Category: Хөлбөмбөг

Маврикийн багийн бүрэлдэхүүнтэй танилц

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр нутаг дээрээ Африк тивийн улс Маврикийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Бразил дасгалжуулагч Франческо Филогийн удирдлага дор Маврикийн шигшээ баг хэдхэн хоногийн өмнө Макаогийн шигшээ багийн талбайд зочилж, багийн ахлагч Кевин Бругийн ганц гоолын ачаар хожсон билээ. Тэгвэл тус тоглолтод оролцсон шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирсэн юм. Ингээд Маврикийн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй танилцья.

Хаалгач:

(1) Херберт Грегори Ричи Нани (Серкль де Жуаким, Маврики), (16) Кевин Жен Луис (Памплемоуссес, Маврики)

Хамгаалагч: 

(5) Жонадан Спевилль (Роче Бойс Болтон сити, Маврики), Марк Линдсэй Рөүз, (13) Дамьен Балиссон (Серкль де Жуаким, Маврики), (8) Франчес Маминианина Расолофонирина (Петит Ривере Нойр, Маврики), (4) Уолтер Дупрей Сэйнт Мартин, (Памплемоуссес, Маврики), (2) Фабрик Аугустин (Ла Кур Силвестер, Маврики)

Хагас хамгаалагч:

(6) Адель Ланге (Серкль де Жуаким, Маврики), (19) Жэймс Легранд, (3) Марко Луис Дорза (АС Порт-Луис 2000, Маврики), (10) Кевин Бру (Ипсвич Таун, Англи), (11) Десир Патат, (15) Адрьен Франкойс, (17) Фабиан Питиа (Курепип Старрайт, Маврики), (20) Фабрик Питиа (Курепип Старрайт, Маврики)

Довтлогч:

(7) Жэймс Ноэль (Любек, Герман), (12) Драй Диманче, (9) Жонадан Жастин (Фонтайнес, Франц)

Хөгжөөн дэмжигчид К.Роналдуг сандаргав

Хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын хүрээнд Швейцарийн Женев хотноо Португал, Нидерландын баг учраа таарсан юм. Уг тоглолтод нидерландчууд тивийнхээ аваргуудыг 3:0-ээр буулган авсан юм. Уг тоглолтын үеэр Криштиану Роналдугийн хөгжөөн дэмжигчид талбай дээр гарч, хайртай тоглогчоо үнссэн хэрэг гарчээ. Түүнчлэн “Реал Мадрид”-ын өмсгөлтэй нэгэн дэмжигч түүнийг тэврэхийг хүссэн бол тэднийг дагасан дэмжигчид эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хууль сахиулагчид талбай дээрх хяналтаа чангатгасан байна.


К.Роналду клуб болон шигшээг оролцуулаад сүүлийн 9 тоглолтод дараалан гоол оруулсан ч Нидерландын эсрэг гоол оруулж чадаагүй.

Харин Нидерландаас Мэмфис Депай, Райан Бабель, Виржил ван Дижк нар гоол оруулж, багтаа хожил авчирсан юм.

 

 

Дэггүй дасгалжуулагчийг 10 тоглолтоор торгов

Испанийн Ла лигийн хоёрдугаар дивизионы “Культураль Леонеса” клубийн дасгалжуулагч, 33 настай Рубен де ла Баррера улирал дуустал ажлаа хийж чадахгүй болжээ. Учир нь лигийн хүрээнд “Альбасете” багийн эсрэг хийсэн тоглолтын явцад эсрэг багийнхаа түргэн довтолгоог зогсоож, бөмбөг тасалсан учир 10 тоглолтоор хөөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Рубен улирлын сүүлийн хэдэн тоглолтыг гэртээ үзэхээс өөр аргагүй болох аж.

Рубен бөмбөгийг талбайгаас гарсан гэж харсан тул довтолгоог зогсоосон гэдгээ тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Гэвч шүүгч ямар нэг шийдвэр гаргаагүй тохиолдолд хэн нэг нь тоглолтыг зогсоох оролдлого хийх нь хориотой үйлдэл аж. Тиймээс шүүгч дэггүй дасгалжуулагчийг талбайгаас хөөсөн юм. Уг тоглолт 0:0-ээр өндөрлөсөн.

“Культураль Леонеса” багийн хувьд хоёрдугаар дивизионоос хасагдах аюултай байгаа. Тэд одоогоор 19 дүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд лигтээ үлдэхийн тулд 16-д жагсах хэрэгтэй юм.

