Category: Хөлбөмбөг

Аваргуудын лигийн дүрэмд өөрчлөлт оров

Европын хөлбөмбөгийн холбоо ирэх улирлаас олон жил мөрдөж ирсэн Аваргуудын лигийн дүрмийг шинэчлэх болжээ. Хамгийн том шинэчлэл нь нэгдүгээр сарын буюу өвлийн солилцоогоор ирсэн тоглогч хуучин багтаа аваргуудын лиг эсвэл европа лигт тоглож байсан бол шинэ багт тоглох тоо нь хязгаартай байв. Тодруулбал, өмнө нь гурван тоглогчтой шинээр гэрээ байгуулсан бол хоёрыг нь Аваргуудын лигийн бүрэлдэхүүнд багтаах боломжтой байсан бол энэ тоо нэгээр нэмэгдэж, гурав болжээ.

Энэ жил ийм жишээг бид харсан. Бразил хагас хамгаалагч Филиппе Коутино Зул сарын баярын өмнө Аваргуудын лигийн хэсгийн шатанд “Ливерпуль”-ийн өмсгөлтэй байсан тул хасагдах шатанд “Барселона”-гийн төлөө тоглох эрхгүй болсон юм.

Түүнчлэн Аваргуудын лигийн финал болон Европа лигийн шигшээ тоглолтод багууд 12 сэлгээтэй тоглох боломжтой болов. Ингэснээр өмнө нь гарааны 11 тоглогчоо багтаагаад 18 тоглогчийн нэр хэлдэг байсан бол одоо энэ тоо таваар ахиж, 23 болжээ. Түүнчлэн хасагдах шатанд нэмэлт цаг сунгавал дөрөв дэх сэлгээний тоглогч ашиглах боломж бүрдэх аж.

 

Аваргуудын лигийн шөвгийн наймын талаарх сонирхолтой тоон баримт

Энэ долоо хоногт хөлбөмбөг сонирхогчид тун завгүй болно. Учир нь Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тулаан өрнөх юм. Хөлбөмбөгчин бүр энэ даваанд тоглоод байдаггүй. Баг бүр хүсээд шалгарчихгүй. Тэгвэл сонирхолтой тоон баримтыг уншигчдад хүргэе.

Аваргуудын лигийн шөвгийн 8-д хамгийн олон тоглосон тоглогчид:

21 = Райан Гигз (Манчестер Юнайтед)

21 = Хави Хернандес (Барселона)

20 Андрьес Иньеста (Барселона)

18 = Лионел Месси (Барселона)

18 =  Криштиану Роналду (Манчестер Юнайтед, Реал Мадрид)

Европын цомд:

22 Пако Женто (Реал Мадрид)

21 = Райан Гигз (Манчестер Юнайтед)

21 = Хави Хернандес (Барселона)

20 Андрьес Иньеста (Барселона)

18 = Лионел Месси (Барселона)

18 =  Криштиану Роналду (Манчестер Юнайтед, Реал Мадрид)

Хамгийн олон гоол оруулсан тоглогчид:

20 Криштиану Роналду (Манчестер Юнайтед, Реал Мадрид)

10= Лионел Месси (Барселона)

10= Рауль Гонзалес (Реал Мадрид, Шальке)

9= Филиппо Инзаги (Ювентус, Ас Милан)

9= Андрей Шевченко (Динамо Кьев, Ас Милан)

Нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогчид:

Лионел Месси (Барселона в Арсенал, 2010 он/4 сар/6)

3= Криштиану Роналду (Реал Мадрид в Байерн, 2017/4/18)

3= Криштиану Роналду (Реал Мадрид в Вольфсбург, 2016/4/12

3= Роналдо (Манчестер Юнайтед в Реал Мадрид, 2003/4/23)

3= Жерард Лопес (Валенсиа в Лацио, 2000/4/5)

3= Филиппо Инзаги (Динамо Кьев в Ювентус, 1998/3/18)

Аваргуудын лигийн шөвгийн 8-д хамгийн олон удаа өрсөлдсөн баг:

17 Байерн Мюнхен 

16= Барселона

16= Реал Мадрид

13 Манчестер Юнайтед

11 Ювентус

Жич: Энэ тоонд 2018 оных багтсан

Европын цом:

35 Реал Мадрид

29 Байерн Мюнхен

20 Барселона

18= Ювентус

18= Манчестер Юнайтед

Хамгийн олон удаа дараалж шалгарсан баг:

11 Барселона (2007/08 – оны улирлаас хойш)

Реал Мадрид (2010/11 -)

7= Байерн Мюнхен (2011/12 -)

7= Реал Мадрид (1997/98 – 2003/04)

7= Манчестер Юнайтед (1996/97 – 2002/03)

Жич: Аваргуудын лиг болон Европын цомыг оролцуулаад.

Хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч:

17 нас, 218 хоногтой: Боян Кркич (Шальке 0:1 Барселона) 2008/4/1

Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдсөн багуудыг улсаар нь жагсаавал:

78 Испани (Реал Мадрид 35, Барселона 20, Атлетико Мадрид 9, Валенсиа 4, Депортиво 3, Вильяреаль 2, Севилья 2, Атлетик Клуб 1, Малага 1, Реал Сосьедад 1)

64 Англи (Манчестер Юнайтед 18, Ливерпуль 14, Челси 9, Арсенал 7, Лийдс Юнайтед 3, Астон Вилла 2, Ноттингхэм Форест 2, Тоттенхэм Хотспур 2, Манчестер Сити 2, Эвертон 1, Дерби Коунти 1, Барнли 1, Волверхэмптон Вандерерс 1, Лестер Сити 1)

63 Герман (Байерн Мюнхен 29, Борусси Дортмунд 8, Борусси Мюнхенгладбах 3, Хамбург 3, Шальке 3, Байер Леверкузен 2, Динамо Берлин 2, Динамо Дресден 2, Кёлн 2, Карл Зейсс Ена 1, Эйнрахт Брауншвейг 1, Эйнрахт Франкфурт 1, Кайсерслаутерн 1, Викторья 91 1, Нюрнберг 1, Вердер Бремен 1, Висмут Ауе 1, Вольфсбург 1)

52 Итали (Ювентус 18, Ас Милан 15, Интер Милан 12, Рома 4, Фиорентина 2, Лацио 1)

31 Франц (Монако 5, ПСЖ 5, Лион 4, Бордо 3, Марсель 3, Реймс 3, Сент Этьен 3, Ницца 2, Осер 1, Нантес 1, Страсборг 1)

25 Португал (Бенфика 17, Порто 7, Спортинг СП 1)

24 Нидерланд (Аякс 12, ПСВ Эйндховен 7, Фэйноорд 3, ФС Амстердам 1, Спарта Роттердам 1)

16 Шотланд (Селтик 7, Ренжерс 5, Данди Юнайтед 1, Хайберниан 1)

14 Бельги (Андерлейхт 7, Стандарт Льеги 4, Клуб Бругге 2, Мехелен 1)

 

 

Орост болох ДАШТ-д нэг ч англи шүүгч ажиллахгүй

Ирэх зургадугаар сард ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах 36 шүүгчийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо сонгожээ. Сонирхолтой нь, энэ тэмцээнд хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англиас ганц ч шүүгч сонгогдоогүй аж. Энэ бол сүүлийн 80 жилд анх удаа тохиож буй ховор үзэгдэл болов.

Английн Премьер лигийн шүүгч Марк Клаттенбург ДАШТ-ийг шүүх шүүгчдийн урт жагсаалтад багтсан ч Саудын Арабын шүүгчдийн холбооны даргаар сонгогдсон тул уг жагсаалтаас хасагдсан байна.

Английн хөлбөмбөгийн холбооноос ноён М.Клаттенбургийн оронд өөр англи шүүгч томилох хүсэлт гаргасан хөлбөмбөгийн холбоо татгалзжээ.

1938 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д англи шүүгч ажиллаж ирсэн түүхтэй. 2010 онд Английн шүүгч Ховард Уэбб Өмнөд Африкт болсон ДАШТ-ий финалын тоглолтыг дэнсэлж байв.

Английн ерөнхий сайд Тереса Мэй хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкот хийх санал гаргаж, нэг ч албаны хүн ОХУ-ыг очихгүй гэж шийдсэн билээ. Үүний дотор Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн ханхүү Уильям багтсан юм.

Талбай дээр буутай гарсан этгээд хөлбөмбөг үзэх эрхээ хасуулав

Грекийн “ПАОК” клубийн эзэн, бизнесмэн Иван Саввиди хөлбөмбөг үзэх эрхээ гурван жилээр хасуулав.

