Tag: Испанийн лиг

Суарез Барсагаас хөөгдсөн ч

Өдгөө 33 настай Уругвай довтлогч Барсагаас хөөгдсөн ч Атлетикотой аваргын төлөө.

Өнгөрсөн зун Каталоны нэр төр Барселонагаас зохисгүй байдлаар явуулсанд сэтгэл дундуур байсан Уругвай довтлогч өнгөрсөн долоо хоногт нэг ярилцлага өгөхдөө “Энэ бол үнэхээр жигшмээр зүйл” байсан тухай хэлсэн.

Барселонагаас явах болсон нь түүнийг илүү хурцалсан гэлтэй Атлетикогийн өмсгөлтэйгөөр тоглолтоос тоглолтонд гоол оруулж Испаний хоёр гигантаас даруй найман оноогоор илүү хүснэгтийг тасархай тэргүүлж явна.

Өнгөрсөн даваа гаригт тэрээр Селта Виго багийн эсрэг улирлын 15, 16 дахь гоолуудаа хийсэн ч тоглолт 2-2 оор дууссан юм. Суарезийн тоглолтын сүрдмээр нэг статистик байгаа нь эхний 17 тоглолтонд 16-н гоол оруулахдаа 79 минутанд 1 гоол гэсэн дундаж үзүүлэлт юм.

Энэ амжилтанд ид үедээ байсан Криштиану Роналду ч хүрч чадаагүй. Луис Суарез багтайгаа тоглолтоос тоглолтонд оноо цуглуулж байх энэ үед гол өрсөлдөгчид тогтвортой амжилт үзүүлж чадахгүй байна. Ялангуяа хуучин клуб Барселонагийн удирдлагууд үүнд нилээд эмзэг хандаж байна.

“Түүн шиг шилдэг довтлогчийг явуулдаг маш буруу зүйл байсан бөгөөд явуулахдаа бүр өрсөлдөгч багруугаа явуулсан нь бүр тэнэг зүйл”

Хуучин хамтрагч Лионел Месси:

Ургувай довтлогч сүүлийн жилүүдэд илт тайван болсон нь энэ улиралд дөнгөж гурван шар карт хүртсэнээс харагдаж байна. Тэрээр 2014 оноос хойш Испаний Ла Лигт тоглосон замналынхаа туршид хамгийн бага карт хүртэж байгаа улирал нь энэ юм.

Орчуулсан: С.Жамсранжав

“Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Эрнесто Велвердегийн оронд “Барселона”-гийн дасгалжуулагчаар томилогдсон Энрике “Кике” Сетьен гэж хэн бэ?

Цагтаа “Реал Бетис” клубийг чамгүй амжилттай удирдсан К.Сетьений тухай 8 баримтыг сонирхуулья.

  1. Түүний спортын замнал элсний хөлбөмбөгөөр эхэлсэн. Элсний хөлбөмбөгөөр улсынхаа шигшээд багтаж байв.
  2. Залуудаа “Эл Маестро” хочтой байсан К.Сетьен “Расинг Сантандер” клубийн бахархал болсон тоглогчдын нэг. Одоогоор Испанийн хоёрдугаар дивизионы лигт данстай энэ клубт 12 жил зүтгэж, хожим 2001-2002 онд дасгалжуулагчаар ажиллаж байв.
  3. Тэрбээр тоглогч байхдаа одоогийн баг болох “Барселона”-гийн эсрэг 22 удаа талбайд гарч, 5 хожиж, 5 тэнцээд 12 ялагдсан үзүүлэлттэй. “Барселона”-гийн эсрэг хоёр удаа гоол оруулжээ.
  4. Харин дасгалжуулагч болоод Каталаны багийн эсрэг 7 удаа тоглож, нэг удаа хожсон гэнэ. 2018-19 оны улиралд Камп Ноуд хожил авчээ.
  5. Дасгалжуулагчийн замналдаа “Расинг Сантандер”, “Полидепортиво”, “Логроньес”, “Луго”, “Лас Палмас” болон “Реал Бетис” зэрэг дандаа нутгийнхаа багуудыг удирдсан даруухан түүхтэй нэгэн.
  6. Түүнийг “Камп Ноу”-д зочилсон нэгэн тоглолтын дараа “Барселона”-гийн тоглогч Серхио Бускетс хүндэлж явдгаа илэрхийлж, өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дурсгал болгож байжээ.
  7. К.Сетьен “Барселона” болон Лео Мессиг дэмждэг гэдгээ үргэлж илэрхийлдэг байв. Л.Мессиг манай гаригийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэж ярьсан удаатай.
  8. Залуудаа хөлбөмбөгчин, одоо дасгалжуулагч болсон 61 настай энэ эр чөлөөт цагаараа шатар нүүх дуртай. Тэр ч бүү хэл шатрын дэлхийн аварга асан Анатоли Карпов, Гари Каспаров нартай шатар нүүж явсан туршлагатай гэнэ.