 

 

 

“Алтан дагина” анх удаа Монголд ирнэ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Кока Кола” компани 2006 оноос ДАШТ-д түрүүлсэн багт олгодог “Алтан дагина” цомыг олон улсад аялуулдаг болсон билээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аялал энэ жил 50 гаруй улсад зочлох бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 23-нд Монголд ирнэ.

Энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цомыг угтан авч, үндэсний шигшээ багийнхантай дурсгалын зураг авхуулах юм. Энэ үеэр Монголын шигшээ багийн тамирчид нээлттэй тэмцээн зохион байгуулах талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар сэтгүлчдэд мэдээлэл өгөх үеэр онцоллоо.

Хөлбөмбөгийн спортыг олонд танилцуулах үүднээс “Кока Кола” компаниас зохион байгуулдаг эл аялал 2017 оны есдүгээр сараас ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-аас гараагаа эхэлсэн юм. Улмаар ирэх зургадугаар сар хүртэл 9 сарын хугацаанд 126 мянган км зам туулна.

Сонирхуулахад, 2006 онд зохиогдсон анхны аялалд 29 орны 175 мянган хөгжөөн дэмжигчид “Алтан дагина”-тай дурсгалын зураг авхуулсан түүхтэй. Хоёр удаагаа 2010 онд болоход 84 орноор аялсан бөгөөд үүнээс 50 гаруй нь Африкийн улс байсан юм. Үр дүнд нь нэг сая орчим хүн энэ үйл явдлын гэрч болсон билээ. Харин дөрвөн жилийн өмнө 267 хоногийн турш 90 гаруй орноор “зугаалж”, 1.3 сая хөгжөөн дэмжигчид өөрийн нүдээр цомыг харсан аж.

Энэ жилийн хувьд Германы Фрэнкфурт хотод дөрөвдүгээр сарын 22-нд айлчилсан “Алтан дагина” Улаанбаатарт ирэх бөгөөд хоёр хоногийн дараа БНХАУ-ын Бээжин, Шанхай, Японы Токио, Осакагаар зочлоод Орос руу буцах юм.

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд Кока Кола компанийн Монгол дахь албан ёсны түнш “М-Си-Эс Кока Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцлоо. Тус компанийн зүгээр дөрөвдүгээр сарын 23-нд хөлбөмбөгийн холбоонд цомыг хүлээн авах ёслолын ажиллагааны дараагаар 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Моллд “Алтан дагина”-ыг олон нийтэд үзүүлж, дурсгалын зураг авхуулах боломжийг олгох аж.

Маврикийн шигшээ багийн тамирчид Монголд ирлээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Африк тивийн Маврикийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон билээ. Энэ тоглолт маргааш буюу энэ сарын 27-нд 18:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох юм.

Манай улсын шигшээ багийн хувьд Маврикийн шигшээ багтай төдийгүй Африк тивийн багтай анх удаа нөхөрсөг тоглолт хийж буй юм. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоон дээр Маврикийн шигшээ багийнхан хүрэлцэн ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тус хуралд Маврикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч бразил мэргэжилтэн Франческо Фило болон багийн ахлагч Кевин Бру, хаалгач хариуцсан дасгалжуулагч болон бусад албаныхан, Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс болон багийн ахлагч Д.Төрбат нар оролцлоо.

Хэдхэн хоногийн өмнө Малайзийн шигшээ багтай нутагт нь 2:2-оор тэнцсэн шигшээ баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ Маврикийн эсрэг тоглох гэнэ.

 

Монгол Маврикигийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд энэ сарын 27-нд буюу ирэх мягмар гаригт Монголын насанд хүрэгчдийн шигшээ баг Африк тивийн Маврики улсын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэд өчигдөр Макаогийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр хожсон аж.

Монгол-Маврикийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт энэ сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр 18:00 цагаас болох юм. Тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөг.



Тоглолтын 18 дахь минутад Английн “Ипсвич Таун”-д данстай франц гаралтай Маврикигийн тоглогч, багийн ахлагч Кевин Бру гоол оруулсан юм.

Маврикийн шигшээ багийг өнгөрсөн жилээс бразил мэргэжилтэн Франчиско Фило хэмээх дасгалжуулагч удирдах болсон билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Того улстай нөхөрсөг тоглолт хийхэд багийн бүрэлдэхүүнд багтсан цөөнгүй тоглогч нутгаасаа өөр улсын багт данстай байв. Тодруулбал, багийн ахлагч Кевин Бругаас гадна “Парис ФС” багт данстай Адель Ланге, англи гаралтай довтлогч Гари Ноель, бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар багтжээ.

