд Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарретт Саутгетийн анхааралд өртсөн Тайрон Мингс бүдүүлэг алдаа гаргаж бөмбөгнөөсөө зөрсөн ч египет довтлогч Мохаммед Салах сайхан боломжийг ашиглаж чадаагүй. Үүнээс нэг их удалгүй Роберто Фирминогийн оруулсан гоолыг шүүгч бичлэг үзсэний эцэст тооцоогүй. “Бирмингхэм”-ээс ирсэн зочид бөмбөг таслан сөрөг довтолгоогоо хийж, тэр нь ч амжилттай болж тоглолтын 43 дахь минутад Олли Уоткинсийн оруулсан бөмбөгөөр хошуучилж эхлэв. Харин Улаанууд эсрэг багийнхаа нягт хамгаалалтыг эвдэхээр олон довтолгоо зохион байгуулсаны эцэст жигүүрийн хамгаалагч Робертсоны алсын хүчтэй цохилтыг Мартинэс дутуу зайлуулахад Салах зөв газраа зөв цагтаа мөргөж тоог тэнцүүлэв. Түүний дараа Салахын нутгийн довтлогч Трезегет Олли Уоткинсын дамжуулалтыг хүлээн авч, хөлийн гадар хэсгээр хүчтэй цохиж хаалганы шонг онож нэлээн сандаргасан. Улаанууд сэлгээгээр Шакириг оруулж ирэн довтолгоог улам эрчимжүүлсний үр дүнд тоглолтын 90+1 минутад Трент Александр Арнолдын хожлын гоолоор маш чухал гурван оноогоо халааслав.