Category: Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын дэлхийн чансааг танилцууллаа. Дэлхийн чансааг Герман тэргүүлж, тэдний араас Бразил, Португал удаалж байна. Мөн эхний тавд Аргентин, Бельги орсон юм.

Харин польшууд 15 оноо нэмж авснаар нэг шат ахиж, Испанитай адил 1228 оноотой болж, зургадугаар байрт зургадугаар байрт цугтаа оржээ.

Энэ чансаанд нийт 34 тоглолтын үр дүн бодогдсон бөгөөд Ливи, Нигерийн шигшээ баг нийт зургаан тоглолт хийсэн бол чансаагаар хамгийн олон оноо авсан баг нь Исландын шигшээ баг болов. Тэд нийт 58 оноо авчээ.

Харин Монголын шигшээ багийн чансаа 189-т хэвээрээ байна.

Мессигийн 100 дахь гоол

Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан “Барселона”, “Челси” клубийн тоглолт Леонел Мессигийн үдэшлэг болов. Тоглолтын дөнгөж гурав дахь минутад аргентин эр гоолдож, багаа салхинд гаргасан бол  үүнээс 17 минутын дараа Осман Дембеле тооны харьцааг холдуулсан. Улмаар 63 дахь минутад Месси 100 дахь гоолоо оруулсан хоёр дахь тоглогч болов. Түүнчлэн “Барселона” клуб 11 жил дараалан Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч үлдлээ.

Л.Месси Аваргуудын лигт анхны гоолоо 2005 онд Грекийн “Панатинайкос” багийн эсрэг оруулсан бол 50 дахь гоолоо 2012 онд Италийн “Милан” багийн эсрэг шигтгэж байв.



Түүнээс өмнө ийм амжилтад хүрсэн тоглогч Криштиану Роналдугаас өөр үгүй. Испанийн “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн довтлогч Роналду 144 тоглолтод 100 дахь гоолоо оруулсан бол Месси 123 тоглолтод амжуулжээ.

Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч: 

117: Криштиану Роналду (Португал, Реал Мадрид)

100: Леонел Месси (Аргентин, Барселона)

71: Рауль Гонзалес (Испани, Реал Мадрид, Шальке)

56: Руд Ван Нистелрой (Нидерланд, ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед, Реал Мадрид)

53: Карим Бензема (Франц, Лион, Реал Мадрид)

50: Тери Анри (Франц, Монако, Арсенал, Барселона)

 

 

Харри Кэйн, Гильфи Сигурдссон нар ДАШТ-д оролцох боломжтой

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн “Борнмут” багийн эсрэг тоглолтод шагайндаа гэмтсэн билээ. Эмчийн үзлэгээр орсны дараа англи довтлогчийг ирэх дөрөвдүгээр сар хүртэл дөрвөн долоо хоног талбайд гарахыг хориглосон байна. Түүний шагай хэт хавдсан байсан тул өнгөрсөн даваа гаригт шинжилгээнд оруулж чадаагүй. Тэгвэл шинжилгээний хариу нь өнгөрсөн онд “Милуолл” клубийн эсрэг тоглохдоо авсан бэртэлтэй нь ижил болохыг тогтоожээ. Х.Кэйн өнгөрсөн гуравдугаар сард гэмтээд гурван тоглолт өнжиж, 26 хоног талбайд гараагүй юм. Түүнчлэн 2016 оны арваннэгдүгээр сард дээрхтэй төстэй гэмтлийн улмаас зургаан долоо хоног эмчийн хяналтанд байсан билээ.

Харин одоо Х.Кэйн энэ бямба гаригт болох холбооны цомын шөвгийн наймд учраа таарсан “Соунси Сити” болон лигтээ эхний дөрөвт багтаж үлдэхийн төлөөх шийдвэрлэх тулаан болох “Челси”-тэй хийх тоглолтыг өнжих нь. Түүнчлэн лигийн хүрээнд “Сток Сити”, “Манчестер Сити”, “Бритон” багийн эсрэг тоглолтыг өнжиж магадгүй болов.

