Tag: Хөлбөмбөг

Европын супер лиг: Английн багууд өрсөлдөөнөөс гарлаа

Европын Супер Лиг (ЕСП)-д оролцохоо мэдэгдэж байсан Премьер лигийн зургаан баг бодлоо өөрчилжээ.
“Манчестер Юнайтед” клуб хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин “Челси” багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлажээ. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын өмнө Лондоны “Стамфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцлээ илэрхийлсний дараа тус клуб ийм шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Арсенал”, “Тоттенхам Хотспур”, “Ливерпүүл” клуб ч мөн адил шинэ лигт тоглохоос татгалзав.


УЕФА-гийн Ерөнхийлөгч Александр Сеферин “Энэ лигт тоглосон тамирчид Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болно” гэж анхааруулсан билээ. Багуудын татгалзсан шийдвэрийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо бүх юм эргээд хуучиндаа орсон болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлж гарц шийдлээ олох л үлдлээ” хэмээн баяртайгаар мэдэгдсэн юм.

    Жозе Моуринью халагдлаа

    Английн “Тоттенхэм” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халлаа. Өдгөө 58 настай португал мэргэжилтэн 2019 оны арваннэгдүгээр сард тус албанд очсоноосоо хойш буюу 19 сарын дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.

    Хойд Лондоны клуб өнгөрсөн даваа гарагт Жозе Моуринью болон түүний туслахаар ажиллаж байсан Жоа Сакрамэнто, Нуно Сантош, Карлос Лалин, Жиованни Керра нарыг халсан юм.

    Ж.Моуриньюгийн халагдсан шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа ч “Тоттенхэм” клуб Европын супер лигт нэгдсэнийг эсэргүүцэн даваа гарагийн бэлтгэлээ тасалсан тул удирдлагууд нь ийм шийдвэр гаргалаа гэж Английн хэвлэлүүд онцолж байна.

    Хэдийгээр албан ёсоор баттай болоогүй ч ийн хардах үндэслэл бий. Европын супер лигт орно гэж зарласнаас ердөө нэг хоногийн дараа, “Карабао” цомын шигшээд “Манчестер Сити”-тэй тулахаас зургаан хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан нь гэнэтийн явдал байв.

    “Тоттенхэм” клуб аргентин мэргэжилтэн Мауриссио Почетинног үүрэгт нь ажлаас нь чөлөөлөөд Ж.Моуриньютой дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тэрбээр жилийн 19.3 сая ам.доллар халааслах гэрээтэй. Түүний энэ гэрээ тухайн үед Англидаа “Манчестер Сити”-гийн босс Пэп Гуардиолагийн дараа орох өндөр гэрээгээр тооцогдож байв.

    Одоогоор түүний гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан төлбөртөө хэдийг өгөх нь олон нийтэд зарлагдаагүй байна. Гэхдээ Ж.Моуринью өмнө “Челси” (хоёр удаа), “Манчестер Юнайтед” клубээс ойролцоогоор 50 сая фунтын нөхөн төлбөр авсан гэдэг. Тодруулбал, “Челси”-гээс анх гэрээгээ цуцлахдаа 23.07 сая фунт “халаасалсан” бол дараа нь 8.3 саяыг олжээ. Харин “Манчестер Юнайтед”-аас явахдаа 19.6 саяын төлбөр авсан гэнэ. Харин Испанийн “Реал Мадрид” түүнд хэдийг өгснөө олонд дэлгээгүй юм. Одоо “Тоттенхэм”-ээс “ажилгүйдлийн тэтгэмжээ” авбал нийт дүн нь 100 сая фунт давна гэж “football london” цахим сэтгүүл тооцоолжээ.

    Жозегийн хувьд халагдаж байгаа нь сонин биш. Харин “Тоттенхэм”-д цом авч чадалгүй “хөөгдсөн” нь замналынх нь анхны тохиолдол болсон гэнэ.

    Тоглогчдын хөгжил хариуцсан дасгалжуулагч Райан Мэйсон түр орлогчоор ажиллана

    Ж.Моуриньюг “Тоттенхэм”-ийн тоглогчдын хөгжил хариуцсан дасгалжуулагчаар ажиллаж буй Райан Мэйсон түр орлох юм. Р.Мэйсон одоо дөнгөж 29 настай ч гурван жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар хөлбөмбөгчний замналаа төгсгөсөн. Үүнээс хойш “Спэрс”-ийн арын албанд ажиллаж буй.