Неймар “Месситэй ахиж хамт тогломоор байна”

Урьд шөнө Манчестер Юнайтедтэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтын дараа Неймар ийнхүү хэллээ. Бразил эрийн хоёр гоолын ачаар ПСЖ өрсөлдөгчөө 1:3-ээр талбайд нь буулган авсан юм. Үлдсэн нэг гоолыг нь Маркиньос оруулсан.

“Би Месситэй ахин хамт тоглохыг хүсэж байна. Үүнээс өөр хүсэх зүйл надад алга. Түүнтэй хамт тоглосон минут бүр маань надад сайхан байсан. Ирэх жил бид эргээд нэгдэнэ гэж найдаж байна” хэмээн 28 настай довтлогч ESPN-д ярьсан.

https://twitter.com/SiqueRodriguez/status/1334278717544259591

Томас Тухель дасгалжуулагчтай ПСЖ дээрх ялалтыг авснаар H хэсгээ 9 оноотой Юнайтедийн хамт тэргүүлж байна. Гэхдээ Лейпциг бас адил 9 оноотой учир сүүлийн тойргоос хэн нь энэ хэсгээс гарах нь шийдэгдэнэ.

Харин лигтээ бол тэд ойрын өрсөлдөгчдөөсөө хоёр онооны илүүтэй хүснэгт тэргүүлж байгаа. Неймар 2013 онд сүр дуулиантайгаар Барселонд ирж Месси, Суаресын хамтаар алдарт “MSN” довтолгооны гурвалыг бүрдүүлсэн юм.

Улмаар дөрвөн жилийн дараа ахин сенсаац дэгдээн дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болон ПСЖ рүү шилжсэн билээ. Парист тэр лигийн түрүүг хангалттай олон удаа хүртсэн ч Аваргуудын лигт түрүүлэх хүсэл нь биелж амжаагүй байна. Энэ жил ПСЖ түрүүлэхэд ойрхон ирсэн ч Байерн Мюнхенд хожигдсон.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *