Аргентинийн прокурорын байгууллагаас нэрт хөлбөмбөгчин Диего Марадонаг эмчилж байсан эмчийг буруутай эсэхийг шалгахаар болжээ.
Нэрт хөлбөмбөгчин асан Диего Марадона нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө тархиндаа мэс засал хийлгэсэн билээ. Тэгвэл Аргентинийн хууль сахиулагчид нэрт хөлбөмбөгчний хувийн эмч Леополдо Лукег хагалгааны дараах эмчилгээнд хайнга хандсан эсэх тал дээр шалгалт хийж байгаа аж.
Буэнос Айрес хотын цагдаагийн байгууллагаас Л.Лукегийн гэр, хувийн эмнэлэг зэрэгт нь нэгжлэг хийсэн байна.
Энэ нэгжлэгийг Д.Марадонагийн охидынх нь хүсэлтээр хийсэн юм. Нэрт хөлбөмбөгчний ар гэрийн зүгээс эцгийнхээ эмчилгээний талаарх тодорхой мэдээлэл авах хүсэлт тавьжээ. Үүгээр ч зогсохгүй хөлбөмбөгчний өмгөөлөгч Матиас Морла ч үйчлүүлэгчийнхээ нас барсанд эмч буруутай эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардсан билээ.
М.Морлагийн хэвлэлийнхэнд ярьснаар бол түргэний дуудлага өгөөд ойролцоогоор 30 минутын дараа талийгаачийн гэрт очсон гэнэ. Гэхдээ эмнэлгийн зүгээс энэ мэдэгдлийг няцаасан юм.
Д.Марадонад хагалгаа хийсэн доктор Л.Луке ч хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдөр Буэнос Айрес хотод эмчийн гэрт 30 гаруй цагдаа нар нэгжлэг хийсэн. Мөн төдий тооны цагдаа нар хувийн эмнэлгийг нь шалгажээ.
Одоогоор эмчийг гэм буруутай гэж үзэн, ямар нэгэн ял тулгаагүй. Зөвхөн хувийн эмч нь байсан тул эмчлэх явцад ямар нэг зөрчил гарсан эсэхийг л албаныхан шалгаж байгаа юм.