Tag: Одод

Хөлбөмбөг: Казүёши Миүрагийн тухай 10 баримт

Дэлхийн хамгийн ахмад хөлбөмбөгчин Казүёши Миүра Японы “Ёкохама ФС” багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулж, 52 нас хүртлээ тамирчин байх нь тодорхой болсон билээ.

“Хаан Казү” хочтой япон эр 2005 онд “Ёкохама ФС”-тэй анх гэрээ байгуулсан юм. Тухайн үед 38 настай байсан К.Миүра удалгүй хөлбөмбөгийн замналаа өндөрлөнө гэж бодож байсан нь гарцаагүй. Гэвч үүнээс хойш 13 жил өнгөрч, энэ хугацаанд 270 гаруй тоглолтод оролцжээ. Ингээд түүний талаарх 10 сонирхолтой баримтыг дэлгэе.

  1. Казү ахмад хөлбөмбөгчин. Түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн 1986 онд Лионель Месси хараахан төрөөгүй байсан юм. Тэрбээр 1986 онд Бразилын “Сантос” багт анхны тоглолтоо хийсэн бол Л.Месси 1987 онд эхээс мэндэлсэн юм.
  2. Казүг эртний хүн гэдгийг батлах өөр нэг баримт бий. Шигшээ багтаа анх 1990 онд дуудагдаж, 2000 он хүртэл бүтэн 10 жил зүтгэсэн. Түүнийг анх шигшээдээ дуудагдах үед Заир (одоогийн Конго), Чехословак, Зүүн Герман, Югославия, Хойд Йемен, ЗХУ оршиж байв.
  3. Казүг анх шигшээдээ дуудагдаж байхад “Ливерпуль” Английн дээд лигт түрүүлж байлаа.
  4. Япон эрийг ид замналаа үргэлжлүүлж байх хугацаанд Английн Премьер лиг, Австралийн А-Лиг, Аваргуудын лиг шинээр зохион байгуулагдсан аж.
  5. Казүг 1993 онд Азийн шилдэг хөлбөмбөгчин болсноос хойш Энэтхэгийн хүн ам 331 саяар, Австралийн хүн ам 14 саяар нэмэгджээ.
  6. Казүг 2000 онд шигшээ багаа орхиход өнөөгийн олон шилдгүүд хөлбөмбөгт сураггүй байсан юм. Австралийн нэрт хөлбөмбөгчин Тим Кэйхилл гэхэд 2004 онд шигшээдээ анхны тоглолтоо хийж байв.
  7. Казүг мэргэжлийн тамирчны замналаа үргэлжлүүлсэн энэ хугацаанд Францын шилдэг тоглогч Зинедин Зидан мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, Аваргуудын лиг, ДАШТ-д түрүүлж, эцэст нь хөлбөмбөгөө орхиод дасгалжуулагчийн хувиар Аваргуудын лигт түрүүлжээ.
  8. Тэрбээр хөлбөмбөгийн ертөнцөөс Японд тодорсон анхны алдартан юм. Мэргэлжлийн хөлбөмбөгчний гараагаа Бразилд эхэлж, улмаар Японы дээд лигт тоглож байсан юм. Улмаар 1994 онд Италийн “Женоа” багт зээлээр очсон түүхтэй. Энэ үед Сери А-гийн нэр хүнд өнөөгийн Премьер лигийнх шиг, өрсөлдөөн тун ширүүн байсан билээ. Казү Италийн лигт хөл тавьсан анхны япон тоглогч болж байв.
  9. Шигшээдээ 89 тоглолтод оролцоод 55 гоол оруулжээ. 1998 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд 14 гоол оруулж, япончууд Францыг зориход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
  10. К.Миүра 1993 онд Японы алдартай телевизийн хөтлөгч Рисако Миүратай гэрлэсэн юм. Хосууд хоёр хүүтэй.