 Маврикигийн шигшээ багийн талаарх баримтууд:

Анхны тоглолт: 1947 онд Реюньонийн багтай хийж 2:1-ээр ялж байв.

Дэлхийн чансаа: 158

Хамгийн том амжилт: 1974 онд Африкийн цом тэмцээнд оролцох эрхээ авсан.

Багийн ахлагч: Кевин Бру

Багийн хоч: Додо шувуу, М клуб

Маврикид хамгийн олон хүн сонирхдог спорт бол хөлбөмбөг. Анх 1947 онд шигшээ баг нь байгуулагдаж, эхний тоглолтоо хийсэн ч үүнээс хойш 20 жилийн турш Мадакасгар арал болон Реюньонийн шигшээ багаас өөр багтай тоглолт хийгээгүй. Зөвхөн энэ нутагт амьдардаг байсан тагтааны төрлийн нисдэггүй шувуу Додог шигшээ багийнхаа албан ёсны хочоор сонгосон юм.

Спорт сонирхогчдод сонирхуулахад, Маврики улс зуны олимпоос нэг л медаль авсан түүхтэй. Бээжингийн олимпод боксын төрлөөр “Маврикийн шидтэн” хочит Бруно Жулье хүрэл медаль зүүсэн түүхтэй.

Монгол, Малайз эвийн гэрээ байгуулав

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Малайзын хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:2-оор эвийн гэрээ байгууллаа. Тоглолт Букил Жалилын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм. Шинжээчид талбайн эздийг ялалт байгуулна гэж дүгнэж байсан ч манай хөлбөмбөгчид тэднээс дутахгүйгээ харуулж, талбайд нь хоёр гоол оруулж дөнгөсөн юм.

Малайзчууд сүүлийн таван тоглолт хийснээс дөрөв хожигдож, нэг тэнцсэн амжилттай байв. Монголын шигшээ багийн хувьд сүүлийн таван тоглолтод мөн дөрөв хожигдож, нэг тэнцсэн үзүүлэлттэй. Бид өнгөрсөн онд “Бруней” улсын багтай 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан билээ.

Малайзийн шигшээ багийн дасгалжуулагч Тан Ченг Хогийн хувьд өмнө нь шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад саяхнаас ахлах дасгалжуулагчаар томилогдсон нэгэн. Энэ тоглолт түүний хувьд үндсэн дасгалжуулагчаар баг удирдсан анхных нь байв.

Тоглолтын эхний гоолыг монголчууд оруулсан. Харамсалтай нь, энэ гоол Малайзын шигшээ багт тэргүүлэл авчирсан юм. Тодруулбал, тоглолтын 31 дэх минутад “Атлетик 220” клубийн хамгаалагч, Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат өөрийнхөө хаалганд гоол оруулчихав.

Гэхдээ манай шигшээ 11 минутын дараа алдаагаа засч, “Гоёо ФС” клубийн довтлогч П.Энхбилэг тоог тэнцүүлсэн. Харин хоёрдугаар хагасын 64 дэх минутад Малайзийн “Кеда” клубийн 18 настай довтлогч Ахьяр Рашид Монголын багийн хаалганд гоол оруулснаар талбайн дахин тархинд гарав. А.Рашид шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийж, эхний гоолоо оруулсан нь энэ юм. Хоёрдугаар хагаст нутгийн эзэд илүү бөмбөг эзэмшиж байсан ч манай тоглогчид бууж өгсөнгүй. 70 дахь минутад “Хангарьд”-ын С.Ганхуяг тэнцээний гоолыг оруулсан юм.

Рональдино улс төрд хүч сорино

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдино улс төрд хүч сорихоор шийджээ. Бразилын сенатын сонгууль ирэх аравдугаар сард болох бөгөөд хөлбөмбөгчин эр Бүгд найрамдах намаас нэр дэвших эрх авсан байна. Түүний төрсөн ах, агент Роберто де Ассис Морейра энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа батлаад “Дүү маань эх орондоо их зүйл хийхийг хүсэж байгаа” гэж онцолжээ.

Бүгд найрамдах намын дарга, сенатын гишүүн Эдуардо Лопес ч энэ мэдээлэл үнэн гэдгийг нотолж, “Тэр дахин 10 дугаартай гэрээ байгууллаа. Гэхдээ энэ удаа Бүгд найрамдах намтай” гэж хошигносон байна.

