Category: Хөлбөмбөг

Серхио Рамосыг шийтгэхгүй

Испанийн “Реал Мадрид” багийн ахлагч Серхио Рамос Аваргуудын лигийн шөвгийн наймд “Ювентус”-тай хийсэн эхний тоглолтод шар хуудас авснаар хариу тоглолтыг өнжсөн. Тэрбээр хариу тулаан эхлэхэд үзэгчдийн суудлаас тоглолтыг харж суусан бол Италийн аваргууд гурван гоол оруулсны дараа тоглогчдын орж гардаг хонгилд үзэгдсэн нь гярхай Массимилиано Аллегри харцнаас салж чадаагүй юм.

Аваргуудын лигт торгуулиар тус тоглолтод оролцох эрхгүй тоглогч талбайн хонгилд үзэгдэхгүй байх ёстой. Энэ дүрмийг зөрчсөн тул испани хамгаалагчийг хагас шигшээд “Байерн Мюнхен”-тэй хийх тоглолтыг өнжих магадлалтай гэж таамаглаж байсан ч зохион байгуулагчид шийтгэх шаардлагагүй гэж үзжээ.

Тиймээс Германы аваргуудтай хийх тоглолтод С.Рамос шийтгэлгүй оролцох аж.

Аваргуудын лиг: Хагас шигшээгийн сугалаа боллоо

Өнөөдөр хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа явагдлаа. Өнгөрсөн жилийн аварга баг Испанийн “Реал Мадрид”, Германы аваргууд болох “Байерн Мюнхен”, Английн “Ливерпуль”, Италийн “АС Рома” багууд тунаж үлдсэн. Тэгвэл сугалаагаар “Реал Мадрид”-“Байерн Мюнхен”-тэй учраа ололцохоор болсон бол “Ливерпуль”-“АС Рома” тунаж үлдлээ.

Реал Мадрид – Байерн Мюнхен

Эзэн хааны “Реал”, Германы аваргуудтай Европын дэвжээнд 24 удаа таарч байв. Хоёр баг тус бүр 11 удаа ялж, хоёр тэнцсэн үзүүлэлттэй. “Реал” өрсөлдөгчийнхөө хаалганд 37 гоол оруулсан бол “Байерн” нэгээр дутуу. Тус хоёр баг өнгөрсөн оны шөвгийн наймд учраа таарахад “Реал” хоёр дараалан ялж байв. Сүүлийн зургаан тоглолтын тавд нь Испанийн баг илүүрхсэн билээ.

Ливерпуль – АС Рома

Өдгөө “Ливерпуль”-д од болон гялалзаж буй Мохамед Сала хоёр жилийн өмнө Италийн “Рома”-д данстай, хоёр жилийн хугацаанд 65 тоглолтод 29 гоол оруулсан амжилт үзүүлж байв. Тус хоёр баг Европын дэвжээнд нийт таван тоглолт хийж, Английн клуб хоёрт нь ялсан бол Италийн баг нэг хожиж, хоёр удаа тэнцсэн үзүүлэлттэй. Аваргуудын лиг гэгдэхээс өмнө “Рома” Европын аваргуудын цомд “Ливерпуль”-тэй таарч, үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн ч торгуулийн цохилтоор Улаанууд ялсан түүхтэй. Энэ хоёр баг хамгийн сүүлд 2001-02 оны хэсгийн шатанд учраа таарч, эхний тоглолт 0:0-ээр өндөрлөсөн ч хоёр дахь тоглолтод “Ливерпуль” 2:0-ээр өрсөлдөгчөө ялсан билээ.

Монголчууд нэг байраар урагшлав

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн саруудад болсон нөхөрсөг тоглолтын үр дүнд олон багийн чансаанд өөрчлөлт орсон юм. Монголын шигшээ баг Малайзтай тэнцэж, Маврикид хожигдсоноор хоёр оноо нэмэрлэж, 51 оноогоор 188-д жагсах боллоо.

Харин дэлхийн чансааг германчууд тэргүүлж, Бразил удаалж буй бол гуравдугаарт Бельгийн шигшээ баг орсон юм. Тэд Португал, Аргентиний урд бичигдэх болов.

Ирэх зургадугаар сард нутагтаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын шигшээ баг 66 руу уруудсан нь энэ чансааны гол үйл явдал байв. Оросууд 1992 оноос хойш дэлхийн чансаанд багтаж, дунджаар 22-т жагсдаг байсан бол Бразил, Францтай хийсэн нөхөрсөг тоглолтод хожигдсоноор түүхэндээ хамгийн муу чансаанд бичигдэх боллоо.

Дэлхийн шинэ чансаа 

  1. Герман – 1533
  2. Бразил – 1384
  3. Бельги – 1346
  4. Португал – 1306
  5. Аргентин – 1254
  6. Швейцарь – 1179
  7. Франц – 1166
  8. Испани – 1162
  9. Чили – 1146
  10. Польш – 1118

188. Монгол – 51

К.Роналду “Реал”-ыг аврав

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” багийн хариу тоглолт Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдлаа. Өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхэж хожсон аваргуудыг дараагийн шатанд шалгарах нь ойлгомжтой гэж байсан ч “Хөгшин хадаг”-тай нар амар бууж өгсөнгүй. Хорват довтлогч Марио Манзукич хоёр, франц хагас хамгаалагч Блез Матюиди гурав дахь гоолыг оруулснаар хоёр баг ижилхэн 3:3-аар тэнцэж, нэмэлт цаг цаашлаад торгуулийн цохилтоор ялагч тодорч магадгүй байв. 

Гэвч шүүгчийн мэдлийн нэмэлт минутад Марокко хамгаалагч Меди Бенатиа эсрэг багийн Лукас Васкес дээр торгуулийн шугам дотор алдаа гаргаснаар англи шүүгч Майкл Оливер торгууль зааж, үүнд бухимдсан хаалгач Жианлужи Буффон улаан хуудас авснаар нөөц хаалгач Войцех Шенсный талбайд гарсан юм. Гэхдээ Криштиану Роналду багаа хагас шигшээд хүргэх алтан боломжийг алдсангүй.

Ийнхүү К.Роналду Аваргуудын лигт “Ювентус”-ын эсрэг 10 гоол оруулсан амжилтаараа бас нэгэн рекорд тогтоов. Түүнчлэн 11 тоглолт дараалан гоолдож, өөрийн дээд амжилтаа ахиулав.

“Ливерпуль” 10 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа

Английн хоёр баг шөвгийн наймд хоорондоо учраа таарсан. “Ливерпуль” болон “Манчестер Сити”-гийн эхний тоглолт 3:0-ээр Улаануудын ялалтаар өндөрлөсөн билээ. Хариу тоглолтоо талбай дээрээ хийсэн “Манчестер Сити” эхний хоёр минутад тооны харьцааг ойртуулсан юм. Бразил довтлогч Габреаль Есүс эхний гоолыг оруулсан ч үүнээс хойш Хотынхон Лорис Кариусын торыг хөдөлгөж чадсангүй.

Эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн ч хоёрдугаар хагаст Мохаммед Сала, Роберто Фирмено нар гоол оруулснаар “Ливерпуль” клуб 10 жилийн дараа Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарав.

Эхний хагаст шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн “Манчестер Сити”-гийн ахлах дасгалжуулагч Пэп Гуардиола улаан хуудас авч, хоёрдугаар хагасыг үзэгчдийн суудлаас үзэх болсон юм. П.Гуардиолагийн дасгалжуулсан баг улиралд ганц багт гурван удаа хожигдсон тохиолдол өмнө нь гарч байсангүй.

“Ливерпуль”-ийн хувьд Аваргуудын лигт 33 гоол оруулсан нь Английн багуудаас нэг улиралд хамгийн олон гоол оруулсан баг болжээ. Түүнчлэн Мохаммед Сала энэ улиралд Аваргуудын лигт найм дахь оруулснаар нэрт хөлбөмбөгчин Самуэль Этотой ижил нэг улиралд хамгийн олон гоол оруулсан африк тоглогч болов.

