Английн шигшээ багийн ахлагч асан Уэйн Руни өнгөрсөн онд цагдаагийнханд саатуулагдсан гэнэ. Энэ талаарх мэдээллийг тухайн үед нууцалсан аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Виржиниа муж улсад түүнийг саатуулсан гэнэ. Түүний шүүх хурал өнгөрсөн ням гаригт болсон бөгөөд энэ үеэр англи эрийг хууль зөрчсөн болохыг нь сэтгүүлчид мэдсэн юм.
Тэрбээр олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэж, агсам тавьсан тул саатуулагдсан бололтой. Тодруулбал, нисэх онгоцны буудал дээр зохисгүй авир гаргасан тул цагдаагийнхан түр саатуулсан гэнэ. Харин У.Рунигийн танхайрсан үйлдэлд шүүх 25 ам.долларын торгууль оноож, нэмээд шүүх ажиллагааны төлбөр болох 91 “ногоон” төлөхийг шаардсан байна.