Жерард Пике ба “ФС Андорра”

Испанийн шигшээ болон “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пике тоглогчоос гадна багийн эзний статустай. Тэрбээр Испанийн тавдугаар лигт хүч үздэг “FC Андорра” багийн эзэн билээ.

Далайн түвшнээс дээш 1219 метрт байрлах 530 хүний суудалтай “Эстади Прада де Молес” цэнгэлдэх хүрээлэнд “ФС Андорра” баг тоглолтоо хийдэг. Испанийн тавдугаар дивизионд харьяалалтай энэ жижигхэн багийн эзэн нь нэрт хөлбөмбөгчин Жерард Пике юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ж.Пике тэргүүтэй “Kosmos” бизнесийн групп энэ багийг худалдаж авсан билээ.

“ФС Андорра” клуб 1942 онд байгуулагдсан. Испанийн лигт 1948 оноос хойш зүтгэж байгаа аж. Ж.Пике энэ багийг худалдаж авахаас өмнө тэд санхүүгийн хувьд тун хүнд байдалд орсон байжээ. Тухайн үед энэ багийг худалдаж авах зүрхтэй бизнесмэн байсангүй.

Харин Ж.Пике багийг худалдаж авсан даруйдаа шинэчлэл хийв. Хамгийн түрүүнд “Барселона” багт зүтгэж явсан Габри болон Алберт Хоркера нарыг ахлах болон туслах дасгалжуулагчаар томилжээ. Габри бол “Барселона”-д 13 жил зүтгэж, 2006 онд Аваргуудын лигийн цом хүртсэн нэгэн. Өдгөө 40 настай испани эр Барсагийн академи болон Швейцарийн “ФС Сион” клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаад “ФС Андорра”-г удирдах болжээ.

Дасгалжуулагч Габри

Габри өмнө нь хагас мэргэжлийн багт ажиллаж байсангүй. Энэ багийн тамирчид нь өдрийн цагаар ажиллаж, орой нь бэлтгэлээ хийдэг.

Энэ клуб өнгөрсөн сард лигтээ түрүүлж, дээшээ дэвших болзлоо хангасан юм. Жирийн тоглолтыг нь 300-400 хүн үздэг байсан бол аварга болохыг нь харах чухал тоглолтыг 1500 хүн үзэж, рекорд тогтоожээ. Дэвших болзлоо хангасан тэд ирэх улиралд “Tercera” лигт тоглож, 24 жилийн дараа “Copa del Rey”-д тоглох эрхээ авсан юм. Испанийн цомын тэмцээн сугалаагаар өрсөлдөгч нь тодордог тул тэд багийн эзнийхээ харьяалагддаг “Барселона”-тай ч учраа таарч мэдэх аж.

З.Зидан эргэн ирлээ

Францын нэрт хөлбөмбөгчин асан Зинедин Зидан Испанийн “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо.

Өмнө нь “Реал”-ын хамт Аваргуудын лигт гурван жил дараалан түрүүлсэн амжилттай З.Зидан өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн юм. Гэвч 9 сарын дараа буюу 284 өдрийн дараа эргэн ирлээ. Энэ удаад З.Зидан гурван жилийн гэрээ байгуулж, 2022 оны улирал дуустал зүтгэхээр болжээ.

Испанийн Ла Лигт “Реал” тэргүүлэгч “Барселона”-гоос 12 оноогоор хоцорч, хүснэгтийн гуравдугаарт бичигдэж буй. Мөн сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас хасагдсан нь дасгалжуулагчийн түр үүрэг гүйцэтгэж байсан С.Солариг халах том шалтгаан болсон юм.

“Реал”-ын Ерөнхийлөгч Флорентина Перес дөрөв хоногийн өмнө З.Зидан руу утасдаж, эргэн ирэх санал тавьсан гэнэ.

З.Зидан хэвлэлийн бага хурлын үеэр “Эргэн ирсэндээ баяртай байна. Маргаашнаас ажилдаа орно. Багаа одоогийн түвшнээс ахиулахын тулд өөрийнхөө чадах бүхнийг хийх болно. Би “Реал”-д хувьцаа эзэмшдэггүй, ямар ч өр зээл байхгүй. Энэ багт хайртай учраас саналыг нь хүлээн авсан юм” гэж ярьжээ.

З.Зиданы өмнө нь “Реал”-ыг дасгалжуулж байхдаа дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч нарын нэг байв. Харин одоо 2022 он хүртэл жилд 9.5 сая “ногоон” халааслах бололтой.

“Барселона” клубийн тоглогчдын дундаж цалин 10 сая фунт хүрчээ

Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох “Барселона” клуб багийн спортын түүхэнд анх удаа цалингийн дундаж нь 10 сая фунтэд хүрсэн баг болжээ. 

Даваа гаригт олон нийтэд танилцуулсан “Global Sports Salaries”-ийн судалгаагаар Каталаны клубийн 23 тоглогчийн дундаж цалин 10.45 сая фунт (13.76 сая ам.доллар) хүрч, багийн спортын түүхэнд дээд амжилт тогтоожээ.

“Барселона” клуб аргентин довтлогч Лионель Месситэй шинэ гэрээ байгуулж, жилийн 60 сая ам.долларын цалин өгч байгаа бөгөөд Филиппе Коутиньо, Артур, Малком болон Артуро Видаль нарын тоглогчдод өндөр цалин өгөх болсон нь тэднийг рекорд амжилтад хүргэхэд тус болсон бололтой.

Хамгийн их цалин өгдөг ТОП 12 баг

Испанийн Ла лигийн өөр нэг төлөөлөл болсон “Реал Мадрид” клуб 8.1 сая фунт буюу 10.6 саяыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдсэн. Харин өнгөрсөн жил уг үзүүлэлтийг тэргүүлж байсан NBA-гийн “Оклахома Сити Тандер” 7.5 сая фунт (10.33 сая ам.доллар) зарцуулдаг үзүүлэлтээр гуравдугаарт жагссан юм. Тэдний араас “Голден Стэйт Уорриорс” 10.2 сая ам.доллар, “Вашингтон Визардс” 10.0 сая ам.долларыг цалинд өгдөг. Ингэснээр дээрх гурав АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд 10 сая “ногоон” давсан цалин олгодог анхны багууд болсон аж. Харин NBA-гийн нийт багийн дундаж цалин 5.9 сая фунт буюу 7.8 сая ам.долларыг цалинд зарцуулдаг үзүүлэлтээр бусад лигүүдийг тэргүүлдэг.

 

Италийн “Ювентус” клуб Криштиану Роналдуг багтаа авсан тул өнгөрсөн жил 32-т жагссан үзүүлэлтээс уг жагсаалтын есдүгээрт бичигдэх болов. Уг жагсаалтын аравдугаарт Английн “Манчестер Юнайтед” багтсан юм.

Хулен Лопетеги халагдлаа

Испанийн “Реал Мадрид” клубийн удирдлага дасгалжуулагч Хулен Лопетегиг албан ёсоор халж байгаагаа зарлав. Өнгөрсөн зургадугаар сард Зинедин Зиданы оронд дасгалжуулагчийн албанд томилогдсон Хулен улирал эхлээд 14 тоглолтын дараа албан үүргээ хүлээлгэн өгөв.

Өнгөрсөн ням гаригт Эл Классикод гол өрсөлдөгч “Барселона”-гийн талбайд 5:1-ээр ялагдсан юм. Тус тоглолтод эсрэг багийн лидер Лионел Месси тоглоогүй. Луис Суарес хет трик хийж, багаа ялалтад хөтөлсөн билээ.

Энэ тоглолтын дараа Эзэн хааны баг Ла Лигийн хүснэгтэд есдүгээр байрт бичигдэж, Каталаны клубээс долоон онооны зөрүүтэй нэхэж явна.

Өдгөө 52 настай Хулен Лопетеги 2016-18 оны хооронд Испанийн шигшээ багийг дасгалжуулж байгаад ДАШТ эхлэхээс гурав хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Испанийн шигшээгийн 17 хүртэлх насны залуучуудын багт туслахаар ажилласнаас эхлээд бүх насны шигшээг удирдаж байв.

Түүний оронд түр хугацаанд Сантиаго Солари “Реал”-ыг дасгалжуулна. Аргентин эр 2013 оноос “Реал”-ын залуучуудын багийг, 2016 оноос “Реал Мадрид Б” багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан юм.