“Рома” анх удаа шөвгийн 4-т шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Рома” багийн хоёр дахь тоглолт санаанд оромгүй үр дүнгээр төгслөө. Эхний тоглолтод талбай дээрээ 4:1-ээр буулган авсан каталоны багийг хариу тоглолтод гурван гоолоор хожигдоно гэж хэн санах билээ. Гэвч хөлбөмбөгт өрсөлдөгчөө басч болдоггүйг харуулж, италичууд гэнэтийн бэлэг барьснаар түүхэндээ анх удаа аваргуудын лигийн шөвгийн дөрөвт тунаж үлдлээ.

Энэ тоглолтын шилдгээр “Рома”-гийн 32 настай довтлогч Эдин Жеко тодорсон. Тэрбээр тав дахь минутад гоолын салхийг хагалж, улмаар 58 дахь минутад багтаа торгуулийн цохилт хийх эрх авчирсан юм. Торгуулийн цохилтыг Даньел Де Росси амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг ойртуулсан. Улмаар хожлын гурав дахь гоолыг грек хамгаалагч Костас Манолас мөргөж оруулав. Энэ гоол 82 дахь минутад орж, ромачууд түүхэн амжилтаа үзүүлэв.

Аваргуудын лигийн түүхэнд гурван гоолын зөрүүнээс эргэн ирсэн гуравхан тохиолдол бий. Анхных нь 2003 онд шөвгийн наймд учраа таарсан “Депортиво ла Коруна” Италийн “АС Милан”-ыг эхний тоглолтод 4:1-ээр хожигдсон ч хариу тоглолтод 4:0-ээр буулган авч байв.

Харин хоёр дахь тохиолдол нь өнгөрсөн жил болсон. Алдарт “Барселона” Францын “ПСЖ”-д 4:0-ээр хожигдсон ч 6:1-ээр илүүрхэж, дөрвөн гоолын зөрүүнээс эргэн ирсэн анхны баг болж байв.

Сонирхуулахад, энэ тоглолтын сүүлийн хоёр гоолыг оруулсан Д.Де Росси, К.Манолас нар эхний тоглолтод өөрсдийнхөө хаалганд гоол оруулсан аж. “Рома” Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарсан 29 дахь багаар тодорсон бөгөөд энэ жилийн тэмцээнд талбай дээрээ нэг ч хожигдсонгүй.

“Байерн Мюнхен” 6 дараалан түрүүллээ

Энэ долоо хоногт албан ёсоор Германы хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд тодорлоо. “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт хөршүүд болох “Аугсбург”-ийг 4:1-ээр буулган авснаар лигтээ зургаан жил дараалан түрүүлэх нь тодорхой болов.

Германы аваргуудад нэгэн хачирхалтай түүх дагаж буй. Учир юу гэвэл тэд 2000 оноос хойш гэртээ аваргын баяр тэмдэглэж үзээгүй. 2005 онд одоогийн “Алианз Арена” руу нүүсэн “Байерн Мюнхен” клуб 2000 оноос хойш 12 удаа лигийн аварга болохдоо 11-т нь айлын талбайд ялж, эсвэл тэнцсэнээр түрүүлэх нь тодорхой болж байсан бол нэг удаад нь өөрсдөө тоглоогүй ч өрсөлдөгч баг нь хожигдсоноор аваргалсан билээ.

“Байерн Мюнхен” клуб 29 тойргийн дараа 72 оноогоор хүснэгтийг тэргүүлж буй. Тэдний араас “Шальке” 52 оноотой жагсаж байгаа билээ.

Хятад хөлбөмбөгчид нэгнийхээ чихийг тас хазсан хэрэг гарчээ

Хятадын сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээний үеэр нэгнийхээ чихийг тас хазсан хачирхалтай хэрэг гарчээ.

Тус улсын Гуанси мужид болдог цомын тэмцээний үеэр Наннинг хотын хоёр баг хоорондоо тоглосон юм. Энэ үеэр шүүгчийн гаргасан шийдвэрийн улмаас хоёр багийн тоглогчид хоорондоо маргалдаж, улмаар зодолдсон байна. Энэ үеэр “Малу” багийн тоглогч эсрэг багийн тоглогчийн чихийг тас хазсан гэнэ.



Наннинг хотын цагдаагийнхан зодоон болсны дараа хэргийн газар ирсэн бөгөөд тоглогчдоос мэдүүлэг авчээ.