Орост тамхины бизнесээр хөлжсөн эр өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд шүүгчийг эсэргүүцэж, талбай дээр буутай гарч ирсэн юм. Учир нь доошоо унах аюулд орсон “ПАОК” баг нь тэр өдөр өрсөлдөгчтэйгөө 0:0-ээр тэнцсэн юм. Гэхдээ тоглолтын 90 дэх минутад Фернандо Варела гоол оруулсныг нь талбайн шүүгч Жоржиос Коминис отон тоглолт хэмээн үзэж, тооцоогүй. Энэ шийдвэрт бухимдсан гүрж гаралтай эр шүүгчийг заналхийлсэн явдал болсон билээ. Тэгвэл түүнийг хөлбөмбөгийн ямар ч цэнгэлдэхэд орох эрхийг нь гурван жилээр хасчээ.

“Скендербеу” клубийн эрхийг 10 жилээр хасав

Спортын арбитрын шүүхээс энэ сарын 29-нд Албанийн хөлбөмбөгийн хамгийн том клуб болох “Скендербеу”-гийн эсрэг шийдвэр гаргалаа. Тэднийг тоглолт тохиролцсон хэмээн буруутгаж, энэ хэрэгт нь 1 сая еврогийн торгууль төлөхийг тушааж, Европын аливаа тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь 10 жилээр хасав. Тэднийг 2011 оноос хойш тоглолт тохиролцож байсан хэмээн буруутгасан юм.

Ингэснээр спортын арбитрийн шүүхээс хөлбөмбөгийн клубт оноож буй хамгийн хатуу шийтгэл нь болжээ. Өмнө нь 2010 онд Македонийн клуб “ФС Победа” багийн эрхийг найман жилээр хасч байв.

“Скендербеу” клубийн ерөнхийлөгч Ардиан Такаж энэ шийдвэрийн эсрэг байгаагаа мэдэгдэж, нэрээ цэвэрлэх, шийтгэлийг цуцлахын тулд давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Албанийн зохиолч, цэргийн алдарт жанжин Скандербергийн нэрээр нэрлэгдсэн тус баг 2015 онд аваргуудын лигийн эрхийн төлөөх тоглолт болон Европа лигийн хэсгийн шатны тоглолтод тохиролцсон нь тогтоогдсон. Тэд 2011 оноос хойш нутгийнхаа Супер лигийн аварга цол хүртсэн бөгөөд өнөө жил ч дахин түрүүлэх магадлалтай байгаа аж.

Хөлбөмбөгийн халуухан шүүгч ДАШТ-д ажиллах хүсэлтэй

Энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах шүүгч, тоглогч, арын албаны нэрсийг эцсийн байдлаар тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө авдаг уламжлалтай. Ирэх зургадугаар сарын 14-нд нээлтээ хийж, долдугаар сарын 15-нд хөшгөө хаах ДАШТ-д хөлбөмбөгийн халуухан шүүгчдийн нэг Екатерина Костюнина ажиллах хүсэлтэй байгаа аж. Загвар өмсөгчтэй андуурам гоолиг төрсөн Екатерина эрчүүд голдуу сонирхдог хөлбөмбөгийн шүүгч хэмээх содон мэргэжилтэй.

Оросын Красноярск хотод төрсөн энэ бүсгүй өнөө жил 23 нас хүрнэ. Тэрбээр нутгийнхаа “ФС Енисей Красноярск” багийн хөгжөөн дэмжигч. Түүнчлэн Английн хөлбөмбөгийг үзэх дуртай. Тэрбээр ахлах сургуульд бусад найзуудтайгаа нийлж, хөлбөмбөг тоглодог байсан бөгөөд улмаар эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багт нь уригджээ. Үүний дараа сургуулийн удирдлагаас шүүгчээр ажиллах урилга авснаар мэргэжлийн шүүгч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Тэрбээр Английн лигээс “Манчестер Юнайтед”-ийг дэмждэг, сүүлийн үед Харри Кэйн таалагдах болжээ.

Екатерина өнгөрсөн жил холбооны цом тэмцээнд ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан юм.



Англичууд хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкот хийхгүй

Их Британийн гадаад хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Борис Жонсон энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкот хийх төлөвлөгөөгүй гэж зарлав. Энэ талаар парламентийн засгийн асуулт хариултын үеэр сэтгүүлчдэд хариулсан юм.

Б.Жонсон “Орост болох ДАШТ-ийг бойкот хийх төлөвлөгөө байхгүй. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал биш” гэж ярьжээ.

Түүнчлэн дэлхийн аваргыг үзэх эрх хөгжөөн дэмжигчдэд нээлттэй бөгөөд Засгийн газрын зүгээс ямар нэг заавар зөвөлгөө өгөхгүй гэнэ. Харин тус улсын ерөнхий сайд болон Эзэн хааны гэр бүлийн зүгээс ДАШТ-ий нээлт, хаалтын ажиллагаанд оролцохгүй аж.

Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-д Исландын зүгээс бойкот хийхээр шийдвэрлэсэн. Гэхдээ тэдний хөлбөмбөгчид бус төрийн дээд албан тушаалтнууд нь оролцохгүй гэнэ.

Хөлбөмбөгчид Кемеровогийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэв

Олон улсын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтын үеэр Кемеровогийн түймэр, Францын террорист халдлага болон нас барсан хөлбөмбөгчдөд хүндэтгэл үзүүлсэн үйл явдал олон боллоо. Энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын баг Францын шигшээтэй нөхөрсөг уулзалт хийж, 1:3-аар хожигдсон. Тус тоглолтын өмнө Сибирийн Кемеровогийн худалдааны төвд гарсан түймэрт амиа алдсан 64 иргэний дурсгалд зориулж, нэг минутын турш чимээгүй зогссон. Уг тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид “Гашуудал” гэсэн бичиг барьж, Крестовски цэнгэлдэхэд гунигаа хуваалцсан юм.

Орос тоглогчид хохирогчдод эмгэнэл илэрхийлж, хар туузтай талбайд гарсан юм.

Харин Францын хөлбөмбөгчид Парис хотод болсон удаа дараагийн гэмт халдлагуудад хохирсон иргэддээ зориулж, нэг минут дуугүй зогссон. Францын Каркассон Требес хотод Исламын хэт даврагчид халдлага үйлдэж, дөрвөн хүн нас барсан байна.

Түүнчлэн Английн алдарт Уэймбл цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт зохион байгуулсан Английн хөлбөмбөгийн шигшээ баг Италийн багтай 1:1-ээр тэнцсэн. Уг тоглолтын өмнө Жианлужи Буффон тэргүүтэй Италийн хөлбөмбөгчид шигшээ багийн тоглогч асан, “Фиорентина”-гийн ахлагч Давиде Асторигийн дурсгалд зориулж, нэг минут чимээгүй зогссон. Тэдний адил Английн шигшээгийнхэн Сирилл Режис, домогт Жимми Армфилд нарын дурсгалыг хүндэтгэв. Өнгөт арьст хөлбөмбөгчин С.Режис арьс өнгөний эсрэг цаг үед Английн шигшээд хүртэл дуудагдсан тоглогч. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард зүрхний шигдээсээр нас барсан. Үүнээс долоо хоногийн дараа Ж.Армфилд хорт хавдраар өөд болсон юм.

 

“Хөх чонон”-ууд “Додо” шувууг барсангүй

Өчигдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбай дээрээ Африк тивийн Маврики улсын шигшээ багийг хүлээн авлаа. Монголын хөлбөмбөгчид анх удаа хар тивийн төлөөлөгчидтэй учраа таарсан түүхэн тоглолт 0:2-ээр зочин багийн ялалтаар өндөрлөв. Хэдийгээр ялалт манайд ирээгүй ч шигшээ багийнхан маань чадлаараа зүтгэсэн. Гоол оруулж болох цөөнгүй боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Тоглолтын ердөө дөрөв дэх минутад манай шигшээ баг торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч эсрэг багийн хаалгач багаа аварсан юм. Улмаар хаалгачийн цөлсөн бөмбөг довтолгоонд шилжиж, ердөө нэг минутын дараа 193 см өндөртэй, үлэмж биет довтлогч Жастин Жонатан гоолын салхийг хагалав. Ж.Жонаданы хувьд шигшээдээ 11 тоглолт хийснээс гоол оруулж амжаагүй байсан ч анхны гоолоо оруулав. Энэ жил 27 настай довтлогч эр 2015 оноос шигшээ багтаа дуудагдсан юм.

Харин хоёр дахь гоолын эзнээр хамгаалагч Жен Фабрик Аугистин тодров. 34 дэх минутад багийн ахлагч Кевин Бругийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг тэр мөргөж, тооны харьцааг холдуулсан юм. Ж.Аугистиний хувьд өнгөрсөн онд хоёр тоглолтод гараанд гарсан. Харин шигшээдээ оруулсан анхны гоол нь энэ байлаа.



Тоглолтын хоёрдугаар хагаст хоёр гоол нөхөх даалгавартай талбайд гарсан Монголын шигшээ багийн тоглолт эрс сэргэж, бөмбөг илүү эзэмшиж тоглосон ч гоол оруулж чадаагүй юм.

Сонирхуулахад, Монголын шигшээ баг тун удахгүй Маврикийн шигшээ багтай албан бус нөхөрсөг тоглолт хийхээр болсон талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Согтуу үзэгчид

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан албан ёсны нөхөрсөг тоглолтод багаа үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Үзэгчдийн соёл ч нэг үеэ бодвол өөрчлөгдсөн нь ажиглагдаж байв. Харамсалтай нь, сурсан зүйлийг халах амаргүй бололтой. Маврикийн шигшээ багийн нэгэн тоглогч талбай дээр унасан үед үзэгчдийн дундаас нэг “орк” усны сав шидсэн юм.

Тус тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөг. Энэ бол тийм ч өндөр үнэ биш гэдгийг бүгд мэднэ. Харамсалтай нь, энэ мөнгийг төлөх хүсэлгүй хүн олон байсан бололтой. Сэтгүүлчид болон албан ёсны мандаттай ордог хаалганы гадна талд хамгаалагчидтай хэрүүл хийсэн улс олон байв. Тэдний ихэнх нь согтуу, бас нууцаар согтууруулах ундаа зөөж, оруулж байгаа нь харагдсан юм.

Монголын хөлбөмбөгчдөд цалин хэрэгтэй

Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд нэгэн сэтгүүлч Монголын шигшээ багийн дасгалжуулагч, герман мэргэжилтэн Ханс Майкл Вайссаас “Атлетик 220” клубийн төвийн довтлогч Н.Наранболдыг шигшээд багтаагаагүй талаар лавлахад БНСУ-д байгаа гэж хариулав. Х.Вайсс Монголын хөлбөмбөгчдөд цалин, хангамж сайн өгөх хэрэгтэйг онцолсон юм. Х.Вайсс шигшээ багийн цалин 100 ам.доллар байдаг гэдгийг сэтгүүлчдэд дуулгав. Н.Наранболдын хувьд хоёр жилийн өмнө “AFC Solidarity cup 2016” тэмцээнд Шри-Ланкийн эсрэг хоёр гоол оруулж, багтаа гурван оноо авчирсан, өдгөө 26 настай довтлогч юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ

Өнөөдөр Маврикийн шигшээ багийн эсрэг тоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Малайзийн эсрэг тоглолтод 2:2-оор тэнцсэн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох юм.

Хаалгач:

(1) Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), (16) А.Сайханчулуун (), (18) Б.Ариунболд (Эрчим)

Хамгаалагч:

(23) Н.Цэдэнбал (Улаанбаатар сити), (22) М.Алтанхүү (Улаанбаатар сити), (3) Д.Төрбат (Атлетик 220), (2) О.Мөнх-Оргил (Дэрэн) (6) А.Нармандах (Дэрэн), (12) О.Оюунбаатар хамгаалагч (Улаанбаатар сити), (17) Б.Даваажав (Эрчим), (4) А.Мөнхнасан (Эф Си Улаанбаатар)

Хагас хамгаалагч: 

(5) Г.Гантогтох (Улаанбаатар сити), (11) Б.Төгсбилэг (Улаанбаатар сити), (8) С.Ганхуяг (Хангарьд), (19) Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд), (10) О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар), (21) Б.Цэрэнбаяр (Улаанбаатар сити), (7) Ж.Сүндорж (Улаанбаатар сити)

Довтлогч:

(20) Ц.Түмэнжаргал (Улаанбаатар сити), (15) С.Гал-Эрдэнэ (Эрчим), (13) П.Энхбилэг (Гоёо Эф Си)

Ахлах дасгалжуулагч: Ханс Майкл Вайсс

Туслах дасгалжуулагч: З.Баттулга

Менежер: Б.Энхжин

Багийн эмч: Г.Мөнхзул