Энэ жил 24 настай довтлогч Английн шигшээ багийн хамтаар Нидерланд болон Италитай хийх нөхөрсөг тоглолтыг ч үзэгчдийн суудлаас үзэх гэнэ. Ямартай ч хамгийн багадаа тавдугаар сар хүртэл тоглохгүй, цаашлаад ДАШТ-ийг өнжих магадлалтай гэж таамаглаж байсан ч англи эр хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох боломж нь хэвээр үлдэв.

Английн “Эвертон” клубийн хагас хамгаалагч Гильфи Сигурдссон “Бритон”-ы эсрэг бүтэн 90 минут тоглосон ч тоглолтын дараа өвдгөндөө хүнд гэмтэл авсан гэж зарласан. Исландын шигшээ багийг түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоход үнэтэй хувь нэмрээ оруулсан хагас хамгаалагч эрийн бэртэл клуб болон шигшээ багийнхны хувьд шүдний өвчин болж байв. Азаар Сигурдссон 6-8 долоо хоног л амралт авах шаардлагатай гэнэ. Ингэснээр Сигурдссон эх орноо төлөөлөн Орос явах боломж нь нээлттэй хэвээр үлджээ.

Жэйми Каррагер улирал дуустал “Скай”-д ажиллахгүй

Сүүлийн үед 14 настай охин руу нулимсан хэрэгт орооцолдож, хэвлэлийн баатар болоод буй нэрт хөлбөмбөгчин Жэйми Каррагер энэ улирал дуустал “Sky” телевизид ажиллахгүй болжээ. Хийсэн хэргийнхээ балгаар Данийн телевиз дэх ажлаа хүлээлгэн өгсөн Каррагер бяцхан охиныг доромжилсондоо уучлалт гуйсан ч тусыг олоогүй юм. Хэрэг намжих хүртэл “Sky” телевизийн удирдлагууд түүнийг ажлуулахаа түр түдгэлзүүлсэн. Гэхдээ ирэх улиралд ажилдаа буцаж орох талаар ярилцсан гэнэ.

Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж дууссан бөгөөд хэрэлдсэн хоёр жолоочид торгууль оногдуулах гэж буй бололтой.

Сонирхуулахад, Английн хэвлэлийнхэн Жэйми Каррагертай муудалцсан хүн хэн байсныг тодруулжээ. Үр дүнд нь 42 настай Хойд Уэйлсээс гаралтай Энди Хьюз гэгч болохыг тогтоосон байна. Улаан чөтгөрүүдийн фанат эрийг хэдийнэ хулигаанууд дарамталж, ална гэж сүрдүүлсэн гэнэ. Үүнийг сонссон хөлбөмбөгчин эр ч өөрийн цахим хуудсаар дамжуулан болсон үйл явдлыг хэтрүүлэх хэрэггүйг сануулаад түүний гэр бүлийг тайван орхихыг хүсчээ.

 

“Севилья” 60 жилийн дараа түүхэн амжилтаа давтав

Английн дээд лигт одоогоор хоёрдугаарт байрт жагсаж буй “Манчестер Юнайтед” Аваргуудын лигийн шөвгийн 16-д Испанийн “Севилья” клубтэй хариу тоглолтоо хийлээ. Сүүлийн тулааныг гэртээ хийсэн Улаан чөтгөрүүдийг ялах магадлал өндөр гэж таамаглаж байсан олны бодол эсрэгээрээ өрнөж, 72 дахь минутад Луис Мурьелийн оронд талбайд гарч ирсэн франц довтлогч Виссам Бен Йеддерийн хос гоол Испанийн клубт ялалт авчирлаа.

Бельги довтлогч Ромелу Лукаку 84 дэх минутад эсрэг багийн хаалгыг мялаасан ч тооны харьцааг үлдсэн хугацаанд дахин хоёр гоол оруулах хатуухан даалгавартай үлдсэн “Манчестер Юнайтед” хүслээ гүйцээж чадсангүй.

Ийнхүү алдарт португал дасгалжуулагч Жозе Моуринью Аваргуудын лигт 12 улирал тоглохдоо дөрөв дэх удаагаа шөвгийн 16-аас мултарч байна.

Тэгвэл тоглолтын баатар болсон франц довтлогч Виссам Бен Йеддер Аваргуудын лигийн долоон тоглолтод найман гоол оруулсан үзүүлэлттэй болжээ. Түүний ачаар баг нь 1957-1958 оны улирлаас хойш анх удаа шөвгийн наймд тунаж үлдлээ.

Англид Улаан чөтгөрүүд хасагдаж байхад Италид “Рома” клуб учраа таарсан Украины “Шахтёр Донецк” клубийг 1:0-ээр буулган авлаа. Ингэснээр нийлбэр дүнд 2:2-оор тэнцэж, айлын талбайд оруулсан гоолынхоо ачаар ромачууд дараагийн шатанд шалгарав. Тоглолтын цор ганц гоолыг 52 дахь минутад Эдин Жеко оруулсан юм. Улмаар 79 дахь минутад Иван Ордец улаан хуудас авснаар хүн дутуу “Шахтёр” нутагтаа 2:1-ээр ялсан амжилтаа бататгаж чадсангүй. Ромачууд сүүлийн 10 жилд анх удаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа.

Иван Саввидигийн “орк” зан Грекийн лигт гай дуудав

Өнгөрсөн ням гаригт Грекийн супер лигийн нэгэн тоглолтын үеэр “ПАОК Салоника” багийн эзэн Иван Саввиди талбай дээр буутай “зочилж”, шүүгчид халдахыг завдсан хэрэг мандсан билээ. Тэрбээр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, бухимдахдаа ийн аашилсан юм.

Энэ явдлаас болж, аюулгүй байдлын үүднээс эсрэг багийн тоглогчид талбайг орхисон бөгөөд эргэж гарч ирээгүй. Улмаар тоглолтыг хоёр цагийн дараа албан ёсоор цуцалснаа зарласан юм. Орон нутгийн цагдаагийнхан олон нийтийн газар танхайрсан хэргээр ноён Саввидигийг саатуулжээ.

Тус улсын спортын сайд Жиоржос Василиадис даваа гаригт ерөнхий сайд Алексис Ципрастай энэ асуудлаар ярилцаж, эцэст нь лигийн бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. Жиоржос лигийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээс нааш дахин тоглолт болохгүй гэж ярьжээ.

Иван Саввиди гэж хэн бэ?

Саввиди бол Грекийн толгой баячуудын нэг. Грекийн Жоржиод төрсөн бөгөөд Оросын парламентийн гишүүн байсан эрхэм. Нэгдсэн Орос намын гишүүн бөгөөд Оросын төрийн тэргүүн Владимир Путины ойрын хүн гэгддэг. ЗХУ-ын армид алба хааж, Ростовын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн бизнесмэн юм. Тамхины сүлжээ дэлгүүрээр бизнесийн гараагаа эхэлж, өдгөө Оросын тамхины хамгийн том үйлдвэрлэгч компанийн эзэн болжээ. Орос дахь бизнесээ Грект үргэлжлүүлж, 2013 онд Грекийн тамх үйлдвэрлэгч “SEKAP” компанийн 82 хувийг худалдаж авсан юм.

Саввиди хөлбөмбөгт элэгтэй нэгэн. 2002 оноос “Ростов ФС” клубийн ерөнхийлөгчөөр сонгогдож, гурван жилийн дараа “СКА” клубийн эзэн болсон билээ. 2012 оноос Грекийн “ПАОК” клубийн эзэн болжээ.

Жэйми Каррагер ажлаасаа халагджээ

Английн шигшээ болон “Ливерпуль” клубт зүтгэж явсан Жэйми Каррагер өнгөрсөн бямба гаригт “Манчестер Юнайтед”, “Ливерпуль”-ийн тоглолтыг дуусгаад харьж явах замдаа “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигчтэй муудалцаж, нулимаж байгаа бичлэг олон нийтэд хүрсэн билээ. Түүний энэ үйлдлийн хохирогч нь 14 настай охин байв.

Ж.Каррагер гаргасан үйлдэлдээ харамсаж байгаагаа мэдэгдэж, хэвлэлээр охиноос уучлалт гуйсан ч хожимдсон бололтой. Хөлбөмбөгөө орхисноос хойш Английн “Sky” теле сувагт ажиллах болсон түүнийг албан ёсоор ажлаас нь халж байгаагаа телевизийн удирдлагууд мэдэгджээ.

Тэрбээр Английн “Sky” сувгаас гадна Данийн “TV3 Sport” сувагт ажиллах санал хүлээж аваад удаагүй байв. Аваргуудын лигт учраа таарсан “Манчестер Юнайтед”, “Севилья” багийн тоймыг хийх даалгавар авсан ч энэ ажлаа бас хүлээлгэж өгөхөөр болжээ.

 

Седрик Бакамбу Африкийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин

Бүгд найрамдах ардчилсан Конго улсын хөлбөмбөгчин Седрик Бакамбу БНХАУ-ын “Бээжин Гуоан” багт очлоо. Түүний төлөө хятадын клуб 90 сая орчим “ногоон” зарцуулсан нь хар тивийн хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болсон юм.

Хятадын супер лигийн баг өнөө жил 26 настай Бакамбугийн төлөө хэр их хэмжээний мөнгө гаргасан нь одоогоор баттай тодорхой болоогүй ч багадаа 90 сая ам.доллар хүрсэн гэж үзэж буй. Тэд дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.

Ингэснээр өнгөрсөн сард Английн “Арсенал” клуб габон довтлогч Пьер-Эмерик Обамеянгийн төлөө 77 сая ам.доллар зарцуулсан дээд амжилтыг эвджээ.

С.Бакамбу Испанийн “Вильярреал” багт зүтгэж байв. Тэрбээр Испанийн Ла лигт 2015 оноос хүчин зүтгэж эхэлсэн бөгөөд тус лигийн сарын шилдэг тоглогчоор тодорсон цор ганц африк тоглогч билээ.

Тэрбээр Францад төрсөн. Францын өсвөрийн шигшээд тоглож байсан бөгөөд 18 хүртэлх насны тивийн аваргад түрүүлж, 20 хүртэлх насны ДАШТ-д дөрөвдүгээр байрт орсон билээ. Харин 2015 оноос Конгогийн шигшээд орж, долоон гоол оруулсан билээ.

Неймар гурван сар тоглохгүй

Францын “Парис Сэйнт Жэйрман” клубийн бразил довтлогч Неймар хөлний хурууны яс болон шагайны гэмтлийн улмаас нутагтаа хагалгаанд орсон юм. Үүний дараа Бразилын шигшээ багийн эмч Родриго Ласмар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд 26 настай Неймар дор хаяж гурван сар талбайд гарахгүй нь тодорхой болжээ.

Тэрбээр бразил довтлогчийг ирэх зургадугаар сард нээлтээ хийх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох боломжтой гэж үзсэн байна.

Гэхдээ өнгөрсөн зун 200 сая еврогоор Францын багт очсон Неймар энэ улирлыг өнжих болжээ.

Түүнийг гэмтэл авсны дараа “ПСЖ”-гийн дасгалжуулагч Унай Эмери ирэх долоо хоногт “Реал Мадрид”-тай хийх аваргуудын лигийн тоглолтод оролцох багахан боломж бий гэж үзэж байсан ч Нэймарын аав нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө 6-8 долоо хоног жагсаалаас гарсан гэж ярьсан юм.

Харин доктор Ласмар нутгийнхаа “O Globo” сонинд өгсөн ярилцлагадаа “Түүний хагалгаа өнгөрсөн бямба гаригт Бело Хоризонтед болсон. Ойролцоогоор 2.5-3 сарын дараа эдгэрэх боломжтой” гэсэн юм.

 

Европа лиг: “Арсенал”-“АС Милан” шөвгийн 16-д учраа таарав

Чансаагаараа тивдээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн шөвгийн 16-гийн сугалаа гарчээ. Хамгийн сонирхолтой тулаан бол Италийн “АС Милан”, Английн “Арсенал”-ын хооронд болно.

Тус хоёр баг өмнө нь зургаан удаа таарч, тус бүр хоёр хожиж, хоёр тэнцэж бас хоёр хожигдсон үзүүлэлттэй. Анх 1994 оны Европын Супер цомд учраа таарч, эхний тоглолт гоолгүй тэнцсэн бол хариу тоглолтод хорват хагас хамгаалагч Звонимир Бобан, итали довтлогч Даньел Массаро нарын ачаар “Милан” түрүүлж байв.