Тус тэмцээнийг Гуанси мужийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсоор мэдэгдээгүй тэмцээн болсон тул сонирхогчдын гэх ангилалд багтаж байгаа аж.

Юрген Клоппын цэргүүд шуугиан тарив

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Английн хоёр баг болох “Ливерпуль”-“Манчестер Сити”-гийн эхний тулаан Улаануудын талбайд боллоо.

Тоглолтын 12 дахь минутад “Сити”-гийн хамгаалагчдын алдааг ашиглаж, египет довтлогч Мохаммед Салах эхний гоолыг оруулсан бол 21 дэх минутад Алекс Окслэйд Чемберлен 16 метрийн гаднаас пуужин цохилт илгээж, тооны харьцааг холдуулсан. Улмаар 31 дэх минутад М.Салахын дамжуулалтаар Садио Мане мөргөж, гоолдсон юм.

Улаанууд Аваргуудын лигт тун сайн тоглож байгаа буй. Тэд зөвхөн энэ тэмцээнд 31 гоол оруулсан нь бусад багуудтай харьцуулахад дөрвөөр илүү тоо. Түүнчлэн гэртээ хийсэн сүүлийн 15 тоглолтод хожигдоогүй (10-т нь хожсон), сүүлийн зургаан тоглолтод хаалгандаа гоол алдаагүй юм. Үүгээр ч зогсохгүй Роберто Фирмино, Мохаммед Салах, Садио Мане нар Аваргуудын лигт бүгд долоон гоол оруулсан үзүүлэлттэй байгаа бол Жэймс Милнер Аваргуудын лигийн нэг улиралд найман гоолын дамжуулалт өгсөн амжилтаар Уэйн Руни, Неймар нарын хамтаар рекорд эзэмшиж байна.

Тэрбээр Алекс Окслэйд Чемберлений гоолын дамжуулалтыг өгсөн юм. Гэхдээ Ж.Милнер ердөө 452 минутыг талбайд өнгөрүүлэхдээ ийм үр ашигтай тоглолт үзүүлжээ. Тодруулбал, англи эр 57 минутад нэг гоолын дамжуулалт өгч байгаа аж. Харин дээд амжилт цуг эзэмшиж байгаа Уэйн Руни 96 минутад, Неймар өнгөрсөн жил 100 минутад нэг дамжуулалт гүйцэтгэж байв.

8= Уэйн Руни (Манчестер Юнайтед) 765 минут, 2013/14

8=Неймар (Барселона) 797 минут, 2016/17

8=Жэймс Милнер (Ливерпуль) 452 минут, 2017/18

7=Райан Гигз (Манчестер Юнайтед) 605 минут, 2006/07

7=Златан Ибрагимович (ПСЖ) 793 минут, 2012/13

7=Шави Хернандес (Барселона) 971 минут, 2008/09

Супер гоол, дахин дээд амжилт – Криштиану Роналду

Италид өнөөдөр Испанийн Эзэн хааны баг хөлбөмбөгийн талбайд наргив. Тэр тусмаа португал довтлогч Криштиану Роналдугийн шоу болж өнгөрлөө. Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Италийн “Ювентус”, Испанийн “Реал Мадрид”-ын эхний тулаан “Альянц” цэнгэлдэхэд болов. Эхний хагасын гурав дахь минутад К.Роналду гоолын салхийг хагалж, Аваргуудын лигийн 118 дахь гоолоо оруулав. Ж.Буффоны хаалганд оруулсан энэ гоолынхоо ачаар португал эр бас нэгэн дээд амжилтын эзэн болсон юм. Тэрбээр аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоол оруулсан цор ганц тоглогчоор бүртгэгдэж, нэгэн шинэ рекорд эзэмших боллоо.

Эхний хагаст К.Роналду гоол оруулаагүй бол талбайн эзэд үл ялиг давуу тоглож байлаа. Хоёрдугаар хагаст энэ байдал өөрчлөгдөхгүй бол тоо тэнцэж болох байв. Гэхдээ ердөө хэдхэн хормын үйл явц тоглолтын хэмнэлийг утгаар нь өөрчилсөн. Өнөөх К.Роналду гол дүрд нь тоглосон юм.



К.Роналду супер гоол оруулж, тооны харьцааг холдуулаад зогсохгүй эсрэг багтаа маш том дарамт авчирсан. Энэ гайхалтай гоолоос ердөө хоёр минутын дараа “Ювентус”-ын довтолгооны гол хүн Пауло Дибала хоёр дахь шар хуудсаа авснаар 66 дахь минутад талбайг чөлөөлж, талбайн эзэд хүн дутуу үлдлээ. Хүч тэнцүү хоёр багийн нэг нь хүнээр цөөн болсон тул энэ тоглолтод “Реал Мадрид” хожих нь ойлгомжтой болсон юм. Харин тооны харьцааг холдуулах хүсэл З.Зиданы шавь нарт их байлаа. Тэдний зорилго 72 дахь минутад биелж, К.Роналдугийн дамжуулалтаар Марсело тоог 3:0 болгосон юм.

К.Роналду Аваргуудын лигт оруулсан гоолынхоо тоог 119-т хүргэсэн бол шөвгийн наймд оруулсан гоол нь 22 болжээ. Тэрбээр “Ювентус”-ын эсрэг 6 тоглолтод 9 гоол оруулсан үзүүлэлттэй болов. Харин “Ювентус”-ын П.Дибала энэ тоглолтод улаан хуудас авснаар Мадрид хотод болох хариу тоглолтод оролцохгүй. Түүнтэй ижил шийтгэлийг эсрэг багийн ахлагч Серхио Рамос амсана. Тэр хоёр тоглолт дараалан торгуулийн хуудас хүртсэн тул дараагийн тоглолтыг өнжих болжээ.

 

Оросууд хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, цагдаагийн тусгай алба байгуулав

ОХУ-ын цагдаагийн алба ирэх зун нутагтаа болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, хэлний өндөр мэдлэг чадвартай цагдаа нарыг ашиглаж, тусгай алба байгуулжээ. Хөлбөмбөгийн ДАШТ болох тус улсын 11 хотод байгуулагдсан уг алба хөлбөмбөгийн наадмыг үзэх жуулчид, бусад орны хөгжөөн дэмжигчдэд туслах зорилготой. Оросын нийслэлд жуулчдад зориулсан 100 орчим цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд тэд англи, франц, испани, хятад хэлээр чөлөөтэй ойлголцдог гэнэ.

Оросын дотоод хэргийн сайд Владимир Колоколцевийн тушаалаар жуулчдад зориулсан  “хэлмэрч цагдааг” тавдугаар сарын 5-нд гэхэд Сант Петерсбург, Казань, Сочид байгуулахаа мэдэгдэв. Бусад хотын хувьд тавдугаар сарын 25-наас хойш  байгуулах аж.

ОХУ-ын хөлбөмбөгчид усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзана

ОХУ-ын хөлбөмбөгийн холбооноос допингийн эсрэг гарын авлага гаргажээ. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилд тус улсын хөлбөмбөгчдөөс хориотой бэлдмэл илрээгүй ч удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой гарын авлага гаргах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэхүү гарын авлагад шиша хэмээн нэрлэгддэг усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзахыг уриалсан байна. Орос мэргэжилтнүүд допинг илэрч буй байдлаас дүгнэлт хийсний эцэст хоол ундны улмаас 25 хувь, эмийн сангуудад зарагдаж буй зургаан эм тутмын нэг нь хориотой бэлдмэл агуулсан байж болзошгүйг анхааруулжээ.

ОХУ-ын шигшээ баг Евро – 2016 тэмцээнээс хасагдсаны дараа Александр Кокорин, Павел Мамаев нар Монте Карло хотод усан тамхи татаж буй зураг, бичлэг цахимд тавигдаж байв.

Шигшээ багийн эмч Эдуард Безуглов энэ сарын эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ДАШТ-ий үеэр манай хөлбөмбөгчдөөс допинг илрэхгүй гэж онцолсон юм. Тэрбээр “Бусад спортод допинг хэр байгааг мэдэхгүй юм. Манай хөлбөмбөгчдөөс бол ийм асуудал гарахгүй” гэж ярьжээ.