Tag: гайхамшиг

Жижиг хотын том багийн тунхаг

1998 онд Испанийн хөлбөмбөгийн дээд лигт анх дэвшин гарч ирсэн Вильярреал Европын тавцанд анхны цомоо өргөж гайхамшгийг бүтээлээ. Талбайн 22 тоглогч бүгд торгууль цохиж, зөвхөн Де Хеа алдсанаар Шар шумбагч хөлөг Европа лигийн цомыг өргөлөө.

Торгуулийн цохилт алдаж Ман.Ю-г цомгүй хоцроосон Давид Де Хеа олон нийтийн сүлжээний дайралт, доромжлолд бөмбөгдүүлж, эхнэр Эдурне нь хамгаалж мэдэгдэл хүртэл хийхэд хүргэв. Де Хеа яалт ч үгүй сэтгэлийн дарамттай байсан. Нэгдүгээр хаалгачийн байр сууриа алдаж, Ман.Ю-гаас залхаж, сэтгэл санаа онцгүй болсон байсан. Ийм байхад финалд гараанд гаргасан нь Сульшерийн цор ганц тактикийн алдаа байсан хэмээн тоймчид онцолж байна. Торгуулийн цохилт ээлж дарааллан цохисоор эцэст нь хаалгач дээр ирж, Рулли итгэлтэй нь аргагүй зоогоод, дараа нь Де Хеагийн цохилтыг хааж аварга болоод л…

Фэнүүд бүх насаараа мөрөөдөж болох гайхалтай тоглолтын гэрч боллоо. Тоглолт тэнцээгээр өндөрлөж торгууль цохих магадлал ихтэй гэж үзээд Вильярреалын тоглогчид 11-ийн цохилтыг сайн давтсан нь гарцаагүй. Бүр хаалгач дээр ирнэ гэж хэн ч тооцоолоогүй, Вильярреалын хаалгач Рулли ч нэг их торгуулийн цохилтын бэлтгэл хийгээгүй байж магад. Гэвч тэрээр юмыг яаж мэдэхэв гээд 11-ээс хэрхэн найдвартай цохих ганцаарчилсан бэлтгэл хийсэн нь илт байна хэмээн Испанийн спортын хэвлэлүүд хошигнон бичиж байна.

Манчестер Юнайтед Европын тавцанд найман удаа финалд гарч тавд нь ялж, гуравт нь ялагдаж цомоо алдахдаа гурвууланд нь Испанийн багтай таарчээ. Бас л нэг юм хэлж буй үзүүлэлт. Тэд фаворит гэдгээ мэдэж байсан. Мөн Испанийн баг торгуулийн цохилт түрүүлж цохих эрхийг авсан нь хурган аз гэлтэй. Гэхдээ хурган аз том амжилт дагуулах нь зөвхөн бэлтгэл, тактик, сэтгэл зүй билээ.

50 мянгахан хүн амтай Вильярреал хотын баг Европын тавцанд алдраа ийнхүү чангаар тунхаглав. Ийм тохиолдол урьд өмнө гарч байсангүй. Шигшээ тоглолтод гарсан 22 торгуулийн цохилт ч анхны тохиолдол. Энэ давтагдах нь юу л бол.

Ийм гайхамшгийг бүтээж аварга болно гэдэг л жинхэнэ хөлбөмбөг, жинхэнэ галзуурал, шаналал, таашаал билээ.