Category: Хөлбөмбөг

Дэвид Де Хеа Испанийн ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардав

Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн шигшээ багийн нэгдүгээр хаалгач Дэвид Де Хеа улсынхаа шинэ ерөнхий сайд Педро Санчесыг олон нийтийн хэвлэлээр өөрөөс нь уучлалт гуйхыг шаарджээ. П.Санчес хоёр жилийн өмнө нэрт хаалгачийг хүчингийн хэрэгт холбогдоход буруутгасан утгатай ярилцлага хэвлэлд өгч байсан удаатай.

Тэгвэл Дэвид энэ талаар нутгийнхаа сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр үед хэвлэлийн хурал зарлаж, энэ бүхэн худал, намайг гүтгэсэн гэдгийг зарласан ч хүмүүс миний талаар муугаар ярилцаж байлаа. Гэвч эцэст нь үнэн ялсан” гэж ярьжээ.

Педро Санчес ДАШТ-д бэлтгэж буй шигшээ багийн бэлтгэлд өнгөрсөн долоо хоногт зочилсон бөгөөд энэ үеэр хаалгач Дэвид Де Хеатай уулзаж, түүнээс уучлалт гуйсан аж. Гэхдээ түүнд энэ бүхэн хангалтгүй байгаа бөгөөд ерөнхий сайдыг олон нийтийн өмнө түүнээс уучлалт гуйхыг харах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Английн хөлбөмбөгийн холбоо алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг зарна

Английн хөлбөмбөгийн холбооноос алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг 600 сая фунт буюу 835 сая “ногоон”-оор үнэллээ. Тус цэнгэлдэхийг “Фүлхэм” багийн эзэн, тэрбумтан Шахид Хан худалдаж авахаар санаархаж буй. Тэгвэл Английн хөлбөмбөгийн холбоо нэр хүндтэй цэнгэлдэхээ зарахад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн нь тус улсын ерөнхий сайд Тереса Мэйг багагүй бухимдуулжээ. Т.Мэй Английн хөлбөмбөгийн холбоонд хандаж, анхааруулга өгсөн юм. Хатагтай Т.Мэйгийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Эцсийн шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргана. Гэхдээ “Уэмбли” бол Английн хөлбөмбөгт онцгой хувь нэмрээ оруулсан түүхэн цэнгэлдэх. Хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд тод үлдсэн гэр нь юм. Тиймээс шийдвэрээ гаргахдаа энэ талаар бодолцох хэрэгтэй” гэж ярьжээ.

Тэрбумтан Шахид Ханд зарж магадгүй гэх мэдээ Английн хөлбөмбөгийн фанатуудад багагүй бухимдал төрүүлсэн. Хэдийгээр “Фүлхэм” багийн эзэн гэдэг ч Ш.Хан америк хөлбөмбөгийн “Жексонвилл Ягуарс” багийг мөн эзэмшдэг. Хэрвээ шинэ эзэнтэй болвол цэнгэлдэхийн нэрийг ч бас “Budweiser” юм уу, “Taco Bell” гэж солих магадлал өндөр гэх цуурхал тарж эхэлсэн байна.

Түүнчлэн америк хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулдаг цэнгэлдэх болвол Английн шигшээ баг гэртээ хийх тоглолтоо өөр цэнгэлдэхэд хийх шаардлагатай болно.

Ш.Хан 7.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн. Харин “Уэмбли” цэнгэлдэхэд 2010 онд америк хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулсан туршлагатай. Америкчууд өөрсдийнхөө хөлбөмбөгийг хөгжүүлэх үүднээс буурал тивд аялан тоглолт зохион байгуулж, тэр ч бүү хэл улирлын тоглолт хүртэл хийгээд амжсан билээ.

Англичууд бухимдаж байгаа бол америкчууд энэ мэдээг таатай хүлээн авчээ. NFL-ийн дэд ерөнхийлөгч Марк Уоллер “Бид баяртай байгаа. “Уэмбли”-г Ш.Хан худалдаж авбал Их Британи дахь манай хөгжөөн дэмжигчдэд таатай мэдээ болно. Энэ нь америк хөлбөмбөгийг хөгжүүлэхэд тустай” гэж ярьсан юм.