Лионель Мессигийн төрсөн ах ял сонслоо

Аргентинийн нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн төрсөн ах Матиас Месси Аргентинийн шүүхээс ял сонслоо. Тэрбээр удаа дараа зөвшөөрөлгүй галт зэвсэг ашигласан хэргээр 2.1 жил нийтийн үйлчилгээнд туслах ажил хийхээр болсон юм.

Өдгөө 35 настай Матиас өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Парана гол дээр моторт завиар явж байхдаа осолд орсон. Ослын улмаас Матиас эрүүгээ хугалж, гэмтсэн билээ. Цагдаа нар ослын газраас галт зэвсэг олсон тул шүүхэд дуудсан аж. Матиасын өмгөөлөгчид түүний буу биш хэмээн мэлзсэн ч тус болоогүй юм.

Матиас Месси өмнө нь хэд хэдэн удаа галт зэвсэг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутгагдаж байсан билээ. Тодруулбал, 2015 онд түүний машинаас зөвшөөрөлгүй галт зэвсэг олдсон бол одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 онд олон нийтийн газар цэнэглэсэн буу ашиглахыг завдсан хэргээр баривчлагдсан удаатай.

Матиас бол нэрт хөлбөмбөгчин Мессигийн хоёр дахь ах юм. Түүний хамгийн том ах нь 38 настай Родриго юм.

Ла лигийн улирлын тоглолт АНУ, Канадад болно

Испанийн Ла лигийн улирлын тоглолт АНУ болон Канадад зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Америк хөлбөмбөгийн “Майами Долфинс” багийн эзэн Стивен Росс мэдээлсэн юм.

ESPN-ий сэтгүүлч Жефф Карлислийн мэдээлснээр бол одоогоор яг аль тоглолт хэзээ болох нь тодорхойгүй ч “Майами Долфинс” багийн “Хард Рок” цэнгэлдэхэд Ла лигийн хоёр тоглолт болохоор төлөвлөж байгаа аж.

Испанийн Ла лигийн зүгээс уг мэдээллийг албан ёсоор баталсан байна. Одоогоор аль тоглолтыг АНУ-д болохыг шийдвэрлээгүй байгаа ч энэ улиралд эсвэл ирэх улирлаас америкчууд хайртай багийнхаа тоглолтыг эх орондоо үзэх боломж бүрдэнэ гэж таамаглаж буй.

Хоёр талын хэлэлцээрээр Ла лигийн тоглолт АНУ-д 15 жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. Энэ нь Европын хөлбөмбөгийн багуудын хувьд анхдагч болно. Цаашлаад Английн Премьер лиг болон Герман, Итадийн хөлбөмбөгийн дээд лигийн улирлын тоглолт Хойд Америкийн нутагт болохоор хэлэлцээр явагдах төлөвтэй байгаа талаар шинжээчид мэдээлсэн юм.

 

Өмнөд Азийн найман оронд Ла лиг үнэгүй цацагдана

“Facebook” компани Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутагт ноёрхлоо тогтоохын тулд Испанийн Ла лигийг тус бүс нутагт үнэгүй цацах эрхийг худалдан авлаа. Тус компани Леонил Месси тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг гурван жил эзэмших юм. Үүгээр ч зогсохгүй ирэх баасан гаригт нээлтээ хийх шинэ улирлаас эхлээд бүх 380 тоглолтыг дамжуулна. Ийм эрх эдлэх найман улсаар Энэтхэг, Афганистан, Бангладеш, Бутан, Балба, Малдивийн арал болон Шри Ланка, Пакистан улс байх аж.

Энэтхэг улсад Ла лигийн тоглолт шууд дамжуулах эрхийг өмнө нь “Sony Pictures Network” эзэмшиж байсан юм. Тэд 2014 онд дөрвөн жилийн хугацаанд 32 сая ам.доллароор уг эрхийг худалдаж авсан. Харин өдгөө “Facebook” ямар үнээр дээрх эрхийг авсан нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 90 сая “ногоон” гэж таамаглаж буй. Энэ нь “Facebook”-ийн шууд дамжуулж буй анхны спорт контент биш. Тус компани MLB (мэргэжлийн бэйсболын лиг)-гийн улирлын 25 тоглолтыг шууд дамжуулах эрхийг 1 сая ам.доллароор худалдаж авсан. Ингэхдээ уг спортыг сурталчлах зорилгоор дэлхий дахинд үнэгүй үзүүлдэг. Сонирхуулахад, ирэх улирлаас “Amazon” Английн дээд лигийн 20 тоглолтыг өөрсдийн төхөөрөмжөөр шууд дамжуулах эрх авсан юм.