Рональдино Бразилын шигшээ багийн төлөө 97 тоглолтод оролцож, 33 гоол оруулсан. 2002 онд шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга цол хүртэж, 2004, 2005 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байв.

Саяхан 38 нас хүрсэн Рональдино өнгөрсөн жилээс улс төрд хүч сорихоор төлөвлөж байсан юм. Тухайн үед ерөнхийлөгчид нэр дэвшигч Жайр Болсонарог дэмжихээр түүний Эх орончдын намд элсэх бодолтой байсан ч тус намын явуулж буй бодлого таалагдаагүй учир больсон юм.

Нэрт хөлбөмбөгчин Ромарио Рио де Жанейро хотын захирагчийн сонгуульд өрсөлдөнө

Бразилын сенатын гишүүн, нэрт хөлбөмбөгчин асан Ромарио ирэх аравдугаар сард болох Рио де Жанейро хотын захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Хоёр жилийн өмнө зуны олимпийг зохион байгуулсан Рио хот дампуурлын ирмэг дээр тулж ирээд буй. Тэгвэл 1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Бразилын шигшээ багийг түрүүлэхэд гол тоглогчийн нэг байсан ноён Ромарио де Соуза Фариа энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ гэж мэдэгдлээ.

Бразил эр “Педомос” намаас нэр дэвших эрхээ авсан юм. Ромарио улс төрийн замналаа эхлэснээс хойш авилга хээл хахуулийн томоохон хэрэгтэй тэмцэж, багагүй нэр хүнд олсон. Тухайлбал, Бразилд болсон ДАШТ-ий үеэр авилга авсан хэрэгтнүүдийг илрүүлж байв. Түүнчлэн Олон улсын хөлбөмбөгийн холбооны мөнгө, санхүүтэй холбоотой бохир ажлыг илрүүлэхэд гар бие оролцсон билээ.

Тэрбээр 2014 оноос Рио хотын сенатаар сонгогдсон юм.

 

“Фиорентина” бэлтгэлийн баазаа Дэвид Асторид зориулна

Италийн “Фиорентина” клуб энэ сарын эхээр зуурдаар нас барсан ахлагч асан Дэвид Асторигийн дурсгалыг хүндэтгэж, бэлтгэлийн баазаа түүний дурсгалд зориулахаар болжээ. Энэ талаар тус багийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Марио Чогнини хэвлэлд ярьсан юм. Астори энэ сарын 4-нд “Удинезе” клубийн эсрэг зочлон тоглолтын өглөө нь зочид буудлынхаа өрөөнд өөд болсон билээ. Амны хөндийн үзлэгээр эмч нар зүрхний ажиллагаа нь зогссон болохыг тогтоосон.

Астори 2008 онд Италийн “Ас Милан” клубийн залуучуудын багаас “Кальяри” руу шилжиж, энд байх хугацаандаа “Рома” болон “Фиорентина” руу зээлээр явж, улмаар хоёр жилийн өмнөөс “Фиорентина”-гийн албан ёсны тоглогч болсон түүхтэй. Тэрбээр Италийн шигшээ багт 14 тоглолт хийсэн аж.

Асториг өөд болсных нь дараа түүний 13 дугаарыг багийн зүгээс мөнхлөх шийдвэр гаргасан.

Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа боллоо

Английн Премьер лигийн тэргүүлэгч “Манчестер Сити” клуб аваргуудын лигт нэг нутгийн “Ливерпуль”-тай туналаа. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн таван баг өрсөлдсөн ч “Челси”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм” баг энэ даваанд мултарч, премьер лигийн хоёр төлөөлөгч шөвгийн наймд үлдсэн юм. Гэвч тус хоёр багийн аль нэг нь цаашаа явах боллоо.

“Ливерпуль” клуб эхний тоглолтыг хийх бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 3-4-ны аль нэгэнд нь тоглох юм. Харин хоёр дахь тоглолтыг дөрөвдүгээр сарын 10-11-нд зохион байгуулна.

Харин аваргаа хамгаалах зорилготой тоглож буй “Реал Мадрид” Италийн “Ювентус”-тай учраа таарч, Ла лигийг тэргүүлж буй “Барселона” клуб Италийн “Рома”-г “амлаж” авлаа. Ингэснээр Итали болон Испанийн багуудын хооронд гал гарах нь. Испанийн өөр нэг баг болох “Севилья” энэ шатанд Германы аваргуудтай хүч үзнэ.