Америкчууд Англид хэдийнэ цэнгэлдэхтэй болоод амжсан. “Тоттенхэм” клубийн шинэ баригдаж буй цэнгэлдэхтэй 10 жилийн гэрээ байгуулсан билээ.

Стивен Жерард “Рейнжерс”-ийг удирдах уу

Английн шигшээ болон “Ливерпуль” клубийн домог Стивен Жерард дасгалжуулагчийн албанд томилогдоод удаагүй. Энэ жил 37 настай нэрт хөлбөмбөгчин эр “Ливерпуль”-ийн 18 хүртэлх насны өсвөрийн шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа боловч тун удахгүй мэргэжлийн хөлбөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч болж магадгүй гэнэ.

Шотландын “Рейнжерс” багийн эзэн Дэйв Кинг өнгөрсөн аравдугаар сард халагдсан Педро Кайксинагийн оронд С.Жерардыг томилохоор төлөвлөж байгаа бололтой. Тус клубийн хөлбөмбөг хариуцсан захирал Марк Аллен өнгөрсөн долоо хоногт С.Жерардтай ажил хэргийн уулзалт хийсэн аж.

Харин С.Жерард ахлах дасгалжуулагчийн албанд очих гэж төдийлөн яарахгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьж байв. Тэрбээр өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх талаар бодож байгаа бололтой. Түүнд Английн премьер лигээс өгсүүлээд өөр бусад лигээс ч санал ирсэн. Гэхдээ тохиромжтой цаг үеийг хүлээж, нэг багтаа удаан хугацаанд ажиллахыг тэр хүсч байгаа гэнэ.

“Реал Мадрид” айлын талбайд хожил авлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид” баг эхний тоглолтоо “Бавари”-гийн талбай дээр хийлээ.

Тус тоглолтын 28 дахь минутад талбайн эздээс Жошуа Киммич гоолын салхийг хагалсан ч давуу байдлаа удаан хадгалж чадсангүй. Нэгдүгээр үеийн 44 дэх минутад Марсело тооны харьцааг тэнцүүлсэн.

Хоёрдугаар хагасын 57 дахь минутад “Бавари Мюнхен”-ий хамгаалагч Рафинья алдаа гаргаж, түүний алдааг сэлгээнээс талбайд орж ирсэн Марко Асенсиа гоол болгосноор багтаа тэргүүлэл авчирсан юм.

Ийнхүү “Реал Мадрид” Аваргуудын лигт 150 дахь ялалтаа байгуулав. Энэ бол бусад багуудтай харьцуулахад илүү тоо. Харин энэ улиралд Аваргуудын лигт тоглолт бүрдээ гоол оруулсан Криштиану Роналду анх гоолгүй өнжлөө. Аваргуудын лигийн хасагдах шатанд бразил хамгаалагч Марсело 7 гоол оруулсан үзүүлэлтээр хамгаалагчдаа тэргүүлдэг аж.

Испанийн “Реал Мадрид” баг Германы багийн эрлэг гэхэд буруудахгүй бололтой. Тус хоёр баг хоорондоо таарсан зургаан тоглолтод Эзэн хааны баг ялалт байгуулав. 2012 онд хариу тоглолтод “Реал” ялж, улмаар торгуулийн цохилтоор “Бавари” илүүрхсэн бол 2014 онд хоёр тоглолтын нийлбэр дүн 5:0-ээр өндөрлөж байв. Өнгөрсөн жил хоёр тоглолтын нийлбэр дүн 6:3-аар илүүрхсэн түүхтэй.

Мохамед Сала “Ливерпуль”-д ялалт авчирлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Английн “Ливерпуль”, Италийн “Рома” багийн эхний тоглолт боллоо. Анфелд цэнгэлдэхэд болсон тус тоглолтод “Ливерпуль”-ийн египет довтлогч Мохамед Сала энэ улиралд одтой байгаагаа баталж, таван гоолын дөрөвт нь оролцсон юм. Тэрбээр 36 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 46 дахь минутад тооны харьцааг 2:0 болгов.

Улмаар хоёрдугаар хагасын 56 дахь минутад Садио Манед, 61 дэх минутад Роберто Фирминод гоолын дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр шалгарлаа. Египетийн баатар болоод буй М.Сала энэ улиралд Аваргуудын лигт 10 гоол, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Тус тоглолтын 69 дэх минутад Жэймс Милнерийн булангийн цохилтыг Р.Фирмино гоол болгож, тооны харьцааг 5:0-ээр холдуулсан.

Ийнхүү Ж.Милнер Аваргуудын лигийн нэг улиралд 9 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаараа рекорд тогтоов. Тэрбээр Уэйн Руни, Неймар нартай зэрэгцээд байсан юм. Түүний араас багийнх нь хамтрагчид болох Р.Фирмино, М.Сала нар 7 дамжуулалт өгсөн амжилтаар нэхэж явна.

Өмнөх шатанд “үлгэр” үзүүлж, “Барселона”-г гомдоосон ромачууд амар бууж өгсөнгүй. 81 дэх минутад Эдин Жеко талбайн эздийн хаалгыг мялааж, үүнээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилтоор Диего Перотти тооны харьцааг 5:2 болгов.

Ингэснээр ромачууд өмнөх түүхээ давтах боломжтой хоцорлоо. Тэд “Барселона”-д эхний тоглолтод 4:1-ээр хожигдсон ч нутагтаа 3:0-ээр илүүрхэж, нийлбэр дүнгээр хожсон юм. Ирэх долоо хоногт талбайдаа хийх хариу тоглолтод дээрх түүхээ давтвал шигшээд шалгарах боломжтой.

 

Европа лигийн цом хулгайд алдагджээ

Нэр хүнд, чансаагаараа Аваргуудын лигийн дараа ордог Европа лигт түрүүлсэн багт олгодог мөнгөн цом Францын Лион хотод хулгайд алдагдсан гэж Мексикийн Гуанахуато мужийн прокурор олон нийтэд мэдэгджээ.

Урт гартнууд уг цомыг тээвэрлэж явсан автомашиныг хулгайлсан бололтой.

Прокурорын газраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэдийгээр хулгайд алдагдсан ч уг цомыг аюулгүй олсон талаар албаны хүмүүс мэдэгджээ.

Европа лигийн тэмцээний хагас шигшээд Английн “Арсенал”, Испанийн “Атлетико Мадрид”, Францын “Марсель”, Австрийн “Зальцбург” багууд тунаж үлдсэн. Саяхан энэ улирлын дараа ажлаа өгөхөө мэдэгдсэн Арсэн Вэнгэрийн хувьд “Арсенал”-ын хамт авах боломжтой сүүлийн цом нь энэ юм.

Жианлужи Буффоныг “Бока Хуниорс” сонирхож байна

Италийн “Ювентус” клубийн ахмад хаалгач, домогт хөлбөмбөгчин Жианлужи Буффоны гэрээ ирэх зургадугаар сард дуусах юм. Гэрээгээ дуусахаар цаашид үргэлжлүүлэх эсвэл зодог тайлах эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн итали эрийг Аргентинийн “Бока Хуниорс” баг сонирхож байна.

Ж.Буффоны гэрээ дууссаны дараагаар “Бока Хуниорс” баг түүнтэй гэрээний талаар ярилцана гэдгийг тус багийн ахлах дасгалжуулагч, итали мэргэжилтэн Гильермо Баррос Скелотто баталсан юм.

Ж.Буффонтой нэг үе, ердөө 45 настай залуу мэргэжилтэн сэтгүүлчдэд өгсөн ярицлагадаа “Манай багийн удирдлагууд Ж.Буффоныг багтаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ бид түүнтэй шинэ гэрээний талаар ярилцахын тулд тавдугаар сарын 17-ныг хүлээх хэрэгтэй” гэж ярьжээ.

Ж.Буффон ирэх тавдугаар сарын 20-нд Италийн Сери А-д “Верона” багийн эсрэг хийх тоглолтын өмнө ирээдүйд хэрхэх шийдвэрээ гаргах юм.

ОХУ-ын “Енисей” хөлбөмбөгийн баг түрүүлвэл тамирчид нь нүцгэлнэ

ОХУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн лигийг одоогоор 71 оноотой тэргүүлж буй “Енисей” багийнхан лигийн аварга болвол тамирчид нь нүцгэлж, эротик зураг авхуулна гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар тус багийн хамгаалагч Наталья Морозова багийнхаа твиттер хуудсанд зарласан байна. “Хэрвээ бид лигийн аварга болвол багаараа клубийн өмсгөл болон медалийнхаа хамтаар эротик зураг авхуулж, хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барина” гэж тус багийн цахим хуудсанд бичжээ.

Оросын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд одоогийн байдлаар 33 тойрог болсон. “Енисей” багийн хамт “Оренбург” 71 оноогоор лигийг тэргүүлж байгаа. Харин оруулсан гоолынхоо ачаар “Енисей” тэргүүлж буй. Тус хоёр багийн араас 70 оноотой “Крилья Советов” удаалж байгаа аж.

 

Арсэн Вэнгэр улирлын дараа “Арсенал”-ыг орхихоо мэдэгдлээ

Английн “Арсенал” клубт олон жил дасгалжуулагчаар ажилласан Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад багаа орхих болсныг мэдэгдлээ. Английн багийг 22 жил удирдсан өдгөө 68 настай франц мэргэжилтэн 1996 оноос хойш нийт 1298 тоглолтод оролцож, 704 тоглолтод ялалт байгуулж, 279 тоглолтод эвийн гэрээ байгуулсан бол 245-д нь хожигдсон аж.

Тэрбээр “Арсенал”-ын хамтаар премьер лигийн аваргаар гурван удаа, холбооны цомыг долоон удаа тодорч, Английн хөлбөмбөгийн “Алдрын танхим”-д 2006 онд заларсан билээ.

Арсэн Вэнгэрийн мэдэгдэл:

Сайтар эргэцүүлж, клубын удирдлагатай хэлэлцсэний үндсэн дээр улирал дуусгаад ажлаа өгөх цаг болжээ гэж би шийдлээ.

“Арсенал”-ын төлөө дурсамж дүүрэн энэ олон жил ажилласандаа ихэд бахархаж байна. Клубын төлөө нэгэн сэтгэлээр, сэтгэл зүрхээ дайчлан зүтгэсээр ирлээ. Хамтран ажиллагчид, тоглогч нар, захирлууд болон энэхүү клубын чимэг болсон фэнүүдэд баярласнаа илэрхийлмээр байна.

Хөгжөөн дэмжигчдийг багаа дэмжин, улирлыг хүчтэй дуусгахад туслаасай хэмээн хүсч байна. “Арсенал”-ыг хайрладаг та бүхэн клубынхээ үнэ хүндийг нандигнаж яваарай.

Үргэлж хайрлаж, дэмжиж явна.

Арсэн Вэнгэр

Эх сурвалж: https://www.arsenal.com/news/merci-arsene

Орчуулсан Даваадоржийн Цогтчулуун

 

Шүүгч Майкл Оливерийн эхнэрийг сүрдүүлжээ

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Реал Мадрид”, “Ювентус” клубийн тоглолтыг шүүсэн англи шүүгч Майкл Оливер хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод буй. Тэрбээр 92 дахь минутад торгуулийн цохилт зааж, энэ шийдвэрийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлсэн хаалгач Жианлужи Буффонд улаан хуудас “харуулсан” билээ.

Зоримог шийдвэрийнхээ төлөө Ж.Буффонд болон Италийн хэвлэлээр шүүмжлүүлсэн Майкл Оливерийн гэр бүлийнхэн нь ч хүмүүсийн хараалд өртсөн гэнэ. Түүний эхнэр Люси Оливер мөн мэргэжлийн шүүгч хүн. Эмэгтэйчүүдийн супер лигийн болон эрчүүдийн лигийн бус зарим тоглолтыг дэнсэлдэг Люси Оливерийн гар утас руу түүнийг заналхийлсэн захидал ирэх болж, арга буюу орон нутгийн цагдаад хандсан байна.

Цагдаагийнхан одоо энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Майкл болон Люсигийн гэрийн ойролцоо өнгөрсөн хүн бүрээс байцаалт авч байгаа гэнэ.

Тэр ч бүү хэл “Ювентус”-ын фанатууд Люси Оливерийг “Реал Мадрид”-ын хөгжөөн дэмжигч гэж хардсан сурагтай. Түүний цахим сүлжээнээс Сантьяаго Бернабеуд авхуулсан зургийг нь илрүүлсэн юм. Уурлаж, бухимдсан Италийн хөгжөөн дэмжигчид Оливерийн гэр бүлийг Италид ирвэл “ална” гэж сүрдүүлсэн аж.

Усайн Болт “Борусси Дортмунд”-д хийх бэлтгэлээ сунгана

Ямайкийн нэрт гүйгч, дэлхийн хамгийн хурдан хүн гэгдэх Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор Германы “Борусси Дортмунд” клубт бэлтгэл хийж буй. Тэрбээр Ямайкийн топ лигт тоглохоор санаархаж байгаа. “Борусси Дортмунд” клуб тавдугаар сарын 12-нд энэ улирлын сүүлийн тоглолтоо хийнэ. Тиймээс У.Болтын бэлтгэлийн хугацааг дахин гурван долоо хоног үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.

Усайн Болтын ямархуу хөлбөмбөгч болохыг спорт сонирхогчид ирэх зургадугаар сарын 10-нд “‘Манчестер Юнайтед” багийн Олд Траффорд цэнгэлдэхэд явагдах нөхөрсөг тоглолтод харах боломжтой. Буяны үйл ажиллагаанд зориулсан уг тоглолтод хөлбөмбөгөө орхисон одод болон бусад салбарын нэр хүндтэй хүмүүс ногоон талбайд алаг бөмбөг өшиглөх аж.

 

Хар тамхины хэрэгт холбогдсон эр ДАШТ-ийг өнжиж магадгүй

Перугийн шигшээ багийн ахлагч Паоло Гуерреро ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг өнжиж магадгүй гэнэ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэж буруутгаж, спортын арбитрын шүүхэд дуудсан юм.

Паоло Гуерреро тэргүүтэй Перугийн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн арваннэгдүгээр сард ДАШТ-д оролцох хамгийн сүүлийн эрхийн төлөө Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийж, ялснаар ОХУ-ыг зорих эрхээ авсан билээ. Харамсалтай нь, тус улсын шигшээ багийн гол довтлогч П.Гуерреро кокаин хэрэглэсэн хэргээр 6 сараас нэг жилийн хугацаанд эрхээ хасуулж магадгүй аж.

Энэ жил 34 настай довтлогч эр өөрийгөө буруутай гэж үзэхгүй, бусдад хорлогдсон гэж мэдэгдсэн. Тодруулбал, түүний ууж байсан кока ундаанд нь хэн нэг нь хар тамхи хийсэн гэж үзжээ.

Допингийн эсрэг төв Гуеррерог буруутай гэж үзвэл хоёр жилээр эрх хасдаг. Ийм ч шийдвэр гаргасан ч перу довтлогч шүүхэд давж заалдах болсон юм. Түүний хэргийг хэлэлцэх шүүх хурал ирэх тавдугаар сарын 3-нд болно.

Перу улс 1982 оны ДАШТ-ээс хойш анх удаа тус тэмцээнд оролцох эрхээ авсан. Өмнө нь Германы “Байерн Мюнхен”-д зүтгэж явсан П.Гуеррера өдгөө Бразилын “Фламенго” клубт алба хашдаг, шигшээ багийнхаа төлөө 86 тоглолтод 32 гоол оруулсан аж.