“Facebook”-ийн Олон улсын тэмцээн уралдааныг шууд дамжуулах салбарын захирал Петер Хаттоны мэдээлснээр тус компани цаашид ч спортын шууд дамжуулах цар хүрээгээ улам бүр тэлэхээр төлөвлөсөн аж.

Испанийн Ла лигийг үздэг хүмүүс Энэтхэгт олон бий. Үүний баталгаа нь 2016 онд Шинэ Дэли хотод Ла лигийн салбар байгуулагдсан явдал. Тус салбарын менежер Хосе Антонио Качаса “Энэ бол эхний алхам юм. Бид цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа” гэж ярьсан байна.

Зөвхөн Энэтхэгт “Facebook” хэрэглэдэг 241 сая хэрэглэгч бий. Энэ нь АНУ-ын нийт хэрэглэгчидтэй тэнцүү тоо аж. Гэхдээ цаашид энэ тоо өсөх магадлалтай.

Өнгөрсөн жилийн байдлаар Энэтхэгийн хүн ам 1.3 тэрбумд хүрсэн. Энэ тоо 2030 онд 1.5 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Энэ жил 500 сая хүн шинээр интэрнэт холбогдсон мэдээлэл ч байгаа юм.

Гэхдээ энэ шийдвэр Энэтхэг болон тус бүс нутагт амьдардаг ихэнх иргэдэд таалагдаагүй бололтой. Тэд интэрнэтээр бус зурагтаар үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, багагүй бухимдаад амжсан.

“Facebook”-ийн ерөнхий захирал Марк Цукерберг дэлхий даяар амьдарч буй таван тэрбум хүнийг холбох хүсэлтэй байгаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ талаар Испанийн Барселона хотод болсон “Mobile World Congress”-ийн үеэр мэдэгдэл хийж, энэ зорилгодоо хүрэхийн тулд хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Тиймээс Энэтхэг болон Өмнөд Азийн энэ бүс нутгийн хэрэглэгчдийг татах арга зам хайж байсан юм. Өнгөрсөн жил түүний удирддаг компани Энэтхэгийн крикетийн лигийн шууд дамжуулах эрхийг 610 саяар худалдаж авахаар санал тавьсан ч цаадуул нь татгалзсан хариу өгсөн гэдэг.

 

 

Тибо Куртуа “Реал Мадрид”-ын тоглогч боллоо

Бельгийн шигшээ багийн хаалгач, ДАШТ-ий алтан бээлий шагналт Тибо Куртуа Английн “Челси”-г албан ёсоор орхиж, Испанийн “Реал Мадрид” багт очлоо.

“Челси” клуб од тоглогчоо “Реал Мадрид” руу зарах шийдвэр гаргасныхаа үр дүнд хорват хагас хамгаалагч Матео Ковачичийг бүтэн улирал зээлээр тоглуулах боломжтой болсон юм. Түүнчлэн “Реал” гэрээ нь дуусахад нэг жил дутуу буй бельги хаалгачийг эгнээндээ оруулахын тулд хуучин багт нь 35 сая фунт төлөх аж.

Өдгөө 26 настай хаалгач ДАШТ-ий алтан бээлий шагнал хүртсэн. Түүнчлэн “Челси”-гийн хамт Премьер лигийн аваргаар хоёр удаа тодорч, лигийн цом болон холбооны цомын эзэн болсон билээ. Тэрбээр 2011-2014 оны хооронд “Атлетико Мадрид” клубт зээлээр тоглож, Европа лигийн аварга, Европын супер цомын аварга, Аваргуудын лигийн мөнгөн медаль, Хааны цом хүртэж, Ла лигт түрүүлж байсан туршлагатай.

“Реал” шинэ тоглогчтойгоо зургаан жилийн урт гэрээ байгуулсан талаар албан ёсны твиттер хуудсандаа мэдээлсэн юм. Т.Куртуаг авснаар “Реал”-ын олон жил яригдсан “Манчестер Юнайтед”-ийн Дэвид Де Хеаг авна гэсэн цуурхал төгсгөл боллоо.

Түүнчлэн “Челси” клуб албан ёсоор Матео Ковачичийг зээлээр авч буйгаа зарласан. Тэд бельги хаалгачаа зарж, оронд нь багаасаа явах хүсэлтэй байгаа М.Ковачичийг зээлэх талаар ярилцсан нь амжилтад хүрсэн бололтой.

Өдгөө 24 настай М.Ковачич 2015 оны наймдугаар сард Италийн “Интер”-ээс 32 сая еврогоор “Реал”-д очсон юм.

Харамсалтай нь, гурван улирлын турш Ла лигийн 37 тоглолтод гараанд гарч, Аваргуудын лигт гурван удаа түрүүлэхэд нь нэг ч минут талбайд тоглоогүй.

Энэ нь “Сантиаго Бернабеу” цэнгэлдэхэд өнөө цагийн хамгийн шилдэг хагас хамгаалалтын хослол болох Тони Кроос, Лука Модрич нар байсантай холбоотой юм.

Талбайд тоглох боломж олдоогүйд М.Ковачич сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин “Челси”-д шинэ дасгалжуулагч Маурицио Сарригийн удирдлага дор Н’Голо Канте болон шинээр ирсэн Жоржиньо нарын хамт гараанд гарна гэж шинжээчид таамаглаж байна.

 

 

Кепа Аррисабалага дэлхийн хамгийн үнэтэй хаалгач

Английн “Челси” клуб Испанийн “Атлетик Билбао”-гийн залуу хаалгач Кепа Аррисабалагагийн төлөө 80 сая евро төлөхөөр боллоо. Ердөө хагас жилийн өмнө 17.9 сая фунтын үнээр “Реал Мадрид” руу очих тун дөхсөн залуу эр зургаан сарын дараа 71.6 сая фунтын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй хаалгачаар тодорсон юм.

Энэ зун дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгачийн үнэ хоёр удаа шинэчлэгдэв. Өмнө нь бразил эр Алиссоны төлөө “Ливерпуль” клуб 67 сая фунт төлж, рекорд тогтоосон. Энэ дээд амжилт бүтэн зуныг ч өнгөрүүлсэнгүй.

Гэхдээ энэ үнэ 24 цаг хүрэхгүй хугацааны дараа дахин шинэчлэгдэхийг үгүйсгэхгүй. Испани залууг эгнээндээ нэгтгэснээр “Челси” клуб бельги хаалгач Тибуа Куртуаг “Реал Мадрид” руу явуулах нь тодорхой болсон. Учир нь бельги хаалгач “Реал”-д очихыг хүсч буй юм. Т.Куртуа бэлтгэлдээ оролцохгүй байгаа учир түүнийг наймааны цонх хаагдахаас өмнө Испанийн баг руу явуулах шаардлагатай.



Т.Куртуа хүүхэд байхдаа Мадрид хотод амьдарч байсан тул Испанид очихыг хүсдэг нь нууц биш. Харин “Челси”-гийн хувьд Английн лигт дассан Жордан Пикфорд, Жэк Батлэнд, Каспер Шмейхель нараас илүү испани залууд итгэл хүлээлгэсэн юм. Ирэх аравдугаар сард 24 нас хүрэх Кепаг лигийн эхний тоглолтод гараанд гаргахаар төлөвлөж байгаа талаар Английн хэвлэлд онцлоод эхэлжээ. Тэрбээр Лондоны клубтэй таван жилийн гэрээ байгуулсан бололтой.

 

Матео Ковачич “Челси”-д очих болов

Испанийн “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч, хорват залуу Матео Ковачич Английн “Челси” клуб рүү зээлээр тоглохоор тохиролцоонд хүрчээ. Хэрвээ энэ шийдвэр богино хугацаанд өөрчлөгдөхгүй бол хоёр тал тун удахгүй гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

М.Ковачичийн хувьд “Реал”-аас явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд удсан. Тэрбээр шигшээ багийн хамтаар ДАШТ-д мөнгөн медаль зүүснийхээ дараа багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар амралтаасаа эргэн ирээд бусад тоглогчидтой бус ганцаарчилсан бэлтгэл хийж, “Реал”-ийн нэг ч дасгалжуулагчтай холбоогүй байсан аж.

М.Ковачич “Реал”-д тоглох цаг бага байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Реал Мадрид” Лондоны клубийн хаалгач Тибо Куртуаг багтаа авахын тулд хагас хамгаалагчаа зээлээр явуулахаар тохиролцсон гэж мэдээлсэн. Гэхдээ одоогоор энэ нь баттай мэдээ биш гэнэ.