К.Роналдо рекорд тогтоож, Францчууд герман машиныг буулгаж авлаа

Унгар 0:3 Португал

Кристиано Роналдо тэргүүтэй европын бразилчууд гэгдэх Португалын шигшээ багийн аваргаа хамгаалах тэмцэл Унгарын шигшээгээр эхэллээ. Өмнөх тэмцээнээс ялгаатай нь энэ удаад байрлал бүр дээр дэлхийн шилдэгт тооцогдохуйц залуус эх орноо төлөөлөхөөр болжээ.

Шүгэл дуугарлаа. Тоглолтын эхнээс португалчууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч аюул тарьж чадахгүй л байв. Эсрэгээрээ Унгарын хамгаалалт ч үнэхээр сайн ажиллаж байлаа. Гэхдээ тэд хүссэн үр дүнгээ авах боломжоо үндсэн цаг  дуусахаас зургаан минутын өмнө алдсан юм. Германы “Боруссиа Дортмунд” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Рафаэль Геррейро тун санамсаргүй байдлаас гоолдож орхив. Ийнхүү тэргүүллийг гартаа авсан ч португалчуудын сэтгэл ханасангүй. ЕАШТ-ий хамгийн олон гоол оруулсан амжилтын эзэн Кристиано Роналдо энэ үдэш ганзага хоосонгүй байж хоёр гоолыг хаалганд шигтгэсэн юм. Ийнхүү тэрбээр тус тэмцээнд 11 гоолтой боллоо. Гэхдээ түүний дээд амжилтууд үүгээр дууссангүй. Португал эр таван еврод оролцсон,мөн  гоолдсон анхны тоглогч болжээ.

Тэрбээр тоглолтын талаар “Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл бол ялалт байгуулах байдаг. Хэцүүхэн тоглолт боллоо. Учир нь унгарчууд маш сайн хамгааллаа. Гэхдээ бид гурван гоол оруулж чадсан. Мөн намайг хоёр гоол оруулахад тусалсан багийхандаа маш их баярлаж байна.”

https://www.youtube.com/watch?v=0dQMNYcwq6I
Тоглолтын тойм

Франц 1:0 Герман

Өдрийн гэлтгүй энэ тэмцээний хамгийн онцлох тоглолт өнгөрөгч шөнө явагдлаа. Учир нь сүүлийн хоёр дэлхийн аваргууд “Аллианз Арена”-д хоорондоо тулсан юм. Том тоглолтыг жижиг алдаа шийддэг гэлцдэг. Яг л энэ зарчмаар, Германы шигшээ багийн туршлагатай хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 20 дахь минутад өөрийн хаалганд гоолдлоо. Ийнхүү герман машинууд тэнцээний гоолыг хайсаар байсан ч Францын хамгаалалт өөгүй байж чадлаа. 

Тоглолтын шилдгээр франц залуу Пол Погба нэрлэгджээ. Түүний талаар домогт тоглогч Роберт Пирес “Погба өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Бид түүнийг ямар техниктэй тоглогч вэ гэдгийг мэднэ. Үүнээс гадна тэр бие бялдрын хувьд ч ямар ч асуудалгүй байж чадлаа. Тоглолтын шилдгээр тодорсонд нь маргаад байх зүйл алга” гэжээ.

Германы шигшээг сүүлийн тэмцээндээ удирдаж буй Йоахим Лёв: “Ширүүн өрсөлдөөн байлаа. Залуус маань эцсээ хүртэл тэмцлээ. Би багаа илүү хичээх ёстой байсан гэж буруутгаж чадахгүй ээ. Тэд талбай дээр бүх зүйлээл зориуллаа.”

Тоглолтын тойм

Хоёр багтай холбоотой:

  • Дидье Дешамын залуус 19 тоглолт дарааллан ялагдсангүй. /16 хожил 3 тэнцээ/
  • Францчууд Германтай хийсэн сүүлийн зургаан тоглолтондоо хожигдоогүй.
  • Герман машин анх удаагаа Еврогийн нээлтэд хожигдлоо. Гэхдээ тэд энэ тэмцээний түүхэнд 50 тоглолт хийсэн анхны улс болжээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *