Category: World Cup News

Хорватын хөлбөмбөгийн холбоо үерийн усанд автсан Тайланд хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ

Хорватын хөлбөмбөгийн холбоо (HNS) ширүүн борооны улмаас агуйд үерийн усанд хоёр долоо хоног гацсан тай хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ. Нийт 11-16 насны 12 хөлбөмбөгчин хөвгүүд туслах дасгалжуулагчийн хамтаар бэлтгэлээ тараад буцаж явахдаа агуйд төөрсөн юм. Ширүүн борооны улирал эхэлсэн тул хөвгүүдийн явах зам усанд автсан байжээ. Ийм үед зөвхөн туршлагатай шумбагчид л аюулгүй гарах боломжтой тул аврагчид ус багасахыг хүлээхээс өөр арга байгаагүй. Ингээд л 13 хүн хоёр долоо хоногийн турш агуйд хонохоос өөр сонголтгүй үлдсэн билээ.

Тэгвэл Хорватын хөлбөмбөгийн холбооноос ДАШТ-ий финалд өмссөн өмсгөлөө бэлэг болгож явуулж байгаагаа мэдэгджээ.

Хөвгүүд өнгөрсөн зургадугаар сарын 23-нд алга болсон. Аврагчид тэдний байршилыг долдугаар сарын 2-нд олсон юм. Тэднийг аврах ажиллагааг явуулах үеэр 38 настай тэнгисийн цэрэг Саман Кунан амиа алдсан юм.

 

Криштиану Роналдугийн Турин дахь амьдрал эхэллээ

Португалын шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду албан ёсоор Италийн “Ювентус”-т очлоо. Турин хотод түүний нэрээр нэрлэгдсэн зайрмаг, пицца гарч, өмсгөл нь спортын барааны дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй бараа болон хувирч байгаа өнөө үед португал эр пап ламаас ч илүү нэр хүндтэй болов.

“Ювентус” клуб “Реал Мадрид”-аас 33 настай довтлогчийг 100 сая еврогоор худалдаж авсан нь Италийн дээд лиг болох Сери А-гийн рекорд үнэ юм. Италийн лигт хамгийн үнэтэй шилжилт хөдөлгөөнийг Поль Погба хийсэн удаатай. Тэрбээр “Ювентус”-аас “Манчестер Юнайтед” 89 сая еврогоор очиж байлаа. Харин К.Роналду Италийн аваргуудтай дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.

Ингээд К.Роналдугийн шилжилтийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.


Цалин

Түүний жилийн цалин 30 сая евро. Дөрвөн жилийн хугацаанд Италийн клубээс 120 сая еврог “халаасална”. Сарын цалин нь ойролцоогоор 2.5 сая евро. Долоо хоногт 625 мянган евро гээд бод доо.

Tradingeconomics.com цахим хуудсанд 2016 оны гаргасан дүгнэлтээр италичуудын сарын дундаж цалин 2426.2 еврод хүрч байв. Харин энэ цалинг К.Роналду ердөө л 42 минутад олж буй гэсэн үг аж.

Гэхдээ К.Роналду дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчин биш. Түүний урд Испанийн “Барселона”-гаас 40 сая евро авдаг Л.Месси, Францын “ПСЖ”-гээс 36 саяыг авдаг Нэймар нар бичигдэнэ.

Турин хот түүнийг угтаж авав

Турин хотын зүрхэнд 30 гаруй жил оршиж буй “Gelateria Miretti” амттаны дэлгүүрийн эзэн Леонардо Ла Порта К.Роналдуд зориулсан амттан гаргажээ. Шинэ бүтээгдэхүүнээ тэр CR7 хэмээн нэрлэсэн аж. Өдгөө 50 настай Леонардо “Ювентус”-ын хөгжөөн дэмжигч бус, хөлбөмбөгийг ч нэг их үздэггүй хүн. Гэхдээ хотод нь тохиолдсон онцгой үйл явдалд зориулан амттан гаргадаг гэдгээрээ алдартай. Гэхдээ хувь хүнд зориулж зайрмаг хийсэн явдал ганц л удаа болжээ. Ромын Пап ламтанг 2015 онд Ювентуст хөл тавихад шинэ бүтээгдэхүүнээ түүний нэрээр нэрлэсэн түүхтэй.

“Ювентус”-ын улирлын тасалбар эзэмшигч ах дүүс болох 31 настай Филиппо, 26-тай Томмасо Кроцасо нар “Tommy Tegamino” хэмээх пиццаны сүлжээ рестораныг ажлуулдаг. Тэд португал эрд зориулан “Pizza CR7”-г гаргажээ. К.Роналдугийн “7” дугаарыг бэлгэдлээ болгосон тус пиццаг мөн л 7 еврогоор худалдаж авах боломжтой.

К.Роналдугийн өмсгөлийн борлуулалт ч сайн байгаа. Зөвхөн Туринд гэлтгүй Милан дахь “Ювентус”-ын албан ёсны дэлгүүрт нэг минут тутамд л К.Роналдугийн өмсгөл зарагдаж буй. Дэлгүүрүүдээр Роналдугийн нэрийг хэвлэх үсэгнүүд дуусч, өдөртөө амжихгүй болсон тул өмсгөл авч чадаагүй фанатууд ч олон бий. Түүний өмсгөл худалдаанд гарсан эхний өдөр гэхэд 520 мянган өмсгөл зарагдсан билээ. Тэд нэг өмсгөлийг ойролцоогоор 123 “ногоон”-оор зардаг гэж үзвэл ойролцоогоор 63 саяын ашиг олсон гэсэн үг. Түүнчлэн “Ювентус” түүнийг эгнээндээ нэгтгэх болсноо зарласнаас хойш инстаграм хуудсанд 1.4 сая, твиттерт 1.1 сая, фэйсбук хуудсанд нь 500 мянган хүмүүс нэгдэж орсон гэнэ.

Шинэ гэр

Италийн хэвлэлд дурдсанаар К.Роналду өмнө нь Зинедин Зидан, Фабио Каннаваро нарын амьдарч байсан эдлэн газрыг түрээсэлжээ. Турин хотын зүүн хэсэгт оршдог энэхүү гурван давхар байгууламж найман унтлагын өрөөтэй гэнэ. Хэрвээ нэрт тоглогчид ямар нэг хямдрал үзүүлээгүй бол нэг өдрийн түрээсийн төлбөр нь 40 мянган евро бололтой.

Дэвид Де Хеа Испанийн ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардав

Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн шигшээ багийн нэгдүгээр хаалгач Дэвид Де Хеа улсынхаа шинэ ерөнхий сайд Педро Санчесыг олон нийтийн хэвлэлээр өөрөөс нь уучлалт гуйхыг шаарджээ. П.Санчес хоёр жилийн өмнө нэрт хаалгачийг хүчингийн хэрэгт холбогдоход буруутгасан утгатай ярилцлага хэвлэлд өгч байсан удаатай.

Тэгвэл Дэвид энэ талаар нутгийнхаа сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр үед хэвлэлийн хурал зарлаж, энэ бүхэн худал, намайг гүтгэсэн гэдгийг зарласан ч хүмүүс миний талаар муугаар ярилцаж байлаа. Гэвч эцэст нь үнэн ялсан” гэж ярьжээ.

Педро Санчес ДАШТ-д бэлтгэж буй шигшээ багийн бэлтгэлд өнгөрсөн долоо хоногт зочилсон бөгөөд энэ үеэр хаалгач Дэвид Де Хеатай уулзаж, түүнээс уучлалт гуйсан аж. Гэхдээ түүнд энэ бүхэн хангалтгүй байгаа бөгөөд ерөнхий сайдыг олон нийтийн өмнө түүнээс уучлалт гуйхыг харах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.