Үүнээс хойш Европын дэвжээнд таарахгүй байсаар 2008 оны аваргуудын лигийн шөвгийн 16-д сугалаа таарч, энэ удаа Английн баг хариугаа авсан юм. Эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж, сүүлийн тулаанд Цеск Фабрегас, Эммануэль Адебайор нар гоолдсон.

Харин хамгийн сүүлд 2012 онд мөн л шөвгийн 16-д таарч, эхний тоглолтод италичууд 4:0, хариу тулаанд Лондоны баг 3:0-ээр илүүрхэж, нийлбэр дүнгээр “АС Милан” дараагийн шатанд шалгарсан юм.

Европа лигийн шөвгийн 16-гийн сугалаа:

Лацио (Итали) – Динамо Кьев (Украин)

Лейпциг (Герман) – Зенит (ОХУ)

Атлетико Мадрид (Испани) – Локомотив Москва (ОХУ)

ЦСКА (ОХУ) – Лион (Франц)

Марсель (Франц) – Атлетико Билбао (Испани)

Спортинг Лисбон (Португал) – Виктория Пльзень (Чех)

Борусси Дортмунд (Герман) – Ред Булл Салцбург (Герман)

АС Милан (Итали) – Арсенал (Англи)

Пэп Гуардиола шийтгүүлнэ

Английн “Манчестер Сити” клубийн дасгалжуулагч Пэп Гуардиолад Английн хөлбөмбөгийн холбоо шийтгэл оногдуулахаар болжээ. Учир нь каталан гаралтай испани дасгалжуулагч улс төрийн үзэл гаргах болсон тул ингэхээс өөр арга үлдээгүй бололтой.

Английн хөлбөмбөгийн холбооноос тус холбооны дотоод дүрмийн дагуу аливаа улс төрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байх журмыг Пэп Гуардиола удаа дараа зөрчиж байгааг анхааруулав. Нэрт дасгалжуулагч өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш энгэртээ шар тууз зүүх болсон. Энэ нь Каталан мужийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж байгаа Хорсе Санчес болон Хорсе Куйксарт нарыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Английн хөлбөмбөгийн холбооноос ийм эсэргүүцлээ зогсоохыг уриалж, хоёр ч удаа сануулга илгээсэн ч үл тоосон тул арга буюу шийтгэл оногдуулахаар болсон гэнэ. Цагтаа Испанийн шигшээ болон “Барселона” клубт зүтгэж явсан каталан эр Хорсе Санчес болон Хорсе Куйксарт нарыг шоронгоос суллах хүртэл нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

“Евро 2016” тэмцээний үеэр Английн хөгжөөн дэмжигчийг зодсон орос эрийг саатуулав

“Евро 2016” хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Английн хөгжөөн дэмжигчид Францын Марсель хотод бужигнаан үүсгэж, нэг нь саатуулагдсан бол нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн юм. Хохирсон англи эрийг Андрю Бач гэдэг бөгөөд 51 настай, Английн Портсмут хотод төрсөн гэнэ. Энэ эр зодооны үеэр тархиндаа хүнд гэмтэл авч, комд орсон төдийгүй одоог хүртэл бие нь сайжраагүй гэнэ.

Тэгвэл хохирогчийг модон сандалаар цохисон гэх орос эрийг Германы цагдаагийн байгууллага саатуулж, Францын талд хүлээлгэж өгөхөөр болжээ. Нэрийг нь нууцалсан сэжигтэн 31 настай гэхээс өөр тоймтой мэдээлэл олдсонгүй. Ямартай ч “Спартак Москва” болон “Атлетик Билбао”-гийн тоглолтыг үзэхээр Германы нисэх онгоцны буудлаас Испани руу явах гэж байхад нь хууль сахиулагчид саатуулжээ. Хэрвээ орос эрийг буруутай гэж үзвэл Францын шоронд 15 жил хоригдоно гэж шинжээчид үзэж буй.

Францад болсон дээрх үймээний үеэр англи болон оросын 20 гаруй хүнийг танхайрсан хэргээр шийтгэсэн билээ.