Шөвгийн наймын сугалаа:

Барселона (Испани) – Рома (Итали)

Севилья (Испани) – Байерн Мюнхен (Герман)

Ювентус (Итали) – Реал Мадрид (Испани)

Ливерпуль (Англи) – Манчестер Сити (Англи)

Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа өнөөдөр болно

Европын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том тэмцээн бол Аваргуудын лиг билээ. Энэ удаагийн аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой болсон. Сугалаа Швейцарийн Нион хотод байрладаг Европын хөлбөмбөгийн холбооны төв байранд болно.

Сугалаанд Европын хөлбөмбөгийн холбооны элч, нэрт хөлбөмбөгчин асан Андрей Шевченко оролцох юм.

Шөвгийн наймд үлдсэн багууд:

Барселона (Испани)

UEFA клубийн чансаа: 3

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 14 хожиж, 5 ялагдсан

Хамгийн сүүлд: 2016/17 онд (Ювентуст 3:0-ээр хожигдсон)

Энэ улиралд: 8 тоглож, 5 ялж, 3 тэнцсэн

Мэргэн бууч: Лионел Месси (6)

Шилдэг дамжуулагч: Луис Суарес (4)

Байерн Мюнхен (Герман)

UEFA клубийн чансаа: 2

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 18 хожиж, 10 ялагдсан

Хамгийн сүүлд: 2016/17 онд (Реал Мадрид 3:6-гаар хожигдсон)

Энэ улиралд: 8 тоглож, 7 ялж, 1 хожигдсон

Мэргэн бууч: Роберт Левандовски (5)

Шилдэг дамжуулагч: Кингслей Коман, Жошуа Киммич, Дэвид Алаба (3)

Ювентус (Итали)

UEFA клубийн чансаа: 5

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 12 ялж, 5 хожигдсон

Хамгийн сүүлд: 2016/17 (Барселонаг 3:0-ээр ялсан)

Энэ улиралд: 8 тоглож, 4 хожиж, 3 тэнцэж, 1 хожигдсон

Мэргэн бууч: Гонзало Игуайн (5)

Шилдэг дамжуулагч: 7 өөр тоглогч тус бүр нэг дамжуулалт гүйцэтгэсэн

Ливерпуль (Англи)

UEFA клубийн чансаа: 30

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 9 ялж, 4 хожигдсон

Хамгийн сүүлд: 2008/09 (Челсид 7:5-аар хожигдсон)

Энэ улиралд: 8 тоглож, 4 хожиж, 4 тэнцсэн

Мэргэн бууч: Роберто Фирмино (7)

Шилдэг дамжуулагч: Жэймс Милнер (7)

Манчестер Сити (Англи)

UEFA клубийн чансаа: 8

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 1 хожсон

Хамгийн сүүлд: 2015/16 (ПСЖ-г 3:2-оор ялсан)

Энэ улиралд: 8 тоглож, 6 хожиж, 2 хожигдсон

Мэргэн бууч: Рахем Стерлинг, Серхио Агуеро (4)

Шилдэг дамжуулагч: Кевин Де Бруни (4)

Реал Мадрид (Испани)

UEFA клубийн чансаа: 1

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 28 хожиж, 6 хожигдсон

Хамгийн сүүлд: 2016/17 (Байерн Мюнхенийг 6:3-аар хожсон)

Энэ улиралд: 8 тоглож, 6 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдсон

Мэргэн бууч: Криштиану Роналду (12)

Шилдэг дамжуулагч: Гарет Бэйл (2)

Рома (Итали)

UEFA клубийн чансаа: 24

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 1 хожиж, 2 хожигдсон

Хамгийн сүүлд: 2007/08 (Манчестер Юнайтед багт 3:0-ээр хожигдсон)

Энэ улиралд: 8 тоглож, 4 хожиж, 2 тэнцэж, 2 хожигдсон

Мэргэн бууч: Эдин Жеко (4)

Шилдэг дамжуулагч: Эдин Жеко (3)

Севилья (Испани)

UEFA клубийн чансаа: 6

Аваргуудын лигийн шөвгийн наймд: 1 хожигдсон

Хамгийн сүүлд: 1957/58 (Реал Мадрид 10-2-оор хожигдсон)

Энэ улиралд: 8 тоглож, 3 хожиж, 4 тэнцсэн, 1 хожигдсон

Мэргэн бууч: Виссам Бен Йеддер (8)

Шилдэг дамжуулагч: Жоакуйн